М.Сувд: Бэлчээр хашихгүй, харин даацад тохируулан менежментийг сайжруулж, хариуцлагажуулна

Aдмин / Улстөр

Газрын тухай хуульд бэлчээрийн асуудлыг зохицуулахаар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр Байнгын хороонд танилцуулж, дараагийн хэлэлцүүлэгт дэмжив. Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн ОТИС-ийн ХЗС-ийн багш, хуульч, доктор М.Сувдтай ярилцлаа.

-Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дараагийн хэлэлцүүлэгт орохоор боллоо. Энэ хуульд бэлчээрийн бүлэг заалт тусгах үндсэн шаардлага нь юу байв?

-Өнөөдөр манай улсад бэлчээртэй холбоотой асуудлын эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх нь анхаарал татаж байна. Энэ асуудлын гол концепц нь Газрын тухай хуульд бэлчээрийн талаарх зохицуулалт, хуульчилсан хэм хэмжээг тогтоох. Хууль зүйн шинжлэх ухаанд бэлчээрийн харилцааг бие даасан хуулиар зохицуулах үзэл баримтлал, олон улсын практик бий. Гэсэн хэдий ч энэ нь манай улсын өнөөгийн нөхцөл байдалд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бэлчээрийн асуудлыг зохицуулах үзэл баримтлалын хүрээнд шийдэгдсэн. Энэ хүрээнд газрын тухай хуульд бэлчээрийн асуудлыг хуульчилан зохицуулах нийгэм эдийн засаг, хууль зүйн практикийн шаардлага байна гэж үзэж байна. Энэ үндэслэлийг салбарын судлаач, эрдэмтэд тодорхой зохих судалгаанд үндэслэж, хуулийн төслийн гол үзэл баримтлалыг боловсруулсан.

-Бэлчээрийн зохицуулалтыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ. Отор нүүдлээр явахад өвөлжөө, хаваржааныхаа ойр айл буулгахгүй зэрэг малчдын дунд бэлчээрийн маргаан багагүй гардаг?

-Өнөөдөр манай улсад отортой холбоотой маргаан хурцадмал байдалд хүрсэн. Энэ нөхцөл байдлыг багасгах гол үндэслэл шалтгаан нь өмчлөгчдийн эрх ашгийн асуудал. Бэлчээр нь төрийн, мал нь хувийн өмч. Тиймээс энэ хоёр өөр өмчлөгч этгээдүүдийн эрх ашгийг нэгдмэл байдлаар яаж хангах вэ гэдэг энэ хуулийн төслийн гол агуулга юм. Бусад болон нүүдлийн мал аж ахуйн систем ойролцоо орнуудын практикийг харахад төр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ яаж зохистой ашиглах вэ.

Ашиглагч нь хамгаалагч байна гэсэн концепц дээр үндэслэж бие даасан хуулиар зохицуулж байна. Гэсэн хэдий ч Газрын тухай хуульд ямар нэгэн байдлаар бэлчээрийн асуудал, эрх зүйн хэмжээ тогтоож хуульчилбал, доройтсон байгаа бэлчээр ямар нэг байдлаар сэргэнэ гэсэн судалгаанд үндэслэж байгаа.

Энэ утгаараа бид нар бэлчээрийн харилцааг зайлшгүй хуульчлах практик болон хууль зүйн шаардлага байна гэж үзэж байгаа. Бэлчээрийн зохицуулалтыг хэрхэн бий болгох вэ гэдэг асуудал хамгийн чухал. Энэ төслийн гол концепц нь нэгдүгээрт малчдын зохион байгуулалт субьектын асуудлыг ямар зохион байгуулалтад оруулах вэ. Хоёрдугаарт, обьект буюу бэлчээрийн асуудлыг яаж зохицуулах вэ гэсэн хоёр үндсэн асуудалд тулгуурлаж бэлчээрийн эрх зүйн зохицуулалт орчныг бүрдүүлнэ. Малчдын зохион байгуулалтыг бий болгохын тулд нэг малчин өрх дангаараа бэлчээр ашиглах боломжгүй.

