Г.Батзориг: Ийм үед татвар нэмэх нь авлига, нийгмийн тодорхой бус байдал, суурь асуудлуудыг дэгдээх эрсдэлтэй

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Энэ өвөл эдийн засаг ямар байхаар байна вэ. Шинэ жил, Цагаан сар гээд томоохон баярууд болдог улирал. Тэр утгаараа иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Өдийд улирлын шинжтэй бизнесүүдийн идэвхжил багасдаг үе. Өвөл томоохон баярууд давхцдаг учраас худалдааны салбарт мөнгөний эргэлт бий болдог. Ялангуяа өрхийн хэрэглээ тал дээр шинэ жилээс эхлээд цагаан сар хүртэл их хэмжээний зардлын дарамт үүсдэг. Учир нь иргэд өр зээл тавьж тухайн баяруудыг тэмдэглэдэг. Энэ нь хаврын улиралд санхүүгийн нөхцөл байдалд нь нөлөөлдөг. Иймээс өвлийн эдийн засгийн хувьд өрхийн хэрэглээ талдаа нэлээд зардал ихтэй.

-Бизнесийн салбарт хэрхэн өгөөжтэй байх вэ?

-Дээр хэлсэнчилэн өвөл улиралын чанартай ихэнх бизнес зогсдог. Ялангуяа уул уурхай, барилга, зарим үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсоно. Харин үйлчилгээ, худалдааны салбарууд нийтийг хамарсан тэмдэглэлт баярыг тохиолдуулаад идэвхждэг. Тэгэхээр улирлын онцлогоос хамаараад бизнесүүд ялгаатай.

Яг одоо бол баар, ресторан, дуучид уран бүтээлчдийн жинхэнэ сезоны үе. Наад зах нь оргилуун дарс гэхэд нийт борлуулалтынхаа 60 орчим хувийг шинэ жилээр хийдэг. Ийм онцлогтой бизнесүүдийн орлого өвлийн улиралд өсдөг бол зарим нь хаврыг хүлээсэн байдалтай царцдаг. Ер нь бол Монголын бизнесүүд хөгжихөд том хүндрэл болдог нэг хүчин зүйл бол улирал. Жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Тодорхой мөчлөгүүдэд идэвхждэг болохоор олсон орлогоороо орлого багатай үеэ санхүүжүүлж явдаг. Ийм учраас манай бизнесүүд хөгжихөд хэцүү байдаг.

-Инфляц сүүлийн хоёр сар дарааллан нэг оронтой тоонд хадгалагдлаа. Цаашид ямар байх вэ. Ер нь инфляцийг хурдан буулгая гэвэл төсвийн бодлого яаж нөлөөлөх юм бэ?

-Мэдээж инфляц сүүлийн хоёр сар аажмаар буурч байгаа нь тухайн улирлын чанартай бүтээгдэхүүнтэй холбоотой. Тухайлбал, намрын ногоо хураалттай залгаад идэш уушны цаг эхэлсэн байгаа шүү дээ. Нөгөө талд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, зээлийн хэрэглээ саарсантай холбоотой бас үнийн өсөлт буурч байна гэдэг санаа. Мэдээж төсвийн бодлого өөрөө мөчлөгсөрсөн хэлбэртэй байх ёстой. Эдийн засгийн идэвхжил өндөр үед төсвийн бодлого аль болох хумих чиглэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагыг хянах чиглэлтэй. Одоо барьж байгаа мөнгөний бодлого бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш өндөр зээлийн дарамт үүсгэж байгаа. Сүүлийн хоёр, гурван жил ингэж явж байна. Энэ бүх хичээл зүтгэлийг төсвийн сонгууль дагасан бодлого үгүй хийлээ. Тэгэхээр ирэх онд дахиад инфляц бол буурахгүй байх. Эргээд валютын ханш, ам.доллар чангарах дарамт үүсэх нь тодорхой. Үүнийг сөрж зогсох зүйл нь нүүрсний экспорт ямар байхаас хамаарна.

-Сонгуулийн жилийн төсөв хэт өндөр байгаа нь мөнгөний бодлогын нуруунд ачаалал үүсгэнэ гэж Төв банкнаас мэдээлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ өндөр түвшинд аваачсан. Үүнээс үүдэж хадгаламжийн хүү өссөн. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Дагаад бондуудын хүү нэлээд өндөр болчихсон. Хувьцааны зах зээл сэргэхгүй байх гол хөшүүрэг болж байна. Монголбанкны бодлого өөрөө иргэд, аж ахуйн нэгжүүд дэх хэрэглээний болоод бизнесийн зээлийн хүүг өндөр түвшинд аваачихаж байгаа юм. Хоёр, гурван жил бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаад явахаар бизнесийн өртөг талдаа хүүгийн дарамт нэлээд их байна гэсэн үг. Энэ нь компанийн ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Үндсэндээ иргэд хоёр зүйлээр хохирч байгаа гэсэн үг. Нэгдүгээрт, цалингаа нэмүүлж чадахгүй. Хоёрдугаарт, бизнесийн болон хэрэглээний зээл авахдаа өндөр хүүтэй авчихаж байгаа юм. Ийм нөлөөтэйгээр иргэд, аж ахуйн нэгжийг хүнд байдалд оруулан инфляцийг бууруулах зорилтдоо маш их өртгөөр хүрч байна шүү дээ. Дээрээс нь төсвийн бодлого маш их тэлэлттэй ороод ирэхээр нөгөө буурч байсан инфляцаа өдөөх эрсдэл бий болчихож байгаа гэсэн үг.

