ХБНГУ-ын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч Н.Солонготой ярилцлаа
Н.Солонго хэмээх монгол бүсгүй ХБНГУ-ын орон нутгийн сонгуульд Бавари мужийн хамгийн хүчирхэг намын тойргийн Залуучуудын холбооны Ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан тухай бахархам мэдээг бид та бүхэндээ өмнө нь дуулгаж байсан. Одоогоос гурван жилийн өмнө ХБНГУ-ын улс төрд анх хөл тавьж, Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн болсон тэрбээр тус улсын улс төрд дээд албан тушаал хашсан анхны монгол хүн болж буй юм.
Тэрээр Холбооны засгийн газрын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Бундестагийн гишүүн ноён Хансёорг Дурц гишүүний туслахаар ажиллаж, Нийслэлийн иргэний зөвлөлийн төлөөлөгчөөр ч сонгогдон ажиллаж байсан туршлагатай. Түүний ментор /сургагч багш/ нь Баварийн улс төрч, Меркель Канцлерийн хамгийн дотны хүн Герда Хасселфелд гээд түүнд зааж зөвлөж, дэргэд нь байдаг хүмүүсийн хүрээлэл түүний талаар нэгийг хэлнэ.
Н.Солонго зөвхөн Герман улсад төдийгүй Монголдоо ч ихийг хийж бүтээж яваа залуу үеийн төлөөлөл. Өнгөрсөн жил тэрээр Герман Монголын залуу улс төрчдийн солилцооны хөтөлбөрийг 90 жилийн дараа зохион байгуулж, өдгөө ч Европ дахь улс төрийн идэвхитэй монгол залууст лекц, сургалт хийж, олсон орлогоо сайн үйлсийн аянд зориулдаг. Тодруулбал, Н.Солонго гэдэг хүн ганцаараа дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эх орондоо хийчихсэн байх юм. Мөн Монголынхоо сор болсон шүлгүүдийг орчуулж, “Амьд” нэртэй шүлгийн аудио CD санаачлан гаргаж, олсон ашгаа Дарханыхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг уншлагын танхимтай болгоход 100 хувь зориулжээ. Энэ мэтээр түүний хийсэн болон хийж буй ажлын талаар дурдвал дуусахгүй.
Бид их ажлынхаа хажуугаар эх орондоо цөөхөн хоног ирээд буй эрхэм хүмүүн Н.Солонготой уулзаж, түүний улс төрийн боловсролоос хуваалцаж, залууст үлгэр жишээ болохуйц зарим түүхүүдээс нь ярилцсан юм.
-ДЭЛХИЙ ДАХИН БИДНИЙГ ХАРЖ АЖИГЛАЖ БАЙНА-
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эх орондоо ирж таарлаа. Та аль нэгэн намд хамааралгүй хүн. Харин улс төрч хүний хувьд хөндлөнгөөс ажиглахад манай сонгууль ямархуу дүр зурагтай харагдаж байна вэ?
-Эх орондоо ирээд арав гаруй хонолоо. Зун цаг ирчихсэн, тун удахгүй наадам болох гээд их сайхан байна. Монгол улсад тав дахь төрийн тэргүүнээ сонгох эхний шатны сонгууль болж өнгөрлөө. Аль нэг намд нь хамаарахгүйгээр, хөндлөнгөөс ажиглахад манай сонгууль их бохир болж байна. Улс төрийн цэвэр өрсөлдөөн байхгүй, эсвэл бүр сураагүй ч байж болох юм. Бид бүхэл бүтэн тусгаар улс тул дэлхий дахин биднийг харж ажиглаж байгаа шүү дээ. Монголчууд бие биенээ, нэр дэвшигчдээ маш их муулж, харлуулж байна. Гэтэл муу ч, сайн ч энэ хоёр нэр дэвшигч намынхаа өндөр шалгуураар шалгагдаад, сонгогдоод гарч ирсэн хүмүүс шүү дээ. Аль нэг нь Ерөнхийлөгч болно, тиймээс Ерөнхийлөгч болох хүнээ ингэж доромжилж гутааж байгаа нь бид өөрсдийгөө доромжилж байгаатай агаар нэг. Энэ муу муухай мэдээлэл зөвхөн Монгол улсдаа үлдэхгүй, дэлхий даяар “Монгол улс ийм” л гэж ярина. Айл гэрийг ч төлөөлүүлж бодоход аавыгаа архичин, мунхаг, ажилгүй гээд яриад явбал тэр айлын дүр төрх ямар харагдах билээ. Яг л үүн шиг бид муу муухайгаа дотроо ярилцдаг байж, улс төрийн хамгийн дорд хэлбэрийн “пи-ар”-аа зогсоох хэрэгтэй. Харин бид яаж дээшлэх вэ, яаж сайжрах вэ, яавал зөв Ерөнхийлөгчөө сонгоод эх орон минь дэлхийн хэмжээнд очих вэ гэдгээ бодох ёстой болов уу.