Харин хамтын зохион байгуулалтад орох замаар нүүдэл хийх боломжтой, нутагтаа ойролцоо малчин өрхүүд хамтрах хэрэгтэй. Үүнийг хуулийн төсөлдөө бэлчээр ашиглагчдын бүлэг гэж тусгасан. Энэ бүлгийн зохион байгуулалтаар улирлын бэлчээрийг гэрээгээр ашиглах асуудлыг тусгасан. Гэрээгээр ашиглуулах бэлчээрт улирлын, отрын, эрчимжсэн аж ахуй эрхлэх бэлчээр гэж бий. Харин нийтээр ашиглуулах бэлчээрт дамжин өнгөрөх, байгалийн тогтоц бүхий уст цэг, хужир мараа нийтээр ашиглах үндсэн концепц байгаа.

Мөн обьект буюу газрын зохион байгуулалтыг хийхийн тулд бэлчээрийг тодорхой ангилалд хуваах хэрэгтэй гэж тусгасан. Энэ ангилалд үндсэн менежмент хийе гэсэн үзэл санаагаар тусгаж байгаа. Эдгээр үндэслэл суурь зохицуулалт дээр тулгуурлаад бэлчээр ашиглагчдын эрх үүрэг тодорхой байж, нийтлэг эрх үүргийг нь хуульчлах. Мөн бусад асуудалд гэрээгээр ашиглаж байгаа бол гэрээний хариуцлага хүлээлгэе гэсэн чухал үзэл баримтлал тусгасан байгаа.

Нийтлэг эрх үүргийг хуульчлах нь чухал эрх зүйн үр дагавартай. Гэрээгээр ашиглуулъя гэхээр гэрээний нийтлэг нөхцлийг нь хуульчилъя гэж үзэж байгаа. Үүний эрх зүйн гол үр дагавар хариуцлага тооцох, төр хяналттай зохион байгуулттай, бэлчээрийг ашиглуулах үзэл санаа юм. Энэ үзэл санаа дээр үндэслээд бид хариуцлагын асуудлыг зөрчлийн тухай хуультай холбогдуулж бэлчээр ашиглалтад хориглох зүйл, нийтлэг үүргийг нь хуульчилъя гэж тусгасан. Гуравдугаарт, бүлгийн зохион байгуулалтад орсон бэлчээр ашиглагчдын бүлэг гэрээний хариуцлага хүлээлгэе гэсэн чухал концепцтойгоор төр хариуцлага хүлээлгэх байдлаар хуулийн төсөлд тусгасан.

-Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад отрын асуудлыг яаж зохицуулах вэ?

-Отрын асуудал маш чухал. Ган, зуд байгалийн гамшиг тохиолдсон энэ нөхцөл байдалд нөөцтэй байх ёстой. Монгол Улсад төрийн бодлогын түвшинд отрын асуудлаа тусгах ёстой гэсэн үзэл баримтлал байгаа. Төсөлд тусгахдаа анхны хувилбараар сум аймаг төдийгүй багийн түвшинд отрын бэлчээрийн нөөцтэй байх. Цаг хүндэрсэн үед нөөцөө ашиглаад явах тогтолцоог бий болгох асуудлыг тусгасан. Одоогийн газрын хуульд отрын зохицуулалт бий. Үүнд Засгийн газар аймаг дундын отрын бэлчээрийн зохицуулалт үйлчилж байгаа. Гэсэн ч бодит амьдралд сум, баг, нэгжийн түвшинд нөөцтэй болох орчныг бүрдүүлэх шаардлага бий. Тиймээс үүнийг хуульд зохих судалгаанд үндэслэж тусгасан.

-Газар бэлчээрийн асуудал ярихаар “одоо хаших гэж байна” гээд эсэргүүцэх нь бий. Хуулийн төсөлд бэлчээр хаших талаар заалт байгаа юу?

