Н.Энхсайхан: Монголчууд технологийн салбарт цойлох боломжтой

Aдмин / Технологи

Энэ удаагийн дугаарт “Эмпасофт” Мэдээлэл технологийн дээд сургуулийн хамтран үүсгэн байгуулагч, “Woman in Tech” хөдөлгөөний Монгол салбарын элч, олон улсын көүч, зохиолч Н.Энхсайханыг урилаа.

ОЮУН САНААНЫ “ТҮГЖРЭЛ”

-Монголчууд дэлхийн хүмүүст өвөрмөц соёлоороо ховор эрдэнэ мэт харагддаг. Гэтэл дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж байгаа монголчууд эх орондоо ирэхээрээ өөр хоорондоо ойлголцохгүй байх нь давамгай болчихдог бололтой. Бид аливаад шүүмжлэлтэй хандах сэтгэлгээндээ хэт автаж байна. Үүнийг оюун санааны “түгжрэл” гэж би хувьдаа боддог. Тиймээс олон улсад сурч боловсорч байгаа мянга мянган монгол залуус үүнийг тайлах гэж эх орондоо буцаж ирж байгаа гэдэгт итгэдэг. Би ч мөн адил хүний нутагт сурч мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулах хэрэгтэй гэж боддог.

Монгол Улсын хөгжилд залуусын оруулж чадах хувь нэмэр юу байж болох талаар үеийн залуус байнга ярилцдаг. Одоо ч ямар асуудал нийгэмд тулгамдаж байна. Түүнээс гарах ямар зөв гарц байх вэ гэдгийг ярилцаж хэлэлцдэг. 2010-аад оны үед уул уурхайн салбар хүчээ авч байхад хүн бүр уурхайд ажилладаг болохыг хүсдэг байсан. Харин одоо дэлхий нийтээр оюуны уурхай гэгддэг мэдээлэл технологийн салбар хүчээ авч байгаа энэ үед монголчууд ч мөн энэ салбарыг хөгжүүлж оюуны уурхайг ухах бүрэн боломж бий.

Нөгөөтэйгүүр аливаа зүйлд гомдоллоод байх маш амархан юм байна гэдгийг ойлгосон. Ялангуяа монголчууд дийлэнхдээ гомдчихдог. Түүнийгээ тайлахгүй цааш улам лавшруулаад яваад байдаг юм байна гэж анзаарагдсан. Тэгэхээр гомдоллоод суугаад байх уу. Эсвэл түүнээс гарах арга замыг эрэлхийлэх үү гэдэг хүний оюун санаагаар удирдагддаг зүйл. Учир нь хүн бүхнийг хамгийн ихээр бухимдуулдаг нь замын түгжрэл. Тэгвэл хэн нэгэн албан тушаалтанд бурууг тохож бухимдаж суухаар хувь хүн өөрөөс шалтгаалах зүйлийг хийж хэвших хэрэгтэй гэж боддог.

Ер нь аливаад гомдоллохоос илүү өөрт байгаа нөөц бололцоог дайчлан хэрхэн зөв гарц гаргалгааг олж болох вэ гэдэг шийдлийг хэлэлцдэг, ярилцдаг байх нь оюун санааны “түгжрэл”-ийг тайлах гаргалгаа байх болно. Мэдээж шийдлийн талаар ярилцаад өнгөрөхөөс илүүтэй хэн юу хийж чадах вэ гэдгээс хэрэгжүүлэх алхмыг тодорхойлж дор бүрнээ ажил хэрэг болгох боломжийг эрэлхийлснээр бодит үр дүн гарна. Аливаа зүйлд гарц, гаргалгаа гаргахын тулд заавал тогтоол, шийдвэр, хэн нэг даргын гарын үсэгтэй бичиг байх шаардлагагүй. Хүн бүр, дор бүрнээ бусдад зөв үлгэр дууриалалтай амьдрах нь бусдын хандлагыг өөрчлөх луужин болох юм.

