Зун боллоо, ямар амралт сувилал зорих вэ
Зуны дэлгэр цагт хүмүүс амралтын газар амарч, рашаан сувилалд эмчлүүлэхийг чухалчилдаг. Тиймээс зуны эхэн сар гарч буй энэ үед амралт, сувиллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорилоо.
АМРАЛТЫН ГАЗРУУДЫН ҮНЭ
Ар гурван сайхан
Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор газарт уул ус, ой модныхоо хаяанд байрладаг. Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай, сүүлийн 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон амт чанар сайтай хоол унд, хорхог боодог, зоогийн газар, караоке, спорт тоглоом, морин аялал, автобус унаагаар үйлчилнэ. Амрагчдын тоо, амрах хоногоос нь хамаараад үнийн хувьд уян хатан нөхцөлтэй.
Утас:88165055
Торлогт
ТОРЛОГТ жуулчны бааз нь 100 хүний багтаамжтай дүнзэн байшин болон монгол эсгий гэр бүхий амралт юм. Ая тухтай, хөгжилтэй амралтандаа мотоцикл, морин, явган аялал, биллиард, теннис, сагс, гар бөмбөг, одон бөмбөг, русская баня, бүжиг, наадам, цагаан идээ, хорхог, боодог гэх зэрэг үйлчилгээтэй. Дотоодын амрагчид: /2018он/ Монгол гэр-нэг хүний нэг өдөр 55,000 төг /гурван удаагийн хоол багтсан + оройн тараг/ Дүнзэн байшин-нэг хүний нэг өдөр 60,000 төг /гурван удаагийн хоол багтсан + оройн тараг/ Хамт олны хөнгөлөлт, урамшуулалтай. Даваа-Пүрэв гаригууд онцгой хөнгөлөлттэй юм.
Утас: 99022081
Чандмань булаг
Улаанбаатар хотоос 65км т байрлах " Чандмань булаг " амралтын газар нь хувь хүн болон албан байгууллага хамт олны захиалга авч байна. Тус амралт нь УБ-Дархан явах замд нарс хусан ойн захад рашаан булаг бүхий байгалийн үзэсгэлэнт газар байрлана. Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай ба боловсон бие засах газар, зориулалтын сагсан бөмбөг болон волейболын талбайтай. Караокед дуулан, биллъярд теннис тоглох боломжтой анги хамт олон болон төгсөлтийн баярын хямдрал урамшуулалтай юм.
Утас: 99191053
Цагаан өргөө
Цагаан өргөө амралт хотоос хойш зуслан явдаг замаар 24 км буюу хотын төвөөс 40-50 минут явж очдог. Гэр бүлээрээ амрах, ургийн баяр болон ахан дүүсийн цугларалт хийх, төрсөн өдрийн баяр тэмдэглэх, хамт олон, найз нөхдийн уулзалт, байгууллага хамт олноороо салхинд гарах, байгууллагын ой, тэмдэглэлт үйл явдал, бүх төрлийн хүлээн авалт, найр наадам хийх, төрөл бүрийн хурал, семинар, сургалт зохион байгуулах, нэг ангийнхны уулзалт хийх, хонхны баяр хийх, явган аялал олон ууланд авирах, морьтой аялал хийх зэргийг зохион байгуулна.
Амралтад сагсны талбай, элсний волейболын талбай, хөл бөмбөгийн талбай, теннисний ширээ, караоке, саун, тай массаж, нийтийн бүжиг, диско зэргээр үйлчилнэ. Жилийн дөрвөн улиралд ажилладаг. Зочдын өрөөнүүд 1-3 ортой өрөө, люкс гэсэн төрлүүдтэй ба өрөө бүр дотроо 00, душтэй.
Утас: 99112171
"Монголын нууц товчоо"
“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2005 оноос үйл ажиллагаагаа эхэлж байсан. Жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой. 24 ор бүхий люкс, стандарт зэрэглэлийн өрөөтэй зочид буудал. 72 ор бүхий 13-р зууны үеийн цомцог гэр. 18 ор бүхий зуны байр. Нэг ээлжиндээ 120 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Байршил: “Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолборын газарзүйн байрлал нь Төв аймгийн Жаргалант сум, уртрагийн 1060, өргөргийн 480-д Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг.