-Хаших буюу бэлчээрийг хувьчилах гэсэн буруу ойлголт байна. Энэ нь улс төр, шийдвэр гаргах түвшин, иргэдийн түвшинд ч байна. Энэ бол тийм асуудал биш юм. Үүнийг хууль зүйн талаас нь авч үзэхэд гэрээгээр ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдэг нь нүүдлийн, отрын, улирлын ангилалд хувааж байгаа бэлчээрийг хашаалаад хувьчилж байгаа асуудал биш. Үүнийг хууль зүйн агуулгаар дагавар талаас нь зөв ойлгох хэрэгтэй. Хашиж, хамгаалах, бэлчээр хувьчилах гэж байна гэсэн сэтгэхүйгээс гарах гол үндэслэл нь уламжлалт нүүдэлдээ тулгуурласан, бэлчээрийн зохицуулалтыг бий болгох хэрэгтйэ.

Өнөөдөр малчид сүргийн бүтцэд анхаарч, бэлчээрээ зохистой ашиглах хамгаалах асуудалд анхааран нэгдсэн зохион байгуулалтад орж, хамтран ашиглаж буй сайн туршлага байна. Энэ ашиглалтыг хууль зүйн хувьд баталгаатай болгох асуудал юм.

Монголын нүүдлийн аж ахуйн өнөөгийн нөхцөл байдалд тохирсон зохицуулалтыг бий болгох асуудлыг хуулийн төслийн гол үзэл баримтлал гэж хэлж болно. Хашиж болохгүй гэдэгт зөвхөн сум дотор бэлчээрийн газраар нь хязгаарлахгүй. Магадгүй хөрш сум руугаа ороод нутагладаг уламжлалаа хадгалах. Уламжлалтын гол агуулга нь бэлчээрийг өнжөөж, амраан, сэргээдэг хуваарьтай ашиглах боломжийг бүрдүүлдэг. Энэ уламжлалт, хуваарьтай бэлчээрээ ашиглах боломжийг сэргээх эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн хуулийн төсөлд хөндсөн.

Мөн бэлчээрт төр хяналттайгаар хариуцлага хүлээлгэх механизмыг бий болгохоор тусгасан. Зөрчлийн тухай хуульд бэлчээр ашиглалтад хариуцлага хүлээлгэх хэмжээг нь нэмэгдүүлэх шаардлага байна. Бэлчээр ашиглалтын гол зөрчил нь бэлчээрийн харилцааг журмаар зөрчих явдал. Манай улсад аймгийн түвшинд ИТХ-аас журамлан зохицуулахыг нээж өгье гэж байгаа.

Энэ практик зарим аймгуудад хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой бүс нутгийн онцлогт тохирсон зохицуулалт шаардлагатай байна. Тухайн сумандаа бэлчээрийн менежментийн асуудлаа шийдвэрлэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Энэ хуульд хариуцлагын тогтолцоог бий болгох гол үндэслэл нь үүрэгжүүлсэн хэм хэмжээг тогтоож өгч байгаа. Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар бусад улс орны хуулийн зохицуулалтыг судлаад үзэхэд хуулиар төрийн өмчийг ашиглаж байгаа бол үүрэгтэй байх ёстой гэж тусгасан байдаг. Мөн хуулийн төсөлд бэлчээрийн үйл ажиллагаанд хориглох хэм хэмжээг тогтоож байгаа.

Энэ нь зохисгүй ашиглалтыг хориглож буй хэлбэр юм. Жишээлбэл, байгалийн хөрсөнд бэхлэгдсэн үнэт чулууг дур зоргоороо ашиглаж, хилээр гаргаж байна. Уг үйлдэл нь бэлчээрийн доройтолд нөлөөлж байна гэдэг судалгааг эрдэмтэд хэлж байгаа учраас энэ дүгнэлтэд үндэслээд хуулиараа хориглох асуудал яригдсан. Энэ мэтчилэн хуулиараа хориглох нэн тэргүүний асуудал бол хашиж хамгаалахгүй байх. Мөн гэрээгээр хүлээсэн хуулийн хариуцлага байгаа. Бэлчээр ашиглагчдын бүлгийн зохион байгуулалт орсон бол тухайн бүс нутгийн онцлогт үндэслээд гэрээний эрх чөлөөт байх зарчим дээр тулгуурлан хариуцлагыг хүлээдэг механизм бүрдүүлэх зорилготой байна.