-Ам.долларын ханш тогтвортой байгаа. Сонгууль дөхөөд валютын ханш бууна гэсэн хүлээлт бий. Харин та яаж харж байна вэ?

-Валютын ханш одоо тогтвортой байна. Энэ нь валютын эрэлт, нийлүүлэлттэй холбоотой. Валютын нийлүүлэлт хангалттай байх юм бол төгрөг тогтвортой байна. Мэдээж манай улсад валютын нийлүүлэлт нүүрсний экспортоос орж ирж байгаа. Өнөө жил 50 гаруй сая тн нүүрс зарсан болохоор валютын орлого сайн байлаа. Үр дүнд нь валютын ханш тогтворжиж, нөөц нь 4.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ бол боломжийн өндөр түвшин. Бас сонгуулийн өмнө долларын ханш өсөхгүй гэдэг иргэдийн хүлээлтээс үүдэлтэй шийдвэрүүд долларжилтыг багасгадаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгийн хадгаламжаа доллар болгодоггүй гэсэн үг. Тэр үүднээс сонгуулийн өмнө ханш хөдлөөд байхгүй болов уу. Харин сонгуулийн дараах ханш бол цэвэр валютын нийлүүлэлт буюу нүүрсний экспорт хэрхэн явж байгаагаас хамаарна. Нүүрсний экспорт харьцангуй сайн байх юм бол ханш огцом савах үндэслэл алга. Тэгэхээр эрэлт бий болох нь ойлгомжтой. Нэгдүгээрт, хүлээлтээс үүдэлтэй. Хоёрдугаарт, сонгуулийн замбараагүй төсвийн 60, 70 орчим хувь нь тэр чигээрээ импортыг дэмжсэн буюу валютын эрэлт хэрэгцээг бий болгож байгаа. Тэр үүднээсээ аваад үзвэл эрэлт талдаа дарамт байх нь гарцаагүй. Төлбөрийн тэнцлийн хувьд урсгал дансан дээр нэлээд алдагдал үүсэх эрсдэл байгаа. Энэ алдагдлыг бууруулах буюу валютын эрэлтийг хангахад нөөц нь хангалттай байх ёстой. Бас нүүрс хангалттай хэмжээнд гарах ёстой. Гуравдугаарт, гадаад бондын өр төлбөрүүдийг ирэх онуудад төлөхөөргүй байгаа. Тэгэхээр нэмэлт томоохон валютын урсгал байхгүй. Түүхэндээ гурван удаа 10-аас дээш хувь төгрөгийн ханш суларсан байдаг. Бусад үед нь 5-6 хувь байсан. Ирэх жил нүүрс хангалттай гарвал дахиад энэ хувь дээрээ байх болов уу гэж харж байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ямар байх вэ. Тухайлбал, нүүрс, зэсийн хувьд төсвийн өндөр зарлагыг гүйцэхээр орлого олж чадахаар байна уу?

-Өнөө жил бид нүүрсээ түүхэн дээд хэмжээнд экспортоллоо. Энэ нь Хятадын өөрсдийнх нь нүүрсний уурхайд болсон осол, түүнтэй холбогдож гарсан хяналт шалгалт зэрэг дотоод асуудалтай нь холбоотой байв. Түүнээс гадна 2021 оноос хойш улс төрийн шалтгаанаар гарахгүй байсан нүүрс 2022 онд Хятадтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд энэ жил үр нөлөөгөө өгч, түүхэн дээд хэмжээнд нүүрс гарч байгаа. Нүүрсний 20 орчим сая тн нь бол цэвэр зах зээлийн шинж чанартай. Үлдсэн 30 орчим сая тн-ыг Хятадын улс төрийн бодлого, гэнэтийн янз бүрийн хэрэгцээний шоктой холбон тайлбарлаж болно. Нөхдүүд ирэх жил 50 сая тн дээр бодоод байдаг. Гэтэл энэ дүн биднээс хамаарахгүй зүйл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Цаашид өнөө жилийнх шиг өндөр байх уу гэдгийг таамаглахад бэрх. Тэгэхээр ирэх жил багаар бодоход зах зээлийнхээ жамаар 28- 30 сая тн нүүрс гаргана гэж бодож байна. Зэсийн хувьд ямар нэг эрсдэл байхгүй. Гол нь нүүрсний хувьд төсвийн орлогод нөлөөлж байгаа хэсэг нь учраас тоо хэмжээн дээрээ нэлээд ач холбогдол өгөх ёстой. Нүүрсний үнийн хувьд огцом буух шалтгаан алга. Хэдийгээр Хятадын үл хөдлөх салбарын хямрал эдийн засагт нь саар болно гэж ярьж байгаа ч гэсэн тус улс мөнгөний олон төвт сангийн хүчтэй бодлогоор эдийн засгаа дэмжиж байна. Зургаа, зургаан сараар үр дүнг нь авч үзэж байгаа. Үр дүнгүй бол бодлогоо өөрчлөөд явж байна л даа.

