Б.Очиржав: Н.Тогоо сайд намайг томчуудад танилцуулахдаа “Монгол Улсад УЦС-ыг хөгжүүлэхдээ энэ хүнтэй хамтарч хөөцөлдөнө өө” гэдэг байв

Aдмин / Нүүр

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Очиржав гуайтай ярилцлаа.


-Та сайхан хаваржиж байна уу. Суурин байгаа юу?

-Тавлаг сайхан байна аа. Нас дээр гарсан болохоор суурин л байна даа.

-Таныг Монгол Улсын усан цахилгаан станц(УЦС)-ын байгууламжийн анхны инженер гэдгээр тань хүмүүс андахгүй. Тайширын УЦС бий болсон түүх бол яалт ч үгүй таны гавьяа гэлцдэг. Ингэхэд та энэ салбартай хувь заяагаа хэрхэн холбож байв. Хуучны дурсамжаасаа эхлээд ярьж өгөхгүй юу?

-Би Завхан аймгийн Баянтэс сумын уугуул, Тэсийн голын эрэг дээр төрж, өссөн хүн л дээ. Бага балчраасаа л аав, ээжтэйгээ моринд сундалдаад Тэсийн голоор үргэлж гаталдаг байлаа. Тэсийн голыг гүехэнд нь ч, үерлэчихсэн байхад нь ч гарна. Тэсийн гол бол үнэхээр гайхамшигтай сайхан. Ийм сайхан нутагт төрж, өссөн хүн гол усанд хайртай болчихдог юм билээ. Нэг дурсамж одоо ч санаанд минь тодхон буудаг. Би тав, зургаахан настай байсан болов уу. Манайх Тэсийн голыг гатлаад сумын төвийн ойролцоо буух гээд аав, ээж хоёр маань хөтөлгөө морьтой явсан. Тэгэхэд шөнө сарны саруулд нэг их ус цэлийж харагдаж билээ. Амьдралдаа анх удаа тийм их ус үзээд маш их гайхаж байсан сан. Хаанаас ийм их ус гараад ирэв гээд л(инээв)... Анх удаа миний сэтгэлд гол гэдэг тийм их хүчтэй нөлөөлсөн юм. Би бага ангидаа сумандаа сураад, Улаанбаатар хотод Гуравдугаар сургуулийг дүүргэсэн хүн л дээ.

Аравдугаар ангиа төгсөөд конкурсдаад хуваарь авахдаа жагсаалт харлаа. Голд өссөн учраас усан цахилгаан станцын инженерийн мэргэжлийг сонгомоор санагдаад болж өгдөггүй. Сургууль дээрээ гүйж ирээд багш нартаа хэллээ. Би арван жил дараалан онц сурсан учраас дурын мэргэжил хэлэх боломжтой. Тэгсэн ч гэсэн ачит багш нараасаа асууя гэж бодоод ирлээ гэхэд Чойжил багш маань “Чи хөдөөний хүүхэд. Чамайг сургууль төгсөөд ирэхээр татаж авах хүн байхгүй. Тэгэхээр хэн ч эзэмшээгүй тийм мэргэжлийн эзэн болох ёстой. Тийм мэргэжилтнүүнийг хэнбугай нь ч номер нэгт харж үзнэ” гэдэг юм байна. Тэгэнгүүт нь багшийнхаа үгэнд ороод эргэлзэж тээнэгэлзэлгүй шууд Усан цахилгаан станцын хуваарийг авч билээ. Ингээд тэр үеийн Ленинградын Полтехникийн дээд сургуулийг 1962-1969 онд сурч төгсөөд эх орондоо ирсэн дээ.

-Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Шинэхэн төгсөгч салбар яаман дээрээ очиж байлаа. Намайг хаашаа хуваарилахыг би мэдэхгүй шүү дээ. “Юутай ч өөрийнхөө аймаг руу явдаг юм уу даа гэж хэлээд үзье” гэж бодоод сууж байтал гаднаас өндөр нуруутай, биерхүү хүн ороод ирэв. Улсууд бүгд босоод номхон зогслоо. Тэр хүн Түлш, эрчим хүч, геологийн яамны Эрчим хүч хариуцсан Н.Тогоо сайд байсан. Төгсөж ирсэн улсуудын анкетыг үзсэнээ дундаас нь нэгийг сугалснаа “Би энийг авлаа. Бусдыг нь та нар яаж хуваарилахаа өөрсдөө мэдээрэй” гээд гараад явсан. Тэгтэл сайд миний анкетыг аваад явчихсан байж. Ингээд сайд намайг шууд яамандаа мэргэжилтнээр авсан хэрэг. Тэр хүн Монголын эрчим хүчний салбарын тулгын чулууг тавьсан нэртэй хүн төдийгүй УЦС-ыг хөгжүүлэх тал дээр үргэлж санаа зовж явдаг байж. Би Н.Тогоо сайдыг дагаад дандаа Засгийн газрын ордон руу явна. Улсын төлөвлөгөөний комиссын дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга гээд дандаа томчууд байна. Н.Тогоо сайд намайг танилцуулахдаа “Монголд УЦС-ын байгууламжийн инженер мэргэжлээр анхны хүн төгсөөд ирсэн байна. Би яамандаа авсан. Одоо Монгол Улсад УЦС-ыг хөгжүүлэх асуудлыг энэ хүнтэй хамтарч хөөцөлдөнө өө” гэдэг байв.

Өнгөрсөн хугацаанд би Эгийн голын УЦС, Чаргайтын УЦС, Богдын голын УЦС, Шүрэнгийн УЦС гээд бүгдэд нь ажилласан. Шүрэнгийн УЦС-д төслийн удирдагч

байлаа. Эгийн голын УЦС-д зөвлөхөөр ажиллаж байв. Чаргайтын УЦС-ын төслийг хийхэд оролцоод явж байсан. Богдын голын УЦС-ыг хийхэд яамны бүрэн эрхт төлөөлөгчөөр хөдөө гурван жил сууж, ашиглалтад оруулахад биечлэн оролцож байлаа. Өөрийнхөө аймагт хамгийн анхны УЦС-ыг ашиглалтад оруулахад гар бие оролцсон нь энэ юм. Би Завхан аймгийн Тэсийн голын хүүхэд болохоор унасан нутагтаа ганц сайхан УЦС барьж өгөх юмсан гээд их боддог байв. Хэдийгээр Богдын голын УЦС-ыг байгуулсан ч улирлын чанартай ажилладаг.

-Та бол Тайширын УЦС-ын автор шүү дээ. Энэ станцын ажил анх яаж тавигдаж байв?

-Нутагтаа сайхан УЦС барих юмсан гэсэн туйлын хүсэлтэй хүн болохоор газрын зураг дэлгэж байгаад сууна л даа, би. Завхан голыг эхнээс нь авахуулаад хараад л байлаа. Ингээд үзэж байгаад хоёр цэг авсан. Нэг нь Бор хавцал, нөгөө нь Улаанбоом. Тэрийгээ Сайд нарын зөвлөл, Улсын төлөвлөгөөний комисст мэдэгдлээ. “Завхан голд УЦС баривал болох юм байна гэж зураг дээр харлаа. Одоо үүнийг явж үзэх хэрэгтэй байна” гэсэн юм. Тэр үеийн ЗХУ манай эрчим хүч хангамжийн схемийг боловсруулж өгдөг байсан юм. Үүнд тусвал УЦС баригдана. Харин тусахгүй бол баригдахгүй. Гэхдээ оросууд 1964 онд Монголд УЦС байгуулах тухай боть гаргасан байдаг. Тэнд Тайшир Завхан гол байхгүй. Оросууд мэдээгүй юм. Би өөрөө аймгийн томоохон голыг эхнээс нь аваад адаг хүртэл судлаад Сайд нарын зөвлөлийн рефрент, Улсын төлөвлөгөөний комиссын мэргэжилтэн, яамнаас би өөрөө оролцоод Завхан голын зургаа харж байгаад эхээс нь адаг хүртэл арваад хоног явж судалсан. Ингээд явж байгаад Тайширын Улаанбоомын хавцлын урьдчилсан зураг төслийг хийсэн. Би тэгэхэд Түлш эрчим хүчний эрдэм шинжилгээ зураг төслийн институтэд орчихсон байсан юм. Нэг өдөр намайг яаманд дуудлаа. Яваад очтол Ерөнхийлөгч Н.Багабанди Арабын орнуудаар айлчлал хийх гэж байна. Тэдгээр улсуудад тавиад санхүүжилт авчих ямар асуудал байна гээд асуулаа. Тэгэхээр нь би уухайн тас “Байлгүй яах вэ” гээд Тайширын УЦС-ынхаа төслийг товчилж англи хэл дээр орчуулаад Н.Багабанди Ерөнхийлөгчийн референтэд өгсөн. Ингээд Төрийн тэргүүн Арабын орнуудад хийсэн айлчлалаараа Кувейтийн сангаас нэг сая ам.долларын буцалтгүй тусламж татаж чадсан юм.

-Таны санаачилсан ажил ингэж бүтэж байжээ. Та Тайшир дээр төслийн удирдагчаар ажилласан байх аа. Санхүүжилт нь яаж шийдэгдэж байсан бэ?

-Кувейтийн сангийн улсууд ирж Говь-Алтай аймгийн нутаг, Тайширын УЦС-ын төсөл хэрэгжих газраар явсан юм. Одоо Гэгээн нуур байгаа хөндийгөөр явж байхдаа “Манай Кувейттэй зарим талаараа төстэй нутаг байна. Энд сайхан гол урсаж байхад үүнийг ашиглана гэдэг бол зөв санаа байна. Бид УЦС барьж байгуулах санхүүжилтийг нь өгнө” гэж билээ. Ингээд станц байгуулахад анхны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Абу Даби сангаас 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулагдаж байсан. Монгол Улсын Засгийн газар 10 хувийг нь гаргадаг юм. Ингээд Тайширын УЦС-ыг барьсан. Урьд нь Богдын голын УЦС дээр би ажиллаж байсан туршлагатай. Тайшир дээр төслийн удирдагчаар ажиллана гэдэг бол Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа гэсэн үг юм. Кувейтийн сангийн зээлийн хөрөнгө өөр улсын сан дээр байрладаг. Яагаад гэвэл Монгол руу оруулаад ирвэл тэр мөнгө нь өөр зориулалттай болчихно. Кувейтийн сан зориуд гуравдагч оронд байрлуулдаг. Ингээд Тайширын УЦС-ын анхны гарааг эхлүүлэхээр өөрөө төслөө удирдаад хөдөө очоод суулаа. Надад Тайшир суманд байшин барьж өгч билээ. Тэнд ямар ч гэрэл байхгүй. Байшингийн гадаа дизель мотор ажиллуулаад гэрэл гаргана. Ийм л амьдралаар амьдарч байсан улсууд. Гэтэл Тайширын УЦС барьсны дараа 10 жилийн ойгоор нь очиход танигдахын аргагүй гэрэл цахилгаантай болсон байхыг харахад үнэхээр сэтгэл өег байлаа.

Тайширын УЦС-ын шавыг 2003 онд манай яамны Т.Очирхүү сайд өөрөө ирж тавьж байсан юм. Яамны коллегийн хурлыг хээр, Тайширын УЦС-ын шав тавьсан газарт хуралдаж байлаