Хулгайд алдагдсан марк 60 жилийн дараа олджээ
Америкийн нэгдсэн улсад 60 гаруй жилийн өмнө хулгайд алдагдсан маш ховор шуудангийн марк хууль ёсны эзэндээ эргэн иржээ. Энэхүү марк нь 1918 онд хэвлэгдсэн бөгөөд 24 центийн “Inverted Jenny” шуудангийн марк дээр хэвлэлийн алдаанаас үүдэн уруугаа харсан биплан онгоцыг дүрсэлсэн зураг байдаг аж. Энэ нь Нью-Йорк хотод 1955 онд болсон марк цуглуулагчдын чуулга уулзалтын үеэр шилэн хоргоноос алдагдсан дөрвөн ширхэг маркны нэг бөгөөд нэгэн ирланд залуу дуудлага худалдааны газарт авчирч өгчээ. Хулгайд алдагдаад байсан “Inverted Jenny” марк нь хамгийн багадаа 175 мянган долларын үнэд хүрэх бөгөөд маркийг АНУ-ын марк цуглуулга судалгааны номын санд хүлээлгэн өгчээ. Тус номын сан нь хулгайд алдагдсан дөрвөн маркны гурвыг нь хэдийн олоод сэргээсэн байна.Хулгайн маркийг эргүүлэн авч ирж өгсөн О’Нил “Би энэ маркийг өвөөгөөсөө өвлөж авсан. Өвөө маань Ирлэндэд байхдаа машины тээшнээс эд зүйлс худалддаг нэгэн хүнээс худалдажэ авч байсан. Энэ маркны түүх, ач холбогдлын талаар би ямар ч ойлголтгүй байсан” хэмээжээ. Маркийн авч ирж өгсөн залууд 50 мянган долларын шагнал өгчээ.
Б.ЦОГ
Сэтгэгдэл