Ц.Чинзориг: 100 гаруй жилийн турш эрдэмтдийн баримталж ирсэн шинжлэх ухааны ойлголтыг няцааж чадсан

Д.Тулга / Технологи

uleg gurvel

1994 онд Монгол-Японы хамтарсан экспедицийн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хожуу цэрдийн Төгрөгийн ширээ газарт ажиллах үеэрээ үлэг гүрвэлийн бүтэн хэлхээтэй тавхайн яс олсон ч судлагдалгүй олон жил болсон байна. Үүнийг Японы Хоккайдо Их сургуулийн докторант, Монголын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Чинзориг хоёр жилийн хугацаанд шинжилж, судлан шинэ төрөл зүйл нээсэн байна.

Тодруулбал, Тэмээн хяруул төст үлэг гүрвэлийг чийглэг дулаан уур амьсгалтай газарт суурьшан амьдрахаас гадна хуурай, халуун уур амьсгалтай цөлийн шинжтэй бүс нутагт амьдардаг байсан гэдгийг нотлон харуулжээ. Өмнө нь монголын нутгаас тэмээн хяруул төст үлэг гүрвэл орнитомимозаврын олдвор олдож байсан ч нарийн судалгаа явуулах боломжгүй байгалийн өгөршилд орж муу хадгалалттай олдсон аж. Харин 1994 онд Монгол-Японы хамтарсан экспедицийн үед олдсон тавхайн ясыг судлаж шинжлэж 100 гаруй жилийн туршид палеонтологийн эрдэмтэн, судлаачдын баримталж ирсэн шинжлэх ухааны ойлголтыг няц­­­ааж чадсан аж. Түүний эрдэм шинжилгээний өгүүлэл нь Олон Улсын нэр хүнд бүхий “Nature” сэтгүүлийн Scientific Reports-д нийтлэгджээ. Та бүхэн Тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн олдворын талаарх баримт болон судалгааны ажлыг Ц.Чинзоригийн ярилцлагаас хүлээн авч уншина уу.

-ХОЁР ЖИЛ ОРЧМЫН ХУГЦААНД СУДАЛГААНЫ АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН-

-Тэмээн хяруул төст үлэг гүрвэл одоогоос хэдэн сая жилийн өмнө амьдарч амьтан бэ Олдворууд нь аль бүс нутагуудаас түлхүү олддог вэ?

-Хожуу цэрдийн үе буюу олон улсын нэршлээр Кампан /Campanian/-ын цаг үед амьдарч байсан. Энэ цаг үе нь одоогоос 72-83 сая жилийн өмнөх үе л дээ. Тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн олдвор Умард Америкт болон Төв Азиас олддог. Тухайн цаг үед амьдарч байсан үлэг гүрвэлийн бүрдлүүд нь хоорондоо их төстэй ба өвөг удмын ойрын холбоо харилцаатай гэж үздэг.

-Тэгэхээр Умард Америк болон Төв Азийн хооронд нүүдэллэн амьдардаг байсан гэсэн үг үү?

-Удам зүйн холбоо харилцааг тодорхойлох кладистик анализын судалгаагаар, тэмээн хяруул төст орнитомимозавр /Ornithomimosauria/ бүлгийн үлэг гүрвэлүүд нь анх Төв Азид үүсэж, улмаар Жодохтын цаг буюу 80 орчим сая жилийн өмнө одоогийн Умард Америкийн тив рүү нүүдэллэн суурьшиж, улмаар тодорхой хугацааны дараа хөгжлийн хоёр бие даасан замыг сонгон зарим хэсэг нь тэндээ үргэлжлүүлэн амьдарсан бол нөгөө хэсэг нь Жодохтын дунд үеэр эргэн Төв Азид ирсэн гэж үзэх төрлүүдийн анхны төрөл зүйл нь “Aepyornithomimus tugrikinensis” байх үндэслэлтэй гэсэн судалгаанд баримталсан таамаглалыг эрдэм шинжилгээний өгүүлэлдээ дэвшүүлсэн.

-Дэлхийд цор ганц үлэг гүрвэлийн олдвор Монголын говиос одлоо гэж гадаадын сайт дээр бичсэн байсан. Харин та “Умард Америкт болон Төв Азиас олддог” гэж ярьлаа. Учрыг нь тайлбарлаад өгөхгүй юу?

-Дэлхийд цор ганц гэж ярьж, тодорхойлоод байгаагийн баталгаа болон нотолгоо гэвэл. Тэмээн хяруул төст гүрвэлүүдийг чийглэг, зөөлөн уур амьсгалд дасан зохицож гол төлөв нуур, голын эрэг дагаж амьдардаг байсан гэж үздэг байсан. Энэ судалгааг хийснээр халуун, цөлийн шинжтэй хуурай уур амьсгал давамгайлж байсан Жодохтын цаг үед амьдарч байсан болохыг баталж чадсан. Ингэснээр орнитомимозавр /Ornithomimosauria/ төрлийн үлэг гүрвэлүүд зөвхөн чийглэг дулаан уур амьсгалд зохицон амьдарч байсан гэсэн дэлхийн палеонтологичдын сүүлийн 100 гаруй жилийн ойлголтыг өөрчилж чадсан.

-Та хэр хугацаанд судалгаа шинжилгээ хийж тэмээн хяруул төст үлэг гүрвэлийг цөлийн шинжтэй газар амьдарч байсан гэдгийг дэлхийн палеонтологийн эрдэмтэн, судлаач нарт батлаж чадав?