-Та монгол залуусын сонгуулийн идэвхийг харсан байх?
-Саяын сонгуулиар манай ард түмэн улс төрийн идэвхиэ харууллаа. Харамсалтай нь ирц хүрсэнгүй. Ялангуяа залуус бид эх орныхоо ирээдүй байдаг. Улсын маань иргэдийн 60-70 хувь нь залуус, удахгүй бидэнд бүх үүрэг хариуцлага ирнэ. Сүүлийн 20 жил бид эрх барьж байсан дээд үеэ буруутгасаар ирлээ. Алдаатай юм их бий, үнэн. Гэхдээ бидэнд маш богино хугацаанд картын бараанаас өдий зэрэгт хүрсэн сайн талууд ч бий, бид хурдтай байна, хөгжиж байна, Монгол залуус дэлхийд өрсөлдөж байна, маш их боломж гарлаа. Үүн шиг л аливаа зүйлээс сайныг нь аваад саарыг нь хаях, хүний өнгөрснийг дурсаж, хувийн нандин амьдрал руу нь орж гутаах, удам судар руу дайрахаа зогсоох ёстой. Залуус өнөөдөр эмэгтэйчүүдийг хүндлэхээ больсон байна, эмэгтэй улс төрчдийг амны зугаа болгон гутаан доромжилж байна. Хэзээ монгол хүмүүс эхийгээ, эгчийгээ, дүүгээ доромжлоод, эмэгтэйчүүдээ үзэн яддаг болчихсон юм бэ, мэдэхгүй юм. Бид ийм хүмүүжлээр өсөөгүй. Залуус хоорондоо сайхан харилцаж, бие биеэ хүндлэн, чадах зүйлээрээ тусалж, мэддэг зүйлээ хуваалцаж амьдраасай гэж хүсдэг.
-Цагаан сонголт хийхийг их уриалж байна. Олон улсад ийм үзэгдэл байдаг уу?
-Миний хувьд цагаан сонголт гэдэг зүйлийг зүй зохисгүй гэж үзэж байгаа. Яг энэ мөчид, яг энэ Монгол улсын сонгуулийн ажиллагаанд цаг үеэ олоогүй юм. Олон улсад цагаан сонголт гэх үзэгдэл бий. Гэхдээ энэ бол хөгжилтэй орнуудад улс төр сонирхдоггүй, ямар ч оролцоогүй хүмүүсийн хийдэг зүйл. Гэтэл манайд маш их улс төржиж байгаа хүмүүс үүнийг уриалаад яваад байна. Үүний үр дүнд хэн хохирох вэ? Ард түмний халааснаас гарч байгаа татварын мөнгө л урсана. Зөвхөн долоон тэрбум төгрөг биш, ахиад ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт, дахин сонгууль гээд тоог нь хэлж мэдэхгүй их зарлага гарна. Өнөөдөр бид тийм баян, боломжтой, мундаг улс болчихсон юм уу? Ард түмний дийлэнх хэсэг нь ядуу байна, өлсөж байна, ядарч байна, хэцүү байна. Тиймээс энэ асуудалд төрийн түшээд гэж хэлэгдэж байгаа хүмүүс жудагтай, ёс зүйтэй байх ёстой. Улс төрийн албан тушаалд хамгийн дээд цэг бол Ерөнхийлөгч. Гэтэл тэр хамгийн дээр очсон хүн одоо юу хүсээд эргээд Ерөнхийлөгч болох гээд байгааг ойлгохгүй байгаа. Тэр хүн судлаачаа хийгээд, зөвлөгөө өгөөд явж болно шүү дээ. Гэтэл юу дутаад ахиад Ерөнхийлөгч болох гээд байгааг ойлгохгүй юм. Яагаад ард түмэн нь эдийн засгийн байдлаас болж өр ширэнд торлуулчихсан, залуус нь лизингийн байрандаа баригдчихсан, ядарч зүдэрч, өнөө маргаашийнхаа төлөө зүтгэж байхад цагаан сонголт гэж дарлаад байгаа юм бол доо?
-ЭХ ОРОНДОО ӨССӨН, ЭХ ОРНОО ХАЙРЛАДАГ, ИЖИЙ ААВТАЙ ХҮНИЙ ӨР ӨВДДӨГ ЮМ-
-Энэ сонгуулийг та ямар ач холбогдолтой гэж харж байгаа вэ? Манай улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар та тайлбарлаж өгнө үү?
-Манайх парламентын засаглалтай, ардчилсан улс. Хэн нэгэн Ерөнхийлөгч баатар гарч ирээд л бүгдийг нь хядаад ч юм уу, бүгдийг нь устгаад болгочих юм шиг ард түмэнд ойлгуулж байгаа нь буруу. Ерөнхийлөгч тодорхой хэмжээний шийдвэр гаргах хэдхэн эрхтэй байдаг. Гадаад ертөнцөд Монгол улсын нүүр царай, эв нэгдлийн бэлгэдэл болоод мэдээж зэвсэгт хүчний командлагч, шүүх засаглал гэх мэт хэдхэн эрхтэй. Гэтэл Монгол Улсад энэ нэг хүн гараад ирчихээр л намыг нь унагаад, бүхнийг шинэчлэх юм шиг буруугаар ойлгоод байна. Үнэхээр бид тусгаар улс мөн л юм бол Засгийн эрх барьж буй 76 хүн чинь хуулиа санаачлаад, бодлогоо тодорхойлоод явна. “Танайх ардчилсан улс биз дээ, тэгээд яагаад зүүний бодлогооор коммунист, социалист үзэгдлүүд байдаг юм бэ? Яаж ингэж байна вэ” гэж надаас нэг гадны хүн асууж байсан. Зөв Ардчилал төлөвшсөн орнуудад сөрөг хүчин маш их хүндлэгдэж, нэр төртэй байдаг. Учир нь сөрөг хүчин эрх баригчдад хяналт тавьж байж аливаа зүйл тэнцвэрждэг. Амьдрал дээр ч хүн үргэлжид жаргалтай инээгээд явбал сэтгэлийн хөдлөл, зовлон гунигийг мэдэхгүй. Яг л үүн шиг улс төрд ч гэсэн сайн муугаар бие биенээ нөхөж, бие биенээ хурцалж байх ёстой. Маргах, үзэл бодол зөрчилдөх үе байх ч үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нийлж ажиллаж чаддаг.
-Та Монголынхоо улс төрд орохоор ирэх үү? Герман улсын төлөө зүтгэсээр дуусах вий гэж санаа зовох хүмүүс байгаа байх?
-Би уг нь энэ бүхэнд оролцохгүй гэж бодож байлаа. Намайг “Чи Германы улс төрч, чи тагнуулч, чи яах гээд байна” л гэдэг юм. Гэхдээ эх орондоо өссөн, эх орноо хайрладаг, ижий аавтай, үр хүүхэдтэй хүний өр өвддөг л юм байна. Гадаадад би сайхан амьдарч байна, тодорхой амжилтад хүрчихлээ, би болж байна, би мундаг байна гэж хэзээ ч өөрийгөө бодож явахгүй. Залуус дэлхий даяар бэлтгэгдэж байгаа. Энэ үеийнхний мөчлөг энд хүрээд дуусч байна, дуусах цаг ирнэ. Одоо бидний үе эхэлж байгаа тул урдах үеийнхээ алдааг давтахгүй, хэлэлцэж, ярилцаж эхлэхгүй бол бидний үр хүүхэд, дараагийн үе маань маш хэцүү байдалд орно. Тиймээс жилийн өмнөөс би “Улс төрийг энгийнээр” нэртэй лекцийг Европ даяар залуучууддаа зориулан тавьж эхлээд байна. АНУ, Япон, Австрали, Канад зэрэг дэлхийн бүх улсад монголчууд маань нэгдэж, залуус хүчээ нэгтгэж байгаа. Тиймээс энэ хүмүүс биднээр ингэж удаан даажигнахгүй, бид чаддаг бүхнээ хийнэ. Тэгэхийн тулд ч эрх мэдэлд хүрч, улс төрд орсон.
-МОНГОЛД НАСАНД ХҮРЭГЧДИЙН “УЛС ТӨРИЙН АКАДЕМИ” БАЙГУУЛАХ АЖЛААР ИРСЭН-
-Даажигнах гэдэг нь?
