Хөдөлмөрч монгол залуус цуврал-Ц.Түмэнбаяр

Aдмин / Нүүр

Олон хүнд итгэл урам хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлж буй энэ залуу “Хашаандаа сайхан амьдрая” гэдэг үгээр олонд танигдсан Ц.Түмэнбаяр юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Та өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Цэнгэний Түмэнбаяр гэдэг. Би Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрж, өссөн. Гадна тохижилт ногоон байгууламж чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ургамлын далай” ХХК-ий захирал. Сүүлийн 10-аад жил Улаанбаатар хотод гадна тохижилт ногоон байгууламжийн ажил хийж байна.

-Таныг “хашаандаа сайхан амьдаръя” ТББайгууллагаар нь монголчууд таньдаг болоод байгаа. Яагаад энэ төслийг санаачлах болов оо?

- Улаанбаатар хотод 240 мянган хашаа, 21 аймаг 330 гаруй сум сууринд 200 мянга орчим нийтдээ 400 мянга гаруй хашаа монголд байгаа. Үүнд сая гаруй хүн буюу монголын гуравны нэг нь хашаанд амьдарч байна. Хавар болохоор манай компани руу хашаагаа гоё болгож, амьдрах орчноо сайжруулмаар байна гэсэн хүмүүсийн санал, хүсэлт их ирдэг. Бид тэр болгон айл, өрх, иргэнд үйлчилгээгээ хүргэж чадахгүй учир иргэд өөрсдөө амьдрах орчноо сайжруулах боломж байна гэдгийг ойлгуулъя гэж 2016 онд “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг санаачилгыг эхлүүлсэн. Гэр хороололд амьдардаг иргэн, өрхөд 4 жилийн турш хашаандаа сайхан амьдрах боломж, нөхцлийн талаарх сургалтуудыг зохион байгуулсан. Үүнд Улаанбаатар, Хөвсгөл, Өмнөговь аймгийн иргэд хамрагдсан.

-Айл, өрхүүд ч энэ санаачилгад сайн нэгдэж, Фэйсбүүк группын гишүүдийн тоо эрс нэмэгдлээ. Нийгэмд үр нөлөөтэй, иргэн, өрхөд ойр ажил гэдгийг хүн бүр ойлгож байх шиг байна?

-Сошиал орчныг ашиглаж, мэдээ мэдээлэл түгээхээр “Хашаандаа сайхан амьдаръя” групп, пэйж хуудас ажиллуулж эхэлсэн. Группын дагагч сүүлийн нэг жилд огцом өссөн. Одоогоор групп нь 243 мянган дагагчтай, пэйж хуудас 70 мянга, нийтдээ 300 гаруй мянган хүн “Хашаандаа сайхан амьдаръя” санаачилгын үзэл санааг олон нийтийн сүлжээг ашиглан хүлээн авч байна.

-Нийтийн орон сууц, хашаа хоёрын аль нь илүү үнэлэмжтэй, тааваараа амьдарч болох сайхан жишээг энэ төсөлд нэгдсэн хүмүүс харуулж байна. Хотын өнгө үзэмж ч үүнийг дагаад сайжирна биздээ.

-Иргэд өөрийн гэсэн эдлэн газар, эзэмшилтэй амьдрах сонирхол давамгайлж байна. Нэг хэсэг хүмүүс орон сууцанд орох гэж мөрөөдөж, гэр хорооллыг өөрөөр харан, тэнд амьдардаг гэж хэлж, яриахаасаа хүртэл ичдэг байсан. Харин өнөөдөр буцаад өөрийн гэсэн зай талбайтай хашаанд амьдрахыг хүсдэг болжээ. 50м2 орон сууц, 700м2 хашаанд эдлэх эрх чөлөө харьцангуй өөр. Коронавирус гарч хөл хорио тогтоох үед байранд амьдардаг хүмүүс торонд орсон шувуу шиг болсон. Ялангуяа ийм хорио дэглэмийн үед эзэмшил хашаа маш чухал юм байна гэдгийг хүмүүс илүү ойлголоо. Энэ өвөл ч коронавирусийн нөхцөл байдал идэвхжиж, хөл хорио тогтоож мэднэ гэсэн үүднээс хашаа, байшиндаа очиж амьдарч магадгүй гэж дулаалга, халаалтаа шийдвэрлэх хандлага ажиглагдаж байна.

Монголчууд хэдэн мянган жил нүүдэллэж амьдардаг байсан. 1920 оноос эхлээд 21 аймаг, 330 сум, нийслэл хот байгуулж суурин газар амьдраад 100 жил болж байна. Төв суурин газар амьдраад ирэхээр олон асуудлууд үүсдэг. Тухайлбал: Төв суурийн газрын хөрс, агаарын бохирдолын 80 хувийг гэр хороолол үүсгэж байна. Гэр хорооллын яндангаас гарч буй утаа, нүхэн жорлонгоос энэ бохирдол гардаг. Үүнийг бууруулахын тулд төр засаг, нийслэл, аймагт 10-аад жил их хэмжээний төсөв, мөнгө зарцуулсан боловч үр дүнгээ өгөхгүй байна. Тэгэхээр зөвхөн төр захиргааны байгууллагууд бус хашаанд амьдарч байгаа иргэд, хүн бүхэн бохирдолгүй орчин бий болгочихвол цэвэр хот бий болно.

-Аймгуудад клуб байгуулаад эхэлж. Өөрийн төрж өссөн газартаа энэ санаачилгыг хэрхэн өргөжүүлж, өрнүүлэх вэ?

-Увс, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудад салбар клуб байгуулагдсан байгаа. Хөвсгөл аймагт 2018 онд “Иргэдийн оролцоо”, “Хашаандаа сайхан амьдаръя”, “Жорлонгоо өөрчилье” уулзалт, хэлэлцүүлгийг хийсэн. “Хашаандаа сайхан амьдаръя” фэйсбүүк группд Улаанбаатар хотын иргэд хамгийн их байдаг бол хоёрдугаарт 10-д мянган гишүүн Хөвсгөл аймгаас бий. Орон нутагтаа оноос өмнө энэхүү клубыг байгуулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ.

-Мөрөнд хашаандаа сайхан амьдрах бололцоо хэр вэ?

- Бусад аймаг, Улаанбаатар хотыг бодвол манай аймагт хашаандаа сайхан амьдарч болох давуу талууд олон. Газар нь тэгш, гудамж цэгцтэй байна. Ялангуяа инженерийн шугам сүлжээ татахад саад бэрхшээл учрахгүйгээр зардал багатай, богино хугацаанд дэд бүтэцжүүлэх боломж бий. Мөн хангайн бүс учир бороо, газрын чийг ихтэй тул мод бут тарихад ургах боломж өндөр. Мөрөнчүүд их ажилсаг, амьдрах орчноо өөрөө өөрсдөө сайжруулах сонирхолтой хүмүүс маш их байдаг. Сэдэлжүүлж, мэдээлэл өгч идэвхжүүлэхэд л иргэд амьдрах орчноо таатай болгох боломжтой.

-Ийм санаачилгыг хэрэгжүүлээд явж байхад төр засгийн ямар дэмжлэг хэрэг болдог вэ?

-Хашаанд амьдрахад төр засгаас хийх ажил, иргэн өөрөө хийх ажил гэж байгаа. Төр засгаас инженерийн шугам сүлжээ тэр дундаа цэвэр, бохир ус, халаалтын асуудлыг нь төрийн бодлогоор дэмжээд, гудамжуудаар явуулаад өгөх хэрэгтэй. Ийм тохиолдолд иргэд хашаа руугаа татаад оруулчих юм. Дарханы нэг сайн жишээ байна. Инженерийн шугамыг иргэд гудамжнаасаа гэр рүүгээ татаж оруулах зардлыг 8 хувийн зээлд хамруулаад шийдсэн байна. Тухайн айл, өрхөд нэг дор 5,6 сая төгрөг гаргаж шугам татах санхүүгүй байж болно. Тэгвэл зээлд хамрагдаад бага багаар нь төлөх боломжийг нь олгосон байна билээ.

-Хашаандаа сайхан амьдарч байгаа тэргүүн туршлагуудыг МҮОНТелевизтэй хамтран олон нийтэд хүргэсэн. Ер нь иргэд их тууштай хөдөлмөрлөсөн харагддаг?

-Амьдрах орчноо сайжруулж буй туршлагуудыг телевизүүд их сурталчилж олон нийтэд хүргэдэг боллоо. Энэ талын мэдээллийг хүмүүс ч их үзэж байна. МҮОНТелевиз бидэнд хандаж хашаанд сайхан амьдарч байгаа 10 айлыг сонгож “Эдлэнгийн эзэд” гэдэг нэвтрүүлэг бэлтгэсэн. Энэ айлуудаар сурвалжлага бэлтгэж явахад ганц л зүйл анзаарагдаж байлаа. Амьдрах орчноо сайжруулахад мөнгө чухал биш хамгийн гол нь тасралтгүй, тууштай хөдөлмөрлөсөн нь харагдсан. Нэвтрүүлэгт оролцогчид энгийн амьдралтай, дундаж орлоготой, гэр бүлийн нэг гишүүн нь ажилтай, нэг нь ажилгүй ийм л жирийн хүмүүс байна. Нэг ч дарга, олигарх байсангүй. 3-10 жилийн хугацаанд амьдрах орчноо сайжруулж буй туршлагуудыг хүргэсэн. Сайхан амьдарч байгаа айлуудыг олон нийтэд түгээснээр тухайн хүмүүс урам зориг авч, өөр олон хүнд санаа, сэдэл өгдөг.

-Цаашид Хөвсгөл аймгийнхаа иргэдэд ямар боломж бий болгож, амьдрах орчныг нь таатай болгоход анхаарах вэ?

-Хашаанд амьдарч байгаа хүмүүс бүгд нэгдэж, туршлагаа хуваалцах, түүнээсээ суралцдаг ийм клуб байгуулна. Мөн хашаандаа аж ахуй эрхлэх боломж, цэвэр, бохир, дулаалгын асуудал зэргийг шийдэхэд дэмждэг гадаад, дотоодын төсөл хөтөлбөр, хүү багатай ногоон зээлүүдийг аймаг, орон нутагтаа дээрх клубээр дамжуулан хэрэгжүүлэх, Хөвсгөлчүүд энэ зээлд хамрагддаг болох талд анхаарна. Орон нутгийн сонгууль болох гэж байна. “Хашаандаа сайхан амьдаръя” санаачилгыг мөрийн хөтөлбөртөө оруулсан намууд байгаа. Энэ намууд бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбоод өгвөл богино хугацаанд Мөрөнчүүд ногоон хашаатай болж, амьдрах орчин нь сайхан болох боломжууд байна.

Ярилцсан Б.Гэрэлням

Архив: 2020 он


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.37] 2022-09-09 02:24:56

ene ih zov zaluu.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.