“Чингисийн хүрээ”
Тус амралтын газрын тохижилт нь XIII зууны үеийг санагдуулам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор газар. Чингисийн хүрээ ресторан нь 1991 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны гэр ресторан гэдгээрээ онцлогтой. Үнэ: Гэр буудлууд хоногийн 60-аас 100 мянган төгрөгийн хооронд байгаа юм байна.
-РАШААН СУВИЛЛУУД УЛААНБААТАР ХОТООС 60-630 КМ
ЗАЙД ОРШИЖ БАЙНА-
Аварга тосон сувилал
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.
Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, хоёр ба гурав цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Арьсны эмгэгүүд, харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд, сахарын диабет, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, үе мөчний хэрх өвчин, хамар хоолойн эмгэг, гэмтэл бэртлийн дараах үе зэргийг эмчилдэг ач холбогдолтой.
Гурваннуурын рашаан
Хэнтийн Дадал сумын нутагт, Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно далайн төвшнөөс дээш 1300 метрт оршдог. Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600 км, Өмнөдэлгэр сумаар дайрч явахад 500 км явж хүрнэ.
Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтэний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой.
Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй. Рашаан сувилал нь дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 500 хүртэл хүн авах хүчин чадалтай.
Ар Жанчивлан рашаан
Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутагт, нийслэл Улаанбаатар хотоос 60 км, Төв аймгаас 57 км, Налайх дүүргээс 26 км-т байрладаг. Хан Хэнтий нурууны баруун урд үзүүрт, Туул голын урд, Баянцогт уулын ард далайн түвшнээс дээш дунджаар 1000-1500 метрт оршдог.
Сувилалд ашигладаг рашаан нь ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх ба багасах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрсхүчлийн хийтэй, хүчилтөрөгчийн давхар исэлтэй хүйтэн рашаан юм. Эдүгээ Ар жанчивлан рашаан сувилал нь дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний үрэвсэл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг эмчилдэг байна.
Багануур сувилал
“Багануур” бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд Багануур хотын төвд байрладаг. Ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулан тусгай эмчилгээ буюу нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг сувилал юм. Зуны улиралд Хэрлэн голын эрэг дээр зусланд гарч, долоодугаар сарын дундаас эхлэн гүүний саам уулгах эмчилгээг давхар хийдэг.
Баянзүрхийн рашаан сувилал
Баянзүрхийн овооны рашаан нь Завхан аймгийн Нөмрөг суманд УБ-хотоос 1100км-т аймгийн төвөөс 188 км-т, сумаас 40 км-т Шар тагийн өвөр ам, Баян зүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт д.т.д 2080метр өндөрт оршдог. Хүйтэн чанартай рашаан.
Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Нэг ээлжиндээ 120 амрагч хүлээн авах чадвартай. Тус сувилал нь, зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.
Мөн рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай бөгөөд цэвэр агаараар уушгины бүр төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг.
Галтын халуун рашаан
1961 онд Галт сумын “Идэрийн-Ундрал” нэгдлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр халуун рашааны ордыг түшиглэсэн “Халуун усны рашаан амралт” нэртэйгээр байгуулагдсан. Уг рашаан нь сульфат ба сульфат-карбонат натрийн найрлагатай 0.83гр/дм3 эрдэсжилттэй +38⁰С+44⁰С халуун рашаан юм.
ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын газрын царцдас судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнгийн хамтарсан экспедицийнхэн 2007 онд судалгаа хийж найрлагыг нь тогтоожээ.
Рашаан нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчний эмчилгээ, түүнчлэн хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдэд ч чухал хэрэгтэй байдаг. Мөн рашаан усны физиологийн үйлчлэл үзүүлдэг үзүүлэлтийн нэг нь түүний орчин PН юм. Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж, түүний уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ.
Шаргалжуутын рашаан
Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуут голын эрэг дээр далайн түвшнээс дээш 2150 м өргөгдсөн уулын энгэрт байрладаг. Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог ба Баянхонгор аймгаас 60 км яваад хүрнэ.
Байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээтэй юм.
Шаргалжуут рашаан сувилал нь зуны улиралд нэг ээлжиндээ 445 хүн, хүйтэн сэрүүний улиралд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Жилийн дөрвөн улирал тасралтгүй ажиллана.
П.УРНАА
Сэтгэгдэл