-Энд надтай гадаадын их олон ажиглагч ирсэн. Ер нь монголоор ярьдаг гадаад хүмүүс их олон бий. Тэд орчуулаад л бүгдийг нь гадаад ертөнцөд цацаж байна. Ингэхээр дэлхий нийтэд эргээд бид, монголчууд хэн болж харагдах вэ, нэр төрөө бодолцох ёстой. Бид хөгжилтэй орон шиг эдийн засгийн хувьд хараат бус байсан бол тэдэн шиг ааш авир гаргаж болно гэхсэн. Гэтэл төрийн түшээд хилийн дээс алхаж “шоппинг” хийдэг, тэнд очиж идэж уудаг, хүүхэнддэг. Ийм төрийн түшээдтэй баймааргүй байна, ичиж байна. Эндээ байхаар ард түмнээ дээрэлхчихдэг, худлаа ярьдаг, хулгай хийдэг. Тэдний талаар дэлхий нийт сонсож байна. Үүнийг таслан зогсооно. Бид өнгөрсөн жилээс эхлээд Герман улстай улс төрч залуусын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөгжилтэй, мундаг орны лидер улс төрчидтэй Монголын залуус уулзаж, туршлага солилцож, хийсэн бүтээснээ танилцуулж, сурч, мэдэж байна. Эргээд бидэнд ч гэсэн чаддаг юм байгаа учир түүнийгээ хэлж ярина. Хэт хөгжсөн Герман мэт улсуудад зарим талаараа дутагдалтай юм бий, тэнд удаан, уйтгартай байдаг. Харин Монголд амьдрал буцалж байна, сэргэлэн байна, бүгд л хөгжлийн асуудал ярьж, бүх юм өрнөж байна.
-Та Монгол Улсыг ямар бодлоготой байгаасай гэж хүсдэг вэ? Товчхон хэлвэл?
-Одоо дайн байлдаан гэж цэрэг зэвсэгтэй тулалдахыг хэлэхгүй, соёлын довтолгоо, хүнсний аюулгүй байдал, эдийн засгаар нь нөлөөлөхийг хэлэх болсон. Бид хуурай газрын арал шиг энэ хоёр улсаас насаараа хамааралтай байх тул Оросыг юм уу, Хятадыг муулаад амжилтад хүрэхгүй. Гуравдагч орны зөөлөн төрийн бодлогоор төвийг сахисан маш ухаалаг байх боломжтой. Бутан, Израйль зэрэг улсууд шиг байж чадвал бидэнд асар их боломж байна. Манай улсад дайн дажин болоогүй, байгалийн гамшигт өртөөгүй, бид өнөөдөр зовж үзээгүй ард түмэн шүү дээ. Хийх ажлаа голохгүйгээр зүгээр л хэмжээндээ байж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе.
-Монголын залуус хүнд итгэх итгэл нь алдарчихаж. Тиймээс нэг улс төрчийн ярьж байгаа яриаг үл тоомсорлож, мөрийн хөтөлбөрийг уншихаасаа илүүтэй тэдний талаар яригдаж буй хов живээр дүгнэлтээ өгч байх шиг. Германд сонгогчид ямар боловсролтой байж, юу уншиж, юунд ач холбогдол өгдөг вэ?
-Улс төрийн боловсролыг цэцэрлэгээс нь олгодог. Худлаа ярьж байна гээд итгэхгүй л байх. Би Монголдоо ирээд ямар нэгэн байдлаар төрд орвол Боловсролын сайд, эсвэл Гадаад харилцааны сайд болохыг хүсдэг. Тэнд бодлогын чиглэлээр хийх зүйлс их бий. Ер нь улс орныг нэг баян юм уу, уул уурхайчин, аврагч, эсвэл супермен гарч ирээд хөгжүүлчихдэггүй. Хөгжлийн мөчлөгүүд гэж бий, манай улсын хувьд энэ мөчлөгүүд дээрээ үсрээд явчихсан. Тиймээс улс төрчид бодлогоо маш зөв тодорхойлж, маш сайн менежер байх ёстой. Боловсролын салбарт шат шатандаа улс төрийн боловсролыг анхнаас нь өгдөг учраас Герман залуус 14 наснаасаа эхлээд улс төрд ордог. Миний хувьд энэ удаа Монголд насанд хүрэгчдийн “Улс төрийн академи” байгуулах ажлаар ирсэн. Эрх баригч намынхан бүгд тийм муухай улс биш, тэдэн дунд мундаг залуус ч бий. Нэг сайд энэ ажлыг минь дэмжиж байгаа, нэрийг нь хэлээд яах вэ. Зорилго нь иргэн хүн, насанд хүрэгч, төрийн түшээд гээд бүх түвшинд улс төрийн боловсрол олгоё, ёс зүй гэж юу байдаг, төрийн хар хүн, улс төрч гэж ямар хүн байдаг юм бэ гэдгийг анхан шатнаас нь сургаж, заана, бэлтгэнэ. Харин ЕБС-ийн хичээлийн программд анхан шатны мэдлэг өгөхүйц хичээлийг оруулах бодолтой байгаа.
