Олны үг ортой эсэхийг шалгалаа
Зураг: Хүйсийн найман нуур
-ГАН, ЗУДТАЙ ЖИЛИЙН ДАРАА НАЙМАН НУУРЫН УС ТАТРАХ
ТОХИОЛДОЛ БИЙ ГЭВ-
Өвөрхангай аймгийн Уянга суманд Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлтээс үүссэн найман нуур байдаг. Дээрх нууруудыг “Хүйсийн найман нуур” хэмээн нэрийддэг бөгөөд 1995 онд ойр тойрны газрыг хамруулан 11.5 га талбайг Байгалийн дурсгалт газар гэсэн ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авчээ.
Өнөөдөр уг найман нуурны тав нь бүрмөсөн ширгэсэн хэмээн зарим хэвлэлүүд мэдээллэж буй юм. Тиймээс “Хүйсийн найман нуур” ширгэсэн эсэх асуудлыг “Олны үг ортой эсэхийг шалгалаа” буландаа онцолж байна.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Тогтохсүрэн “Би хэдхэн хоногийн өмнө энэ мэдээллийн талаар сонслоо. Хэн ийм дэмий юм ярьж явдаг юм, мэдэхгүй байна. Жилийн энэ үед нуурын ус харьцангуй бага байдаг үе. Тиймээс энэ үед нуурыг ширгэсэн гэж болохгүй. Жил бүрийн цаг уур, байгалийн зарим хүчин зүйлсээс болоод нуурын усанд их бага өөрчлөлт гардаг. Зарим жилүүдэд ган, зудтай хатуу жилийн дараачаар найман нуурын ус татрах тохиолдол байдаг. Энэ зөвхөн “Хүйсийн найман нуур”-д биш, бүх л гол мөрөнд ажиглагддаг зүйл шүү дээ. Тиймээс найман нуур ширгэсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье” гэлээ.
Зураг: Хүйсийн найман нуур
Хүйсийн найман нуур нь Монгол орны төв хэсэгт оршдог. Тус газрын ихэнх хэсэг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх агаад баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн, хүн ам сийрэг суурьшсан газар юм. Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Мухар, Дөрөө, Баян-Уул хэмээн нэрлэгдсэн найман нуур байх бөгөөд хоорондоо газар доорхи усны судлаар холбогддог. Нуурууд хоорондоо 500 метрээс гурван км хүртэл зайтай оршдог байна.
Б.ЦОГ
Зураг: Хүйсийн найман нуур /сансараас/
Зураг: Хүйсийн найман нуур
Зураг: Хүйсийн найман нуур
Сэтгэгдэл