Франц улсаас хууль бусаар худалдаалагдсан “Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авчирлаа

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсаас хууль бусаар хил дамнасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн "Тарбозавр батаар"-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас амжилттай эргүүлэн авчирлаа.


Энэхүү үйл явц нь 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын холбогдох байгууллагуудын хүчин чармайлт төдийгүй Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, өнөөдөр буюу 06 дугаар сарын 11-ний өдөр олдворуудыг эх орондоо бүрэн хүлээн авч байна.


Онцлох мэдээлэл:

• Франц Улсын Засгийн газрын дэмжлэг: Францын гааль болон хууль сахиулах байгууллагууд олон улсын эрх зүйн туслалцааны хүрээнд анх эдгээр олдворыг хураан авсан бөгөөд Францын Засгийн газраас ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, олдворуудыг Монгол Улсад үл маргах журмаар шилжүүлэн өгөхөд онцгой анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг үзүүллээ.

• Олдворын үнэ цэн: Монголын говиос олддог, 70 орчим сая жилийн тэртээд амьдарч байсан махчин үлэг гүрвэл Тарбозавр батаар (Tarbosaurus bataar) болон бусад палеонтологийн өндөр ач холбогдолтой олдворууд багтсан.

• Хадгалах газар: Эдгээр ховор олдворыг шинээр ашиглалтад орох "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей"-н Палеонтологийн хэсэгт байрлуулж, олон нийт, судлаачдын хүртээл болгоно.

• Олон улсын ач холбогдол: Энэ нь соёлын үнэт зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх, үндэсний өвөө хамгаалах чиглэлээр дэлхий нийтэд сайн туршлага болж байна.

Үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх орондоо аюулгүй тээвэрлэн авчрахад нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэн Үндэсний тээвэрлэгч “МИАТ” ХК болон “Туушин” ХХК, түүнчлэн энэ хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Франц Улсын Засгийн газар, Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсын Эрүүгийн цагдаагийн алба, Гаалийн Ерөнхий газар, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн судлаач, эрдэмтдэдээ гүн талархал илэрхийлье.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.