-Сая 2024 оны төсвийг батлахдаа Үнэт цаасны хуульд гурван төрлийн татварын дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Үнэт цаасны тухай хуулиар татварын хөнгөлөлт, хувьцааны арилжаа, бондын хүүгийн татвар зэрэг хөнгөлөлт эдлүүлж байгаа нь хөрөнгийн зах зээл рүү олон хүнийг оруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байна. Улс орны хөгжсөн туршлага нь хөрөнгийн захын хөгжил байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр дан ганц цалингийн орлогоос хамаарахгүй, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын орлоготой болчихсон. Эндээсээ хамаараад амьдралд нь капитал бий болох боломжтой. Тэр үүднээс дэлхийн топ 500 компанийн 10 орчим хувь нь хаалттай компани байна. Бусад нь нээлттэй компани. Харин Монголд бол бараг 80 орчим хувь нь хаалттай компани байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн компанийн ашиг орлого өөрсдөд нь үлдэж байна гэдэг санаа. Хөрөнгийн зах зээл дээр бодлогын дэмжлэг үзүүлснээр хаалттай компанийг хөрөнгийн зах зээл дээр задалдаг. Нээлттэй компани болгодог процессууд явагддаг. Жирийн иргэд үндэсний компанийнхаа хувь эзэмшигч болох боломжийг улам бүр нээлттэй бүрдүүлж өгөх хөшүүрэг л дээ.

-Нийслэлийн татварыг хоёр хувь болгохоор ярьж байна. Энэ нь зөв үү?

-Олон нийт, иргэд бүгд татвар төлөх ямар ч сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл хотоос авч байгаа татварын санхүүжилтийн мөнгө түгжрэл, утааны асуудлыг шийдэж чадсан уу. Энэ мэтчилэн нийслэлд тулгамдсан маш олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь иргэд эргээд татвар төлөх сонирхлыг асар ихээр бууруулж байгаа юм. Тэгэхээр нэмж татвар гаргаж ирэх нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулах нь гарцаагүй. Ер нь ямар нэгэн бодлогын хамгийн сүүлийн сонголт нь татвар байдаг. Яагаад гэвэл татвар шууд нөлөөлөх нөлөөлөл нь маш өндөр. Тэгэхээр шууд татварын бодлого нь буруу гээд хэлчихвэл хэцүү. Гэхдээ татвар аваад юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой байх ёстой. Дээрээс нь өөрсдөө суурь асуудлуудаа одоогийн татварын мөнгөөрөө шийдчих хэрэгтэй. Үүний дараа магадгүй нэмж янз бүрийн татвар авбал иргэд хүчтэй эсэргүүцээд байхгүй болов уу. Тэгэхээр суурь асуудлуудаа одоогийн татварын орлогоор шийдэж чадахгүй байж нэмж татвар авна гэдэг бол одоогийн түвшинд оновчтой арга биш. Дээрээс нь инфляц, валютын ханшийн дарамттай, төсөв нь тэлчихсэн, аж ахуйн нэгж, иргэд өндөр зээлийн хүүтэй. Амьжиргаагаа яая гэж байхад ковидын дараах нөхцөл байдалд нэмж татвар авах нь тийм ч оновчтой шийдэл биш.

-Нийслэлийн татварыг 100 хувь нэмэгдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл учрах вэ?

-Өнөөдөр иргэд банкинд 17-25 хувийн хүүгийн зээл төлөөд явж байна. Энэ бол хамгийн өндөр түвшин. Нэг талдаа орлого тал дээр нь дарамт үүсгэж байгаа зүйл нь инфляц, валютын ханш байна. Яг орлого авах гэхээр нь халааснаас нь зөвшөөрөлгүй инфляцийн 10 хувийн өсөлт, ханшийн 20 хувийн уналт гарч ирээд байвал зарлага нь хэвэндээ байж байхад худалдан авах чадвар нь орлогоос нь буураад эхэлж байна гэсэн үг. Яг ийм эрсдэл үүсчихээд байгаа. Дээрээс нь зарлага талдаа зээлийн өндөр хүүгийн төлөлт явж байна. Ийм үе дээр нь татвар нэмж авах нь зөв бодлого биш. Дээрээс нь далд эдийн засаг руу буюу албан бусын сектор руу шилжилт явах сөрөг нөлөө бий болгоно. Одоо далд эдийн засаг манай эдийн засгийн 30 орчим хувьтай байгаа гэдэг. Албан бус сектор нь татварын гурван тайлан, ашгаа бууруулах гээд олон байдлаар илэрч байна. Энэ нь эргээд авлига, нийгмийн тодорхой бус байдал, суурь асуудлуудыг дэгдээдэг. Тэгэхээр хотын татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлэх бодлого нь яав ч эергээр нөлөөлөхгүй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.