-Мэргэжлийн хүний хувьд бэлчээрийн доройтол ямар түвшинд байна гэж харж байна вэ?

-2002 онд батлагдсан Газрын тухай хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 20 гаруй жилийн хугацаанд үйлчилж байгаа энэ хуулийн зохицуулалтад бэлчээрийн харилцааны зохицуулалт үнэндээ асуудлыг шийдэх боломжгүй байдалд хүрсэн.

Энэ асуудал нь Газрын тухай хуулийн 52-р зүйлд зохицуулалт нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, тодорхойгүй гэсэн байдаг. Яагаад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, тодорхойгүй байна гэхээр 52-р зүйлд малчдын хэсэг бүлгээр бэлчээрийг гэрээгээр ашиглуулж болно гэсэн хэм хэмжээ байдаг.

Энэ хэм хэмжээний хэрэгжилт хангалтгүй гэж үзэж байгаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад бэлчээрийн асуудлыг хуульчлах асуудал шийдэлд хүрч чадахгүй явснаас үүдэлтэй өнөөдөр бэлчээрийн доройтол 60 гаруй хувьд хүрсэн. Гэхдээ үүнийг дан ганц хууль байхгүй, зохицуулалт дутмагаас гэж үзэх боломжгүй. Байгаль цаг уур, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа гээд янз бүрийн нөхцөл шалтгаан байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр Монгол Улсад нүүдлийн мал аж ахуйн соёлын гол тулгуур болох төр өмчлөх эрхээ зохистой хэрэгжүүлэх асуудлыг бид хөндөж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад бэлчээрийг уралдаж, өрсөлдөж ашиглах зохицуулалт дураараа нүүж, сорчилж ашиглах эрх зүйн орчин үйлчилж байна. Үүнийг олон улсын практикт нийтийн эмгэнэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, төрийн өмч рүүгээ хувиа хичээж дайрч, нөөцөө сорчилж ашиглах замаар тухайн улс оронд хохирол учруулах явдал. Бэлчээр доройтолд орж байгаа гол шалтгаан нь нийтийн эмгэнэл гэсэн онол дээр яригдаж болохоор байгаа. Энэ нь Монгол Улсад тулгамдсан асуудал мөн.

-Хуулийн төсөлд хэрэв бусад аймагт оторлохоор бол малын хөлийн татвараа тухайн аймагт тушаахаар зохицуулж байгаа гэсэн. Татварын хэмжээ ямар байх вэ?

-Малын тоо толгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар зохицуулах асуудлыг авч үзэж байгаа. Өнөөдөр цаг агаарын эрсдэл зэрэг олон нөхцөл байдлаас үүдэн шилжилт хөдөлгөөнийг хориглох боломж байхгүй. Энэ бүхнийг аль болох уян байдлаар зохицуулах асуудлыг хуулийн төсөлд хөндөж байгаа. Гэхдээ тухайн орон нутагт өөр сумаас шилжиж тухайн бэлчээрийн газраас идээшилж байгаа бол зохих хэмжээний малын тоо толгой албан татварын хуультай уялдуулах замаар төлбөрөө төлдөг. Төлбөрийн систем нь сэлгэн нүүдэлсэн сум дүүргийн төсөвт төлбөр нь орж, түүний зохицуулалтыг бие даасан дагалдах хуулиар зохицуулахаар шинэчилсэн хуулийн төсөлд тусгасан.

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.57] 2023-06-29 15:53:50

Бэлчээрээ мал нь мэдэж байг дээ. Хүнд ашиггүй

Зочин [202.131.225.53] 2023-06-29 15:27:47

1.малын хөлийн татварыг нэмэх 2. малын тоо дэмжсэн урамшуулалаа зогсоох 3. малчид өөрсдөө нийгмийн даатгалаа төлдөг болох 4. малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чанарт анхаарах замаар бэлчээрийн доройтолоос хамгаална,


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.