-АМЬДАРДАГ ХОТЫН МИНЬ БҮХ ХҮН НАМАЙГ “МОНГОЛ ОХИН” ГЭЖ ТАНИНА-
-Та өөрийн уншдаг лекц, өгдөг сургалтууддаа мөн удахгүй байгуулагдах академидаа улс төрч хүнийг хэрхэн тодорхойлдог, тодорхойлох вэ?
-Ард түмэнд маш ойлгомжтойгоор, худлаа популист үггүйгээр тайлбарлана. Улс төрч хүн гэдэг бодлого боловсруулдаг, ард түмнийг төлөөлж гарч ирдэг хүн болохоос зам засдаг, хандив тараадаг, мөнгө өгдөг ажил биш. Тэргүүн зорилго нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хил хязгаарын аюулгүй байдлыг зөрчихгүй байж, иргэн хүнээ өлсгөхгүй, эрүүл байлгах л үүрэгтэй гэж хамгийн энгийнээр тайлбарлаж болно. Үүний төлөө явдаг хүнийг л улс төрч гэдэг. Үйлчлэн манлайлах урлаг гээд би томъёолсон. Ард түмнээ хаан мэт хүндэлж, үйлчлэх ёстой. Манлайлна гэдэг нь мундаг лектор болж, онгироод яриад байхыг хэлдэггүй. Манлайлна гэдэг өөрийнхөө үйл хэрэг, хийж байгаа үйлдлээр үлгэр дууриал болж манлайлахыг хэлнэ. Урлаг гэдэг нь улс төр гэдэг хадны мангаа, мафийн систем биш, зүгээр л нэг институт юм гэдгийг илэрхийлж байгаа юм. Тиймээс энэ академиараа дамжуулан хамгийн эхлээд төрийн албан хаагч нарт улс төрийн боловсрол олгож, хүнтэй яаж харилцах ёстой вэ гэдгийг зааж, үйлчилгээний алба яаж ажилладаг вэ гэдгийг сургамаар байдаг. Германд энэ бүхнийг хүүхэд залуус өсөх явцдаа л мэдээд авчихдаг тул 14 наснаасаа эхлээд улс төрд орж, арван хэдэн жил тэндээ хөдөлмөрлөж байж жижигхэн албан тушаалд очдог. Тэр нь цалингүй шүү дээ. Ингэж явсаар парламентын гишүүнээс мэргэжлийн улс төрч гэдэг нэр зүүж, цалин авдаг байх жишээтэй. Тэр хүртэл арван хэдэн жил шуналтай, худалч хүмүүс нь шалгараад, шигшигдээд ард үлдчихдэг юм. Бизнесийнхэн, дуу дуулдаг, бөх барилддаг, шүлэг бичдэг хүмүүс энд ордоггүй.
-Цалингүй ажилладаг гэлээ. Яагаад?
-Юу ч үгүй хүн улс төрд орох шаардлагагүй байдаг. Маргаашийн талхаа яаж олох вэ гэдэг зовлонгоосоо салж, түүнийгээ зохицуулсан, тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхэлчихсэн, өөр орлоготой хүмүүс улс төрд ордог. Германд яг л ийм зарчимтай байдаг, “Өөрөө мөнгөгүй хүн мөнгө олох гэж явсаар л таарна, мөнгөгүй хүнд улс төрд ямар ч орон зай байхгүй” гэдэг. Би тийм ч мөнгөтэй хүн биш. Гэхдээ улс төрд орсны дараа монголчууддаа яаж туслах вэ, юу хийх вэ гэж их бодсон. Эхлээд 300 хүнд туслахаар контейнер ачуулж үзсэн, дараа нь сургалтуудаа явуулсан. Сургалтаас боссон мөнгөө наашаа хандиваар явуулсан гээд олон аргаар эх орондоо хөрөнгө оруулсан. Ганц би болоод байхад яагаад энэ хүмүүс чадахгүй байгаа юм бэ гэж бодож, үнэхээр Монгол Улсыг ядуу тарчиг байх сонирхлын бодлогууд явагдаад байгаа юм уу гэж хардана. Эх орноо хайрладаг бол сэтгэл нь өвдмөөр, санаа нь зовмоор, ичмээр. Өнөөдөр орж ирсэн гадныхан манай улс төрчдийг дооглож, шоолж байна, тохуурхаж байна. “Гуравхан сая хүнийг гуйлгачны амьдралаар амьдруулж байна, тэгчихээд Австралийн үхрийн мах идээд, онгоцоор нисээд яваад байна” гэдэг. Энэ бол солиорол, гутамшиг, эмгэнэл. Тиймээс л эдгээр хүмүүст, заая, сургая гэж шийдсэн.
