Г.Гучин-Ес: Яагаад манай сэтгүүлчид ийм арчаагүй байгаа юм бэ
Сэтгүүл зүй судлаач Г.Гучин-Естэй ярилцлаа.
“АРД ТҮМЭН СЭТГҮҮЛЧИЙН НҮДЭЭР ЕРТӨНЦИЙГ ТАНИМОЙ”
-Танд юу тохиолдоо вэ? Нэлээн бухимдалтай яваа бололтой...
-Би Москвагийн их сургуулийг сэтгүүл зүйн мэргэжлээр төгссөн. Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт 28 жил ажилласан. Одоо ажилгүй. Ажиллая гэсэн ч бололцоо алга. Монголд сэтгүүл зүй ерөөсөө хөгжсөнгүй. Манайд сэтгүүл зүйн салбарт ажиллагсдын эрхийг хамгаалсан маш олон мундаг хууль гарсан. Мэдээлэл олж авах, өөрсдийн аюулгүй байдлыг хангах гээд. Бүх нөхцөл нь бүрдсэн байхад яагаад манай сэтгүүл зүй хөгжихгүй байгаа юм бэ? Яагаад манай сэтгүүлчид ийм арчаагүй байгаа юм бэ? Яагаад худалдагдаад, улс төржөөд, дарга даамлуудынхаа өвөрт наалдаж ороод байгаа юм бэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд ийм байгаа. Сурвалжлагч, сэтгүүлч нар нэрээ цэвэрлэхийн тулд түүнээс татгалзах хэрэгтэй шүү дээ.
-Татгалзах боломж ховор болов уу?
-Тийм ээ. Татгалзаж чадахгүй байна. Яагаад гэхээр сарын 5-6 зуун мянган төгрөгийн цалингийн төлөө. Тэрийгээ ч бүтэн авч байгаа юу, үгүй юу, бүү мэд. Бид ийм л хүмүүсийг хүмүүжүүлээд бэлдчихсэн байна. Тэгэхээр улс төрчид даврах нь аргагүй. Түүний тод жишээ 60 тэрбумын асуудал. Тэрийг илчилсэн залууг л балбаад байхаас биш, тэр дотор яваа авлига, эрх барьж буй улс төрийн намын лидерүүд, Монгол Улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй, бидний өмнөөс шийдвэр гаргадаг улсууд мөнгө босгох, төрийн албыг худалдах, наймаалах, авлига авах, түүнийгээ цэрэгжүүлж бууны ноход болгох асуудал ярьж байхад, ийм том сэдэв дэлгэгдээд байхад энэ талаар хөндөж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл алга байна шүү дээ.
-Манай Мэдээ.мн сайт энэ талаар дуугарч байгаа?
-Танай сайтын мэдээллийг байнга уншдаг, сайн байна. Энэ асуудлыг сонгуультай холбогдуулан ил болгож байгаа. Уг нь түүнийг сэтгүүлч, сурвалжлагч гэдэг хүн хайж олж, уншигч, үзэгч, сонсогчдынхоо эрх ашгийг хамгаалахын тулд хойноос нь мөрдөж мөшгиж, ухаж төнхөж гаргаж ирэх ёстой. Гэтэл хөдлөхгүй байна. Худалдагдсан гэж ойлгох уу, би хэлж мэдэхгүй байна. Энийг би сэтгүүл зүй гэж хэлэхгүй.
-Өнөөдөр Монголд ямар сэтгүүл зүй ноёлоод байна гэж хэлэх вэ?
-Суртал ухаалгын сэтгүүл зүй. Аль нэгэн эрх барьж буй улс төрийн нам, хүчнийг харж бялдуучилж, зусардаж, дагаж далдаганан, ард иргэдийнхээ мэдэх эрхийг зөрчиж байгаа ийм арчаагүй сэтгүүл зүй байна. Үүнийгээ их сайн гэж яриад байгаа. Тэгж зусардаж бялдуучилсныхаа төлөө эд нар гавьяатууд болоод байгаа байхгүй юу. Гавьяат сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн... Бодохоор ичмээр юм, нээрээ. Ичиж амьдраач ээ! Дараа нь энэ салбарт шинээр гарч ирж буй залуучууд юу гэж бодох вэ? Мэргэжлийн сэтгүүл зүй гэж яриад байдаг. Өнөөдөр энэ ноцтой баримтыг сонин дээр буулгаад хэвлэсний төлөө цагдаа ирээд дарамтлаад байхад сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчдийн эрх дарх, чөлөөт, хараат бус гээд хашгираад байдаг авгай хүүхнүүд, хянаж шалгадаг, сэтгүүлчдээ өмгөөлдөг байгууллага, нөгөө гавьяатууд маань хаана явна вэ? Ингээд л хар.
-Нийгэм өөрөө зарим сэтгүүлчдийг маань “эвдээд” байгаа юм биш үү?
-Биш биш, биш. Миний хэлэх дуртай үг бий. 80-аад оны эхэн үед Бямбын Ренчин гуай Оросын сэтгүүлчид номоо бэлэглэхдээ хавтсан дээр нь бичсэн үг. “Ард түмэн сэтгүүлчийн нүдээр ертөнцийг танимой”. Нийгэм эвдэж байгаа юм биш, хэвлэл мэдээллийг эрхэлж буй эзэд эвдэж байгаа юм. Сэтгүүл зүйн чиглэлээр сургалт явуулж буй манай бүхий л сургуулиуд эвдэж байгаа юм. Тэдгээрийн багш, захирлууд ямар хүмүүс байдаг гээч! Ёстой арчаагүй долдой нар. Өнөөдөр сэтгүүлчид шударга биш болохоор нийгэм яаж шударга байх юм бэ. Танд очих ёстой төсөв, төрийн бодлого, мөнгийг наймаалцаад, иргэдэд үйлчлэх ёстой, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой, бидний өмнөөс шийдвэр гаргадаг хүмүүсийг мөнгөөр худалдаад сууж байгаа эрх баригч намын удирдлагуудын булай яриаг дэлгээд байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуугарахгүй байна шүү дээ.
-ИЙМ БУЗАР БУЛАЙ, АВЛИГАЧ, ЛУЙВАРЧДЫН ГАР, ХӨЛ БОЛЖ БАЙГАА
ТӨРИЙН ЦАГДАА НАР ИЧИХ ХЭРЭГТЭЙ-
-Дуугарсныг нь дарамталж, шалгах үйл ажиллагаа ч ил цагаандаа гарлаа л даа?
-Тийм ээ, дуугарсныг нь барьж баривчлаад байна. Тэгэхээр энэ чинь сэтгүүл зүй биш байхгүй юу. Монголд сэтгүүл зүй байхгүй. Дэлхийн аль ч улсад сэтгүүл зүй яг л адилхан. Иргэдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэнэ. Мэдэх эрхийг нь хүндэтгэнэ гэдэг юмны учир зүйг ухаж төнхөж, хөдөлмөрлөж, эрж хайх юм. Түүнийхээ бүх боломж нөхцлийг аз болж манайхан батлуулаад авсан. Гэтэл энийг хэн ч хэрэглэхгүй байна. Хэрэглэж мэдэхгүй. Түүний оронд хэн нэг даргын бөгсийг долоогоод, далдаганаад, өгсөн хусамных нь хэлтэрхийгээс хүртээд суух гэж ойлгоод байна. Хэлэх үг алга.
-Одоо энэ сонгууль дээр бүр ил тод харагдаж байна?
-Сонгуулиар хэдэн төгрөг авна аа, авна. Үйлчилснийхээ төлөө цагаа, хуудсаа, талбайгаа өгч байгаагийн төлбөр, сурталчилгааны төлөө мөнгө авдаг болохоос тэдний үзэл суртлыг давтаад, хэн нэгнээ муулаад, гүтгээд, гүтгэж байгаа хүмүүсийг их сүртэй очиж бичиж авч хуулсан мөртлөө яагаад гүтгээд байгаа юм бэ гэж ганц асуулт тавьж чадахгүй түүнийгээ гаргаж байгаа сэтгүүл зүйг юу гэж хэлэх юм бэ? Жинхэнэ коммунист нийгмийн суртал ухуулга энд явж байгаа байхгүй юу. Иргэд одоо бүр толгой нь эргэчихээд байна.
-Сонгууль бүрээр л манай өрсөлдөгч нар бие биенээ “байхгүй” болтол нь муулах юм?
-Ардчилсан намын нэр дэвшигч өнгөрсөн хугацаанд сонгуулийнхаа кампанит ажлын хүрээнд түгээж буй мэдээлэлдээ хоёр өрсөлдөгч нэр дэвшигчийнхээ нэр төрд огт халдсангүй. Хоёр нүцгэн баримт гаргаж тавьсан. Нэг нь 60 тэрбумын 90 минутын бичлэг, нөгөөх нь гадаадын хүнээс хандив авч байгаа Ганбаатарын тухай бичлэг. Өөр ямар ч сөрөг мэдээлэл гаргаагүй. Гэтэл өрсөлдөгч нар нь Ардчилсан намын нэр дэвшигчийг яаж доромжилж, дайрч давшилж байна вэ. Би нэг юм хэлмээр байна. Ийм бузар булай, авлигач, луйварчдын гар хөл болж байгаа төрийн цагдаа нар ичих хэрэгтэй шүү дээ. Хэнд долигонож, хэний гар, хөл болоод яваад байгаагаа ухамсарлаж, XXI зууны сэхээтэн улсууд ичих хэрэгтэй биз дээ.
-60 тэрбумын бичлэгт эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн шүү дээ?
-Бод доо, энэнээс илүү баримт хаана байгаа юм бэ? Сэтгүүлчид таг чиг. Тэр тушаал гаргасан хүн нь хэн юм бэ, хэн хэнийг дуудаж байцаасан юм бэ, хэн хэнээс мэдүүлэг авсан юм бэ, ямар асуулт тавив, мэдүүлэг авсан АТГ-ын байцаагч хэн бэ гэх мэтчилэн иргэд мэдэхийг хүсч байна. Гэтэл байхгүй. ЦЕГ-ын дэд дарга гэж нэг нөхөр гарч ирээд дүгнэчихэж байгаа юм. Хүнийг гүтгэж доромжилсон мэдээллийг хэвлэл мэдээллээр цацаад, нийгэмд тогтворгүй байдал үүсгэж байна гээд. Харин өөрсдөө нийгэмд тогтворгүй байдал үүсгээд байгаа байхгүй юу. Цагдаа нар шударга байх гэсэн сурвалжлагчийг гэр оронд нь очоод, баривчилна гэж айлгаж ичээгээд, дарамтлаад байна. Нас тогтсон сэтгүүлчдийг тэгж байгаа юм чинь залуу жаахан охид, хөвгүүдийг яаж айлгаж байгаа бол? Гэхдээ хулгай хийж, худал хэлээгүй бол хүн айх хэрэг байхгүй. Би тэнд очиж буй цагдаа нар ичээсэй гэж бодож байгаа юм. Та нар үр хүүхэдтэй, аав ээжтэй, найз нөхөдтэй, авгай хүүхэдтэй. Ийм муухай юм хийчихээд та нар яаж хүний нүүр харах юм бэ. Одоо тэр Ц.Нямдоржоос сурвалжлагч нар асуух хэрэгтэй.
-Юуг тэр вэ?
-Ийм баримттай материал дэлгэчихээд байхад танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Энхболдыг та магтаад сууж байх юм. Та шударга хүн шүү дээ. Хэрэв та өөрөө ийм юманд орсон бол яах ёстой байсан бэ гэж. Энэ бичлэг зохиомол байсан гэж бодъё. Нэр төрөө цэвэрлэхийн тулд яах ёстой вэ? Тэд жишээ авах дуртай, гадаадынхан, Америк, Япон ингэдэг гээд. Тэнд чинь юу вэ, ийм юм ярих битгий хэл, албаны машинаар эхнэр нь дэлгүүр явсан байхад огцорч байгаа. Тэднээс авахаа больё. Монгол уламжлал, соёлоо хадгалъя. Алга болчихоод байна. Ингэж дуугарч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг ч алга. Надад энэ салбарт маш олон шавь бий. Шавь нартайгаа уулзахад “Багш аа, ажил хийхэд их хэцүү байна. Дарга загнадаг, редактор мэдээлэл оруулахгүй байна” гээд. Хориод байвал тийм газар битгий ажилла л даа. Хаяад яв. Өөрсдөө шинэ юм байгуулаад, мэргэжлийн юмаа ажиллуул л даа. Залуучууд чадна шүү дээ. Заавал худалдагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дагаж байснаас нэр цэвэр, тэгж явах хэрэгтэй.
-СЭТГҮҮЛЧ МЭРГЭЖИЛ ГАЙХАМШИГТАЙ, ТӨРИЙН ДӨРӨВ ДЭХ ЭРХ МЭДЭЛ-
-Сэтгүүл зүй хөгжлийнхөө тодорхой үе шатуудыг туулаад явж байгаа юм биш үү?
-Үнэн, дамжиж явах ёстой. Ийм юм байдаг. Манай сэтгүүл зүй 300-400 жилийн л түүхтэй. Тэр дотроо манайд мэргэжлийн сэтгүүл зүй үүсээд 20 гаруй жил болж байна. Бид хамаагүй их юм нэхэж байж болно. Гэхдээ монголчууд мэдээллийг маш их үнэ цэнэтэй үнэлдэг ард түмэн байхгүй юу. Хэн худлаа яриад байна, хэн нь худалдагдсаныг мэддэг ард түмэн. Монголчууд шиг мэдээллийн төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй мэдээллийг үнэлдэг, үнэ цэнэ, ач холбогдлыг нь ойлгодог ард түмэн дэлхийд байхгүй.
-60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэсэн тайлбар хийсэнд та итгэсэн үү?
-Би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Одоо мэлийгээд зурагтаар гараад суух цаг биш ээ. Уучлалт гуйгаад, бушуухан алга болох ёстой ш дээ, энэ Энхболд. Хуулиа баталсан хүн 60 минутын бичлэг эвлүүлэг байна гэж яриад суугаа байгаа. Юу эвлүүлсэн юм бэ. Өөр хүний дууг өөрчлөөд мань хүний дуу хоолой болгоод хувиргачихаж уу? Мань эрийн хурал дээр суусан зургийг эвлүүлээд тавьчихаж уу? Энэ чинь 60 тэрбумын хэрэгдээ биш. Түүний цаадах үр дагавар нь Монголын төрийг шавар шавхайтай хутгаад хаяж байна. Хэвлэл мэдээлэл ийм л юмнаас сэргийлж, ард түмэн, уншигч, сонсогчдынхоо эрх ашгийг хамгаалж тэмцэж, хөдөлмөрлөж байх ёстой. Бидний үүрэг ердөө тэр. Монголын төрийг гутаан доромжилж буй Энхболдыг дэмжинэ гээд магтаад яваа Гадаад явдлын яамны сайд байсан Гомбосүрэн гуай, Ц.Нямдорж гишүүн хоёр ичээч ээ.
-Тэд 90 минутын тэр бичлэгийг үзээгүй байна гэж байхгүй байх?
-Бидний үлгэрлэн дуурайх ёстой хүмүүс шүү дээ. Намын стратегид нь Монгол улсаа хөгжүүлэх тухай байхгүй байж болох уу. Үнэхээр ичмээр байгаа биз дээ. Бод доо, цагдаагийн дарга хэвлэлийн бага хурал дээр 3000 хүн сольсон гээд ярьж байна. Нэг хүн 20 сая төгрөг цуглуулахад 60 тэрбум чинь босчихно. Өнөөдөр нэг дүүргийн ЗДТГ-т 40 гаруй албан тушаал наймаалж байна. Улаанбаатар 9 дүүрэгтэй, улс 21 аймагтай. Хичнээн их мөнгө босож байгаа юм бэ, энд чинь. Тэгээд энэ мөнгөнүүд төсөвт орсон уу, асуугаач! Хэрвээ би сурвалжлагч байсан бол аль нэг солигдсон дарга дээр очоод “Та авлига өгөөгүй юм бол нэр төрөө цэвэрлээч, олон нийтэд хандаж үгээ хэлээч. Хэлэхгүй бол та намын даргадаа авлига өгсөн юм байна шүү дээ, тэгээд энэ албан тушаалд томилогдсон юм байна” гэж асуух байсан. Тэгж асуух хэрэгтэй байна. 2220 жилийн түүхтэй Монгол Улсын ерөнхийлөгч болох гэж байгаа хүн ийм юманд холбогдчихоод, худлаа намайг гүтгэж байна гээд суугаад байж болох уу? Та нар Ардчилсан намын Баттулгыг хар. Намайг гүтгэж байна гэж хэлж байна уу? “Би өөрөө мэдээгүй байж ихээхэн хөрөнгөтэй болчихлоо. Амны билгээс ашдын билэг. Их хөрөнгө мөнгөтэй болох юм байна гээд баярлаад, ёжлоод л явж байна. Сэтгүүлч гэдэг мэргэжил чинь гайхамшигтай байхгүй юу. Энэ чинь төрийн дөрөв дэх эрх мэдэл. Хууль, шүүх, хууль тогтоох байгууллагыг хянаж шалгаж, буруу юм хийвэл илрүүлж байдаг ийм эрх мэдэлтэй салбарын хүмүүс ингэж доош орчихоод, хэдэн халтар төгрөгийн төлөө яахаас ч буцахгүй байна. Луйварчин, хулгайчдын сурталчилгааг цацахгүй бай л даа. Иргэний зоригтой байх хэрэгтэй.
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл