Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 182 орноос 124-т бичигджээ
Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 31 оноогоор 182 орноос 124-т бичигджээ. Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас 2026 оны Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийн үр дүн, мэдээллийг www.transparency.mn вэбсайт, албан ёсны сошиал медиа сувгаараа цацлаа. АТИ нь 182 улс орон, бүс нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийг оноогоор үнэлж эрэмбэлдэг. Дэлхийн дундаж оноо 100-аас 42-т хүрч, сүүлийн арав гаруй жилийн хамгийн доод түвшинд буусан нь уруудах хандлага үргэлжилж байгааг харуулж, цаашид тогтмол ажиглан хянах шаардлагатайг илтгэнэ. Улс орнуудын дийлэнх нь авлигыг үр дүнтэй хяналтдаа байлгаж чадахгүй хэвээр байгаа бөгөөд 180 улсаас гуравны хоёроос илүү нь буюу 122 улс 50-иас доош оноо авчээ. Дани улс индексийн хамгийн өндөр оноог (89) найм дахь жилдээ дараалан авч байгаа бол Финлянд (88) болон Сингапур (84) улсууд удаалж байна.
Үүний өмнө манай улс 33 оноогоор 180 орноос 114-р байрт бичигдэж байсан юм. Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индексийн 31 дэх удаагийн тайлан нь авлигатай тэмцэх манлайлал урт хугацаанд доройтож, ахиц дэвшил хязгаарлагдмал хэвээр байгааг харуулсан түгшүүртэй дүр зургийг харуулж байгааг онцолжээ.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн ч тогтвортой бус, түр зуурын шинжтэйг анхаарах шаардлагатай. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх хэрэгцээ тулгарч байна. Цаашлаад эрсдэл, хуулийн засаглал, ардчиллын үнэлгээний үзүүлэлт болох нийгмийн халамжийн бодлого оновчгүй, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсоор ирснийг залруулах нь зүйтэйг Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага мэдээлэв.
Бизнесийн орчны үнэлгээнүүд буурахад хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул зэрэг асуудал багтжээ. Урт хугацаанд хэвшсэн төрийн байгууллагын арга барилын улмаас хариуцлага тооцох механизм сул хэвээр байгааг холбогдох үзүүлэлт харуулж байна.
Түүнчлэн хүний эрхийг бүх салбар, түвшинд хангах, ялангуяа хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагын эвлэлдэн нэгдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг эдлүүлэхэд анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсад зайлшгүй шийдэх чиглэлүүдийг онцолсон байна. Үүнд: улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, санхүүжилтийг авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, олборлох салбарын аж ахуйн нэгжийн санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох шаардлагатай. Мөн төрийн өмчит компаниудыг бизнесийн салбарт давамгайлан, хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар хөгжүүлэх нь хор уршигтайг анхаарч, засах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, удирдлага, томилгоог зөвхөн чадавхад суурилсан, ил тод сонгон шалгаруулах нь олон улсын оновчтой туршлага гэжээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
































































Сэтгэгдэл