Солируудыг илрүүлэгч анхны дуран авайг сансарт байрлуулна
Сүүлт од, солир зэрэг дэлхийд аюул учруулж болзошгүй сансрын биетүүдийг хайж илрүүлэх зориулалттай АНУ-ын НАСА агентлагийн NEO Surveyor гэдэг дуран авайг албан ёсоор туршиж эхэлсэн байна.
Уг телескопийг 2027 оны 9 дүгээр сард Falcon 9 зөөгч пуужингаар хөөргөж, сансарт байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ бол хэт улаан туяаны диапазонд ажиглалт явуулдаг, дэлхийг хамгаалах зорилгоор тусгайлан зохион бүтээсэн анхны дуран авай юм.
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын хэд хэдэн судалгааны төвд дуран авайн эд ангиудыг угсрах, шалган турших ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, Юта муж улсын их сургуулийн Space Dynamics Laboratory лабораторид дуран авай ба түүнийг хамгаалах бүтцийг сансрын гүнийг дууриалгасан нөхцөлд туршиж байгаа ажээ. Дуран авайг сансарт байрлуулж буйн гол зорилго нь манай гаргийн тойрог замд ойртон ирж болзошгүй сансрын биетүүдийг илрүүлэхэд оршино. Ийм төрлийн олон объектыг газар дээрх дуран авайнуудаар илрүүлэхэд учир дутагдалтай байдаг бөгөөд учир нь, тэдгээр нь хэт жижиг, хэт харанхуй эсвэл Наранд хэт ойрхон оршдог байна. Ийм учраас Наранд халсан солируудаас ялгарч буй дулааныг “барьж авах”-ын тулд NEO Surveyor дуран авай хэт улаан туяаны диапазонд ажиглалт хийх юм. Ийм аргачлал нь уламжлалт оптик ажиглалтаар илрүүлэх боломжгүй, бараг харагддагүй биетүүдийг илрүүлэх боломжийг олгоно гэсэн үг.
Дуран авай манай гаргаас Нарны чиглэлд 1.5 сая орчим км-ийн зайд Лагранж L1 цэг дээр байрлах юм. Энэ цэгээс тэнгэр огторгуйн асар уудам орон зайг дор хаяж 5 жилийн хугацаанд ажиглах боломжтой.
NEO Surveyor дуран авайн үндсэн камер нь хэт улаан туяаны 2 детектортой бөгөөд эдгээр нь хоёр өөр хэт улаан туяаны диапазон дотор маш өндөр нарийвчлалтайгаар дүрсийг хүлээн авна. Ингэснээр ажиглаж буй биетүүдийн хэмжээ ба дулааны хэмийг тодорхойлох боломжтой. Аппаратны хамгийн том бүрдэл хэсэг бол 6 м орчим урттай нарнаас хамгаалах дэлгэц бөгөөд Наранд илүү ойр зайнаас ажиглалт хийх үед дурангууд нарны гэрэлд гялбахгүй.
Туршилт явагдаж буй энэ үед судлаачид ажиглалтын стратеги ба өгөгдлүүдийг боловсруулах аргачлалаа боловсруулж байна. Ажиглалтын явцад цуглуулсан мэдээллүүдийг НАСА-гийн алсын сансрын сүлжээгээр Дэлхий рүү дамжуулж, Калифорнийн технологийн их сургуулийн IPAC төвд боловсруулна.
Дараа нь илэрсэн биетүүдийн талаарх мэдээллийг Бага гаргуудын төвд илгээснээр сүүлт однууд, солируудыг бүртгэж, каталогжуулна. Эдгээр өгөгдлийг Тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн дэргэдэх дэлхий орчмын биетүүдийг судлах төвийн судлаачид ашиглах бөгөөд Дэлхийд ойртон ирж буй биетүүдийн тойрог замыг тооцоолсны үндсэн дээр манай гарагтай мөргөлдөх эрсдэлийг тооцоолох юм.
Б.Адъяахүү


































































Сэтгэгдэл