-Сүүлийн үед таныг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхэд дайрч, доромжилдог хүмүүс олон болсон гэж сонссон. Хийж буй ажлуудыг тань харлуулах юм их байна уу?
-Би дуугүй болохгүй, айхгүй байна. Би эх орныхоо төлөө хийж бүтээж байгаа хүн. Хийсэн ажлаараа би цэц булаалдаж чадна. Би худлаа амалж хэн нэгэнд горьдлого төрүүлээгүй, хийх юмаа хийгээд явж байгаа. Германы орон нутгийн салбарт тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Өнгөрсөн жилээс Монголынхоо улс төрчидтэй ч хамтарч ажиллах болсон. Гэтэл сүүлийн үед буруу хөгжиж байгаа залууст шантаажлуулах, дарамтлуулах, доромжлуулах асуудал их гарч, маш их юм үзэх болсон (инээв. сурв). Нэг үгээр хэлбэл, намайг авсанд оруулахаас бусдыг нь хэлж ярьж байгаа. Гэхдээ би шантрахгүй, энэ бүхэн намайг улам хурцалж байгаа. Над шиг олон залуус нэгдэж, бид хилийн чанадаас ч болтугай ажлаа хийсээр л байх болно. Ер нь би Монголдоо байгаагаас дутахгүй их оролцоотой явж байгаа гэж боддог шүү.
-Таны талаар зарим хүмүүс сайн мэдэхгүй учраас дахин асууя. Та өөрөө улс төрийн боловсролоо хэрхэн олж авсан бэ? Таны гаргасан онцлох амжилтуудын талаар ярилцъя?
-Би практикаар суралцаж яваа хүн. Улс төрийн хувьд яг сүүлийн зургаан жил суралцаж, судалж байна. Эх орондоо Герман хэл сурж, эх орондоо боловсрол эзэмшсэн, Монгол улсын бүтээгдэхүүн юм, түүгээрээ ч бахархдаг. Улс төрд хөл тавихад харин манай нам намайг урьсан гэж хэлж болно. Германчуудад илтгэл тавиад явж байхад “Манай улсын хилийг акцентгүйгээр сурсан танаар маш их бахархаж байна, манай “хөгширч” буй Европт залуусын үлгэр дууриал, нүүр царай болохоор юм” гэж байлаа. Тэнд насжилт их, яах аргагүй хөгшин байдаг учраас залуус цөөхөн, мөн улс төрийн идэвхи муутай байдаг. Одоо амьдардаг хотын минь бүх хүн намайг “Монгол охин” гээд л танина. Гадаад байдлаасаа ч тэр, хийж байгаа үйлдлээрээ ч танигдаж байна. Уг нь би асрамжийн газартай болно, жүжигчин болно гээд урлагт их хайртай, телевизийн хөтлөгч хийж байсан хүн шүү дээ.
-ГЕРМАНЧУУД НЬ ЧИ ГЕРМАН ХҮН БИШ ГЭДЭГ БОЛ МОНГОЛЧУУД НЬ ЧИ МОНГОЛДОО БАЙДАГГҮЙ ГЭДЭГ-
-11 настайгаасаа л ажиллаж эхэлсэн гэдэг. Ямар ажил хийж байсан бэ?
-Би 11 настайдаа анх Германд очоод соёлын "шок"-нд орж байлаа. Ийм үлгэрийн юм шиг улс байдаг юм байна, яавал миний эх орон ийм гоё болох бол гэж хүүхэд байхаасаа бодож эхэлсэн. Багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, зохион бүтээгчид маань эх орноо авч явах юм байна гэдгийг олж харсан. Ер нь би амьдралынхаа туршид суралцаж яваа хүн. Хүүхэд байхад аав ээж маань салсан юм л даа. Би аавгүй өссөн, гэхдээ аав минь мундаг хүн, намайг герман хэл сурахад чиглүүлж өгсөн. Харин ээж маань насаараа эмнэлгийн ажил хийсэн хүн байдаг. Бид жирийн нэг гэр бүл шиг амьдралаа болгохын тулд хөдөлмөрлөж байсан. Анх Герман явж ирчихээд ээждээ яаж туслах вэ гэж толгойгоо гашилгах болсон. Тэгээд л ажил хийж эхэлсэн дээ. Монгол Улсад насанд хүрээгүй хүн ажил хийхийг хориглодог ч гэлээ би хийсэн. Тухайн үед төлбөртэй сургуульд сурдаг байсан болохоор төлбөрөө төлж дийлэхгүй асуудалд орсон юм. Гэсэн ч сурмаар байсан хүсэл минь дийлж, захирал багш дээрээ очоод “Багш аа, би суралцахыг их хүсч байна. Тиймээс би төлбөрийнхөө оронд ажиллаж, дүү нартаа хичээл зааж болох уу” гэтэл багш маань маш сайхнаар хүлээж авсан. Ингээд би үдээс хойш нь дүү нартаа хичээл зааж, элчингийн ярилцлагад оролцох гэж байгаа ганц нэг хүнд цагийн хичээл зааж, багшилж эхэлсэн.
-Бундестагийн гишүүн, таны ментор гээд мундаг хүмүүсээр та хүрээлүүлж, тэдний хэлэх ярихыг сонсох нь мэдээж их завшаан байх?
-Зөвхөн мундаг улс төрчидтэй ярьж байж л их юм сурдаг биш шүү дээ. Би энгийн иргэдтэй ч маш их ярьдаг. Хар багаасаа зовлон үзэж өссөн юм болохоор хүнтэй зөв харьцаж сурсан. Хүмүүстэй харьцаж сурахаар 60 настай эмээ, зургаан настай дүү маань ч надад сургана, үе тэнгийнхэн, ээж аавын үеийнхэн ч ихийг хэлж өгдөг. Миний ментор бол Меркель Канцлерийн хамгийн дотны найз, улс төрийг над шиг зөөгчөөр эхэлж байсан мундаг эмэгтэй байдаг. Тэр хүнд тоогдох гэж хоёр жил гаруй хугацаанд гуйгаад надад зөвшөөрсөн. Нөгөө хүн маань Бундестагт дэвшсэн гишүүн маань байдаг. Гишүүний хажууд ажиллаж байхдаа би маш их зүйлийг сурсан. Одоо ч гэсэн Европын холбооны гишүүн, Бундестагийн томчуудаасаа мэдэхгүй зүйл гарвал асууж зөвлөгөө авдаг. Мөн найзууд, Залуучуудын холбооноосоо их зүйлийг суралцаж байна. Цаашид ч суралцах болно. Би хэзээ ч мундаг улс төрч болчихсон гэж хэлж байгаагүй, хэлэхгүй, хэлэх ч үгүй.
-Та хэдэн хүн амтай тойргоос сонгогдсон билээ?
-34 мянган хүн амтай тойргоосоо сонгогдож, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгч гэхээр ичээд байдаг юм (инээв. сурв).
-Нэршил нь тэр юм чинь яах билээ дээ?
-Тийм ээ. Тэнд өрсөлдөөн их байсан. Би буруу, муу муухай явбал Монголын нэр гардаг. Тэнд Солонго гэж хэн ч мэдэхгүй, Монгол охин, энэ Монгол л гэж ярьдаг. Саяхан манай залуучуудын холбооны 70 жилийн ой болж, би дүү охиноо дагуулаад очсон юм. Тэгтэл тэр дүү маань “Солонгоо эгч ээ, би таныг одоо л ойлгож байна. Та ямар их сэтгэлийн тэнхээгээр энэ дунд байдаг юм бэ. Орсон цагаас эхлээд л доороос дээш харж, үл тоомсорлож байна. Энэ шар үстэй хүмүүс чинь ямар их гадуурхдаг юм бэ” гэсэн. Ер нь тийм л байдаг. Германчууд нь ч чи герман хүн биш гээд л, монголчууд ч чи Монголд байдаггүй гээд яг дунд нь хавчуулагддаг. Гэхдээ гүүр болж холбож байгаагаараа би бахархдаг.
-“ДАЙСНАА МАГТАЖ АЛДАГ” ГЭДЭГ. ТИЙМЭЭС НАДАД МАГТУУЛАХ ТААЛАГДДАГГҮЙ-
-Германд таныг олоход хэр хэцүү вэ?
-Хамгийн амархан. Намайг сонгуульд ялсны дараа Монголын сэтгүүлчид манай нам руу хандсан байсан. Энэ үнэн юм уу, ийм хүн байдаг уу, худлаа яриад байна уу гээд асуусан байна лээ. Үнэхээр зарим хүмүүс ийм асуудлаар худлаа яриад байдаг юм байна лээ шүү дээ. Гэтэл миний нэр тод, бүх юм ил байдаг. Тэндэхийн Залуучуудын холбооны ганц Монгол, хоёр Азийн нэг нь. Бүсийнхээ хэмжээнд би ганцаараа Монгол. Ер нь тэнд хүссэн хүн хүссэн газраасаа мэдээлэл авч болдог, бүх зүйл ил тод байх ёстой. Миний хувьд ч маш ил тод байдаг. Гэхдээ би хайрладаг хүн, гэр бүл, дотны хүмүүсээ бусдын доромжлолын бай болгохгүй гэсэн зарчимтай. Бусдаар бол надад худлаа яриад нуугаад, ичих юм юу ч байхгүй.
-Та Герман улсад их зүйл хийж бүтээж, тэнд ажиллаж байна. Гэтэл Монголынхоо төлөө юу хийж байна вэ гэж асуух хүмүүс бишгүй байх?
-Их л юм хийдэг дээ. Би заавал эндээ өөрийн биеэрээ байж байж хийдэг юм биш шүү дээ. Чиглүүлээд өгөхөд хийгээд өгөх хүн маш олон байна. Залуус их дагадаг, хүндэлдэг болж, сайн дурынхан ч их бий болсон. Монгол Германы хамтарсан “Отгонбаяр сан”-гийн ажлууд, Европт байгаа монгол залуусын улс төрийн боловсролд хандаж буй сургалтуудыг дурдаж болно. Тэнд лекц илтгэл тавьсан мөнгөөрөө би хүчирхийллийн эсрэг “Охид” төслийг дэмждэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ажил гээд олон ажил бий. Гэхдээ би ингэсэн, би тэгсэн гээд яриад яваад байхыг хүсдэггүй. Манай байгууллага тусдаа вебсайт ч байхгүй, түүнийг хийлгэх мөнгөө би аль нэг төсөл, аян руугаа шилжүүлчихсэн нь дээр. Улс төрийн хувьд ч би ийм тийм гээд онгироод байх дургүй. Нэг муухай үг байдаг шүү дээ “Дайснаа магтаж алдаг” гэдэг. Тиймээс надад магтуулах таалагддаггүй.
-“Германчууд таныг хэзээ ч герман хүн болж чадахгүй” гэдэг тухай та хэд хэдэн удаа дурдлаа. Харин тэнд монгол хүний давуу тал юу байдаг юм бэ?
-Тийм ээ. Надад “Чам шиг хүн бидний нүүр царай болчихвол юу болох юм бэ. Бид бол уламжлалт герман үндэстэн, түүхт үндэстэн” гэж хэлээд басах, доош нь хийх үе зөндөө бий. Би чинь их шартай хүн, тэр тусам нь улам хичээж, хийж бүтээж чаддаг. Монгол хүн маш хурдтай, сэргэлэн. Гэхдээ сэргэлэн нь дэндэхгүй л бол шүү дээ. Энд тэндэхийн хурал цуглаанд улс төрч хүн хаана суухаасаа эхлээд л боддог. Яг зөв цагт хаана байж байх, хэнтэй юу ярих вэ гэдгээ бодно. Тэр том улс төрчтэй хоёрхон минут л уулзах боломж тохиодог, тэр хугацааг яаж зөв ашиглаж, яаж сэтгэлд нь үлдэх вэ гээд маш их тактик хэрэгтэй. Байлдаанаар бол бүхэл бүтэн салааны урдаас ямар ч зэвсэггүй яаж орох вэ гэдэг шиг л сайн бодож боловсруулна. Түүнээс биш чи ямар гоё хувцаслаа вэ, ямар хөөрхөн юм бэ гээд өөрсдөө хүрээд ирдэг юм биш. Монголчуудын давуу тал бол энэ мэт талууд дээр их хурдтай, сэргэлэн байж, хурдан суралцдаг, дасан зохицох чадвартай, чадалтай, шартай байдаг. Германчуудын хувьд удаан, суурьтай, буурьтай, удаан хугацаанд төлөвлөдөг. Ер нь монголчууд бид хэлсэндээ хүрдэг, хийх ёстойгоо хийдэг шударга зантай бол дутаад байх зүйлгүй л болов уу.
-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Танд сүүлийн асуултыг үлдээе
-Баярлалаа. Олон хэвлэлд ярилцлага өгч чаддаггүй, амждаггүй. Гэхдээ ямар нэгэн арын хаалгагүйгээр, өөрийн хичээл зүтгэлээр болдог юм байна шүү, бүтдэг юм байна шүү гэдгийг залуустаа хэлэх гэж, тэдэнд урам зориг өгөх гэж энэ бүхнийг ярилаа. Мөн нийт залуус, сонгогчиддоо сонгуулиа өгөөрэй гэж уриалмаар, гуймаар байна. Цагаан сонголт гэж битгий яриасай, эдийн засгийн гарз хохирлыг битгий уриалаасай.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАЯР
Сэтгэгдэл