ТЭГШ ОРОЛЦОО БА ХҮРТЭЭМЖ

-Мэдээллийн технологийн салбар шинэ тутам хөгжиж байгаа ч орон зай, цаг хугацаа үл хамааран эдийн засгийн эргэлтэд орох боломжтой гэдгээрээ онцлог. Тиймээс энэ салбарт залуус оюуны экспорт хийх боломжийг нь түлхүү харсан юм байна гэдэг нь анзаарагддаг. Энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эхний алхмыг хийх ёстой гэдгийг 2019 онд хийсэн судалгаа шинжилгээний ажлаас олж харсан. Өөрөөр хэлбэл, дээрх судалгааны үр дүн технологийн салбарт ажиллагсдын 26 хувь нь л бүсгүйчүүд байсан. Ингээд өнгөрсөн оны тоон мэдээллийг харахад дээрх дүн 46 хувьд хүрсэн байгаа юм. Тэгэхээр технологийн салбарт ажилладаг гэдгээ илэрхийлж байна гэдэг дараагийн амжилтынх нь эхлэл. Энэ зөвхөн технологийн салбарт хамааралтай зүйл биш л дээ. Нийгмийн харилцаанд орж байгаа бүхий л салбар, бүх хүнд хамаатай асуудал.

Нөгөөтэйгүүр технологийн салбарын боловсон хүчин нэмэгдсэн нь их дээд сургуульд мэдээллийн технологийн мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн гэж харж болохгүй. Энэ нь өнгөрсөн цар тахалтай жилүүдэд манай салбарт хөрвөж ажилласны нөлөө гэж болно. Мөн түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа компаниудын ажиллах журам, бодлогоо сонирхолтой хэлбэрээр боловсруулж эхэлсэнтэй холбоотой гэж хардаг. Учир нь бүхий л түвшинд хүйсийн тэгш оролцоо, хүртээмжийг хангахад анхаарал хандуулж байгаагийн үр дүн гэж болох юм.

Тэгэхээр алив зүйлд эрэгтэй, эмэгтэй хүний оролцоо ижил тэнцүү байх хэрээр гарч байгаа шийдэл, шийдвэр уян хатан, бодит хөрсөнд бууж хэрэгжихэд илүү хялбар, тохиромжтой байдлыг хангадаг. Тухайлбал, гар утасны апп бүтээж байгаа багийн гишүүд бүгд эрэгтэйчүүд гэж бодьё. Гэтэл тухайн апп-ыг хэрэглэгч нь дийлэнх нь эмэгтэйчүүд. Мэдээж судалгаа, шинжилгээ, загвар гээд олон зүйлээс бүтэж байгаа тухайн апп-ыг голлон хэрэглэх бүсгүйчүүд үнэндээ ойлгохгүй, хэрэглэхээс төвөгшөөж эхэлнэ. Энэ нь бизнесийн эрэлт, нийлүүлэлтэд нийцэхгүй байна гэсэн үг. Тиймээс л бизнесийн орчинд хүйсийн тэгш оролцоо, хүртээмжийг чухалчилдаг болсон гэж боддог.

Бас нэг зүйл мэдээллийн технологийн салбарыг зөвхөн эрчүүдийн ажиллах талбар гэдэг ойлголт монголчуудын дунд түгээмэл байсан нь саяхан. Харин одоо энэ ойлголт өөрчлөгдөхийн хэрээр хүйсийн тэгш оролцоог хангахад анхаарал хандуулдаг болсон байна. Мэдээж энэ салбарт тэгш оролцоог хангахын тулд удирдах албан тушаалтан, инженерүүд шийдвэр гаргахаас гадна эмэгтэйчүүд өөрсдөө манлайлж, үлгэр дууриалал үзүүлж ажиллах учиртай.

Хаана ч манлайлагч байж болно

-Орчин цагт хүмүүсийн хандлага хэт “би” төвтэй болчихсон гэдэг шүүмжлэл гардаг. Тэгвэл үүнийг хэн өөрчлөх вэ. Магадгүй та, би, бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн зөв үлгэр дууриалал өөрчлөх боломжтой. Үүний тулд хэлбэр дүрс, өнгө үзэмж гоо сайхан байхаас илүү агуулга чухал гэдгийг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, бусдад харагдах дэгжин төрх эргээд гарах төдийд л мартагдана. Харин таны мэдлэг оюун, төлөв төвшин байдал хэзээ ч хөгшрөхгүй. Тэр ч бүү хэл, олноо хүндлэгдсэн эрдэмтэй, бусдыг хэлсэн үгээрээ хүмүүжүүлдэг алдартнуудын үгийг хүмүүс эшлэл үг хэмээн бусдад түгээдэг. Энэ бол агуулга хуучирдаггүйг харуулж байгаа хэрэг.