-Энэ олдвор маань 1994 онд олдсон гэдгийг би түрүүн хэлсэн. Би орнитомимозаврууд /ornithomimosauria/ бүлгийн үлэг гүрвэлийн судалгааг анх ажилд орсноосоо хойш 10 гаруй жил хийж байна. Мөн хажуугаар нь олдвор цуглуулгын бүртгэл ажлыг хийдэг байсан. Тэгээд нэг өдөр бүртгэлийн ажлаа хийж байгаад Монгол-Японы хамтарсан экспедицийн бүртгэл дээр ажиллаж байсан чинь орнитомимо гэх олдвор олдсон байна. Уг олдвор нь “Campanian” буюу 72-83 сая жилийн өмнөх орнитомимо олдож байгаагүй газрын хурдас хуримтлалаас олдсон гэж мэдээлэл дээр нь хавсаргаж өгсөн байсан. Тэрийг уншчихаад миний сонирхол хөдөлсөн. Тэгээд дотроо “Энэ үнэхээр орнитомимо мөн үү. Эсвэл өөр үлэг гүрвэлийн яс байж болохын” гэж бодоод судалгааны ажлыг эхлүүлсэн. Нэлээн дээр үед олдсон олдвор учраас эхлээд хайж олсон. Хээрээс олдсон чигээрээ шороотойгоо хамт боодолтой байсан. Шорооноос нь салгаж цэвэрлэх боловсруулалтын ажил дуусч судалгаа шинжилгээний ажил үндсэндээ эхлсэн. Нийтдээ хоёр жил орчмын хугцаанд үргэлжилж өнөөдөр ингээд судалгааны ажлын үр дүн гарч байна.

Uleg gurvel

Зургийг: Масато Хаттори

-ШИНЭЭР ТОДОРХОЙЛСОН ТЭМЭЭН ХЯРУУЛ ТӨСТ ҮЛЭГ ГҮРВЭЛ 3 МЕТР ОРЧИМ ӨНДӨРТЭЙ БАЙСАН-

-Тэмээн хяруул төст үлэг гүрвэл ойролцоогоор хэдэн метрийн өндөртэй байсан бол?

-Палеонтологийн олдвор бүтэн олдох нь ховор л доо. Гэхдээ үлэг гүрвэлийн бүтэн сайхан, сайхан олдворууд олддог л доо. Тиймээс олдсон олдвор дээр нь түшиглэн биеийн хэмжээг нь гаргадаг судалгааны арга байдаг юм. Шинээр тодорхойлсон тэмээн хяруул төст үлэг гүрвэл нь биеийн хэмжээгээрээ нэг их томгүй ойролцоогоор 3 метр орчим болов уу гэсэн таамаглалыг гаргасан.

-Олдворын нэрийг таны нэрээр нэрлэсэн гэж байсан.

-Үгүй ээ, /инээв.сурв/ Намайг нэр өгсөн болохоор л ийм мэдээлэл тархсан байх. Шинэ олдворын нэрийг “Aepynorithomimus tugrikinensis” гэсэн нэртэй.

uleg gurvel

-Та өөрөө нэрлэсэн учраас цаанаа ямар нэгэн утга агуулж буй болов уу?

-Олдворын нэг чухалд тооцогдох тавхайн ясны шинж тэмдэг нь одоогоос 1000 гаруй жилийн өмнө амьдарч байгаад мөхөж үгүй болсон заан шувуу “Aepyornis”-ийнхтой төстэй байсан учраас, “mimic” төстэй гэсэн латин үгийг холбож, заан шувуутай төстэй буюу “Aepyornithomimus” гэж нэрлэсэн аж. Харин зүйлийн нэршил буюу “tugrikinensis” гэдэг нь анх удаа энэ олдвор маань Төгрөгийн ширээ гэдэг олдворт газраас олдсон учраас “tugrik” гэсэн монгол нэрийг өгсөн. “inensis” гэдэг нь зүйлийн нэрийг нэрлэх нэршлийн арга байдаг юм. Монголоор орчуулбал Төгрөгийн ширээгээс олдсон заан шувуу төст орнитомимозавр гэсэн утгатай.

-Тэмээн хяруул төст үлэг гүрвэл гэхээр өвсөн тэжээлтэн байсан уу?

-Үгүй, холимог идэштэн. Энэ бүлгийн үлэг гүрвэлийг махан идэшт, шүдгүй гэсэн төрөл зүйлд хамруулдаг байсан. Харин 1990-ээд оны сүүл үед энэ амьтаны ясны олдвортой хамт чулуужсан бөөгнөрөл олдсон. Одоо цаг үед амьдарч буй шувуунууд ходоо руугаа чулуу хийгээд уг чулууныхаа тусламжтайгаар хоолоо боловсруулж чулуугаа мөлгөр болохоор нь огиулж гаргаж хаядаг. Ийм чулуу гэдэснээс нь олдсон гэсэн үг л дээ. Тэр үеэс хойш уг үлэг гүрвэлийг холимог идэштэн гэж нэрлэдэг болсон. Гэхдээ махан идэш үлэг гүрвэлүүд шиг зэрлэгээр амьтадыг барьж идэхгүй шавьж, жижиг мэргэч, өндөг гэх мэт зүйлийг иддэг байсан болов уу гэсэн таамаглал байдаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа, таны цаашдийн судалгаа шинжилгээний ажилд тань амжилт хүсье?

-Баярлалаа, таньд ч гэсэн амжилт хүсье.

М.АМАРЖАРГАЛ

uleg gurvel

Зургийн тайлбар: Төгрөгийн ширээ олдворт газрын жодохтын хурдас давхаргадсаас олдсон тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн бүтэн хэлхээтэй тавхайн ясны олдвор


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000