Зеленский: Хүмүүнлэгийн асуудлаарх тохиролцоонууд бүрэн хэрэгжинэ гэж найдаж байна

Орос, Украин хоёр улс олзлогдсон цэргүүдийг солилцох шинэ хэлэлцээрийн эхний шатны солилцоог явуулсан байна. Энэ хэлэлцээрийг Истанбул хотод болсон яриа хэлэлцээний үеэр тохиролцсон билээ.
Энэ талаар Украины Цэргийн олзлогсдын асуудал хариуцсан зохицуулах штаб, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, мөн Оросын Батлан хамгаалах яам зургадугаар сарын 9-ний даваа гарагт өөрсдийн эх сурвалжуудаар дамжуулан мэдээжээ.
Тодруулбал, гэртээ буцсан хүмүүс ихэвчлэн 25-аас доош насны олзлогдогсод байсан аж. Украины талаас мэдээлснээр, мөн шархадсан болон хүнд шархадсан цэргүүд ч энэхүү солилцоонд багтсан байна.
Зеленский "Энэ бол маш төвөгтэй процесс, олон эмзэг асуудал бий. Яриа хэлэлцээ үндсэндээ өдөр бүр үргэлжилж байна" хэмээн бичжээ. Одоогийн байдлаар яг хэчнээн хүн солилцсон нь тодорхой болоогүй байгаа ч талууд “ойрын өдрүүдэд” уг ажиллагаа хэд хэдэн үе шаттайгаар үргэлжлэхийг баталсан байна.
Украины Ерөнхийлөгч “Бид Истанбулд болсон уулзалтын хүрээнд хүмүүнлэгийн асуудлаар хүрсэн тохиролцоонууд бүрэн хэрэгжинэ гэдэгт найдаж байна” гэж нэмж хэлжээ.
Оросын Батлан хамгаалах яам өөрийн талаас Москва болон Киев ижил тооны хүмүүсийг харилцан солилцсон талаар мэдээлсэн байна. Оросын цэргүүд Беларусьд байгаа бөгөөд тэнд тэдэнд анхан шатны тусламж үзүүлж буй аж.
Тус яамнаас мэдээлснээр, тэднийг дараа нь эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулахаар Оросын эмнэлгүүд рүү хүргэх юм байна.
Украины Цэргийн олзлогдогсдын асуудал хариуцсан зохицуулах штабаас тайлбарласнаар, суллагдсан хүмүүсийн тоо аюулгүй байдлын үүднээс зөвхөн солилцооны бүх үйл явц дууссаны дараа л тодорхой болох ажээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.54] 2025-06-10 12:29:03
Улс ороноо самхрч төрөлөө алж сүнтэй нөгцсөн зe лэнскийг хар .. бид санаа авахсургамж