Нөгөөтэйгүүр, бусдад үлгэр дууриалал үзүүлж, манлайлахын тулд албан тушаалтай байх албагүй. Бусдад үүрэг даалгавар өгдөг, “дарга” хэмээлгэх шаардлагагүй. Манлайлагч гэдэг хэн байхаас үл хамааран бусдад хүндлэгддэг. Хэлсэн үгийг нь хүмүүс амьсгаагаа дарж чагнадаг. Хийж байгаа үйлдэл нь бусдад дандаа үлгэр дууриал үзүүлдэг тэр хүнийг жинхэнэ манлайлагч гэж боддог.

Ер нь хүн хаана ч манлайлагч байж болно. Заавал олны танил, өндөр албан тушаалтай эсвэл эрдмийн зэрэг цол хамгаалахаар манлайлагч болохгүй. Жишээлбэл, айл бүрт бусдыгаа манлайлж, чиглүүлдэг хүүхэд байдаг. Тэр ч бүү хэл, хамт олны дунд хайр хүндлэл хүлээсэн, үлгэр дууриалал болдог хэн нэгэн байж л байдаг. Гэхдээ манлайлна гэдэг нь чанга дуутай, байнга олны анхаарлын төвд байхыг хэлэхгүй болов уу. Чимээгүй бусдыг манлайлж үйлдлээрээ үлгэр үзүүлдэг нэгэн ч бий. Мэдээж манлайлагч гэдэг өв тэгш байх ёстой гэсэн үг биш. Намайг бага залууд цастай өдөр нимгэн хувцаслаад гэрээсээ гараад явж байхад минь хүүхдийн тоглоомын талбайд сууж байсан настай ах “Охин минь чи дэндүү нимгэн хувцаслаж. Эмэгтэй хүүхэд өвчин олвол яана. Нас нэмэх хэрээр толгой чинь өвддөг. Хөл гар чинь янгинадаг болдог юм. Эргэж ороод хувцсаа соль” гэж хэлсэн юм. Өмнө нь огт харж байгаагүй ч тэр хүний үг үнэн байсан учраас би хувцсаа зузаалж өмсөөд гарч байсан. Огт танихгүй ч гэлээ өөрийнхөө үгийг бусдад сонсгож, зөв чиглүүлж байгаа тэр хүн бол жинхэнэ манлайлагч.

Мэргэжилтэй боловсон хүчнээр бус хүн чанараар дутаж байна

-Хүний нөөцийн дутагдал бүхий л салбарт тулгамдсан асуудал болж байгаа нь үнэн. Гэхдээ мэргэжилтэй боловсон хүчнээр бус хүн чанараар дутаж байна. Олон жилийн дундажтай харьцуулахад жил бүр сургууль төгсөж байгаа хүүхдийн тоо буураагүй. Гэтэл яагаад хүний нөөцийн хомсдолд оров гэвэл, сүүлийн таван жилийн хугацаанд ажиллах арга барил орвонгоороо өөрчлөгдсөн. Тэгэхээр ажилд орохыг хүсч байгаа хүний хүсэл, ажиллах орчин, нөхцөл одоогийн системтэй уялдахгүй байгаа болохоор тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг ажиллуулж чадахгүй байгаа юм. Түүнээс гадна дэлхий хавтгай болох хэрээр мэдлэгтэй, чадвартай монгол хүнийг эх орондоо тогтоож ажиллуулах амаргүй болсон.

Хүний нөөцийн дутагдлыг арилгахын тулд залуус ямар орчин нөхцөл шаардаж байгаа. Тэдний байнга оршиж байгаа виртуал ертөнц, цахим орчинд чухам юу болж байгаа. Нэг хүнээс ганц ур чадвар нэхэж байна уу, нэлээд хэсэг ур чадварыг нэхээд байна уу гэдгийг ажил олгогчид бодох цаг болсон. Тэгэхээр бид энэ цаг үед сайн боловсон хүчнийг тогтоох, илүү үр өгөөжтэй ажиллахыг хүсвэл шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн.

Хэдийгээр гадны улс орнууд орчин нь тухтай, цалин хангамж сайтай боловч хүний төрсөн нутаг, эх орон шиг үнэтэй зүйл хэнд ч байдаггүй. Учир нь жилийн 100 гаруй мянган ам.долларын орлогоо үл тоон эх орондоо ирж хийж бүтээхийг зорьдог. Үүний нэг жишээ нь шинэ арга барилаар, орчин үеийн чиг баримжааг бусдад үлгэрлэж харуулах боловсон хүчнийг бэлтгэх сургалтын байгууллага байгуулан ажиллахаар хэсэг залуус нэгдсэн. Тэд ирэх жилүүдэд монгол залуусын ур чадварыг харуулахын сацуу ямар орчин, ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж болох арга барилыг үлгэрлэж харуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Би дээр хэлсэн хүн чанарын дутагдалд орсон гэж. Энэ нь хэт “би” гэдэг үзэл давамгайлаад эхлэхээр бусдыг үл тоомсорлох байдал давамгайлж багийн ажиллагаанд саад учруулж эхэлнэ. Тэгтэл Япончууд цэцэрлэгээс нь эхлээд хүүхдийг багийн ажиллагаанд сургадаг. Тэд хүүхдүүдээ хэзээ ч уралдуулж байр эзлүүлдэггүй. Харин уралдаан зохион байгуулахад хүүхдүүд хамгийн сүүлд орж байгаа хүүхдийг барианд ортол нь алга ташдаг. Учир нь тэр хүүхдэд чи өөрийгөө ялсан гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Монголчууд ярьдаг шүү дээ “Сайнтай, муутай сав дүүрнэ” гэж. Тэгвэл нийгмийн харилцаанд энэ бүхэн хоршин байх юм бол ганц нэгийгээ хэт дөвийлгөх шаардлагагүй гэж үздэг. Мэдээж гоц авъяастай, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн авъяастнуудтай хэн ч барьцахгүй. Харин Бат, Болд хоёр төдийлөн ялгарахгүй ижил түвшнийх гэдгийг тэд өөрсдөө мэднэ. Эргэн тойрныхон ч мэднэ. Тэгтэл хэн нэгнийг нь товойлгож, дөвийлгөх нь буруу хандлага гэдгийг хэлээд байгаа юм л даа. Эцэстээ энэ бүхэн хүмүүсийн хандлага, харилцаа, хүн чанарт ч сөрөг нөлөө үзүүлж байгааг цаг хугацаа харуулж байна. Тиймээс салбар бүрт тулгамдаж байгаа хүний нөөцийн хомсдол нийгмийн асуудал болж хувирсныг ч мөн хэлэх нь зүйтэй байх.

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.194] 2023-08-21 19:41:36

Монголын баячууд ба ядуус бүгдээрээ hacking ба stalking хийдэг программуудыг ашиглахдаа гарамгай буюу компьютерийн программ зохиохдоо ноль юм.

Иймэрхүү [202.126.90.27] 2023-08-21 19:21:18

Баасныхаа асуудалыг шийдэж чадахгүй байж уу ?

Монгол Улс ч 21-р зуунтай яаж.царайлж золгов? [103.57.92.20] 2023-08-22 15:44:40

Харин тиймээ. Үер болноо, б...с хөвөөд л, жуулчлал хөгжүүлье гэхээр б...сыг нь зайлуулах жорлонгийн асуудлаа шийдэж чадахгүй, сумдын сургуулийн хүүхдийн б...сыг агуулах ОО-ийн өрөөнүүдийг байгуулж барахгүй л байна. Монгол Улс чинь яацан улс вэ? Кх!

Зөвхөн үйлдвэрлэснээр болохгүй. [66.181.160.112] 2023-08-21 12:41:12

Ягшдээ. Барааг Монголдоо янз бүрээр өндөр чанартайгаар үйлдвэрлэлээ гэхэд түүнийг гадаадад хэн сурталчилж, хадгалж, борлуулж өгөх юм бэ? Тээврийн зардлыг хаанаас гаргах юм бэ? Тэгээд л олох орлогоосоо эдгээр бусад зардлыг хасахлээр бидэнд ашиг үлдэх үү? "Алаагүй баавгайн арьсыг хуваана" гэдэг болно ш дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.