Өчигдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ОНЦЛОХ заалтууд

Д.Тулга / Улстөр

chuulgan

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль батлагдсанаар ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

Эрүүгийн хуульд ноцтой заалтууд орсныг зарим гишүүд шүүмжилж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль батлагдсаны дараа мэдээлэл хийсэн. Тэрбээр “Эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль хэлэлцэж байх үеэр “Гүтгэлгийн шинжтэй үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой. Нэг хүн гүтгээд 2.5 сая төгрөг төлөх болоод байна. Ийм байхаар шар сонин, хэвлэл цэцэглэнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт “Төрийн өмчийг ингэж хохироож болохгүй. Иргэд 300 мянган төгрөгийн хохирол учруулсан ч эрүү үүсгүүлж байна” гэв.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг гишүүд нэлээд шүүмжилсэн. Муу хууль орж ирсэн учраас туршлагатай хуульч гишүүд, энэ хууль руу анхаарахгүй байгааг ч хэлсэн юм.

Уг нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон. Гэвч дагаж мөрдөх хүртэлх хугацаанд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил хангагдаагүй гэдэг шалтгаанаар эрх баригчид хэрэгжих хугацааг нь хойшлуулсан билээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан, гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулж, баривчлах ялыг халсан, "ялтай байдал", “онц аюултай гэмт хэрэгтэн”, “давтан” гэх зэргээр хууль зүйн үр дагавар үүсгэж, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгосон, цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан гэх зэргээр дэвшилттэй зохицуулалт нилээд туссан байсан.

Гэвч практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуульд авлигын гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулалт ороогүй байсан аж. Тиймээс энэ талын зохицуулалтыг тусгаж, авлигын гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө /тендер авах, тусгай зөвшөөрөл авах гэх мэт/ үйлдэх нь түгээмэл байдаг тул эдгээр гэмт хэргүүдэд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзжээ.

Хорих ялын доод хэмжээг долоо хоног байхаар тогтоосон нь өргөн уудам нутагтай, хүн ам тархай суурьшсан, хорих байгууллагын сүлжээ, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй манай орны нөхцөлд хэрэгжих боломжгүй төдийгүй, уг ялыг хэрэгжүүлэхийн тулд бодит хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй их хэмжээний зардал гарахаар байгааг үндэслэн хорих ялын доод хэмжээг дахин оновчтой тодорхойлж, ерөнхий ангид заасан ялын бодлогыг дахин хянаж хорих ялын доод хугацааг зургаан сар болгож өөрчлөн бусад төрлийн ялыг уялдуулан өөрчилсөн.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 /Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/, 10.4 /Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх/, 11.3 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 12.1 /Хүчиндэх/, 12.4 /Бэлгийн дарамт учруулах/, 13.4 /Хүнийг хууль бусаар хорих, хүчээр алга болгох/, 13.6 /Хүний орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 13.7 /Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх/, 13.10 /Хувь хүний нууцад халдах/, 14.1 /Ялгаварлан гадуурхах/, 15.3 /Хүний цус, эд, эрхтэнийг хууль бусаар авах/, 15.6 /Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдлын вирус халдаах/, 14.3 /Залилах/, 18.3 /Татвар төлөхөөс зугтаах, зайлсхийх/, 18.8/Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, алилжаанд оролцох/, 18.9 /Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах/, 24.9 /Байгалийн тэнцэл алдагдуулах/, 22.2 /Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах/ -д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг илүү ойлгомжтой болгох, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зохих өөрчлөлтийг оруулжээ.


Нийт зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуулийн төслүүдийг олонхийн саналаар баталсан. Эрүүгийн хуульд нэмэлтээр орж байгаа онцлох заалтуудыг танилцуулж байна.

“6.14 дүгээр зүйл. Гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх

1.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, эсхүл хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг илрүүлэхэд бодитой тусалсан хамтран ажиллах гэрчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.

11/9.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:

4. Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуульд заасан хуулийн этгээдийн нэгэн адил эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

“18.15 дугаар зүйл.Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх

1. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

“18.16 дугаар зүйл.Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах

1. Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1. Албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2. Бүлэглэж,

2.3. Их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20/22.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

“7. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

5/2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2. Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.”

9/5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ.”

17/10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1. Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

“13.4 дүгээр зүйл. Хүнийг хүчээр алга болгох

1. Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаарх мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

19/15.1 дүгээр зүйл:

“1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

21/15.3 дугаар зүйл:

"1.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хууран мэхэлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

24/17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

"1. Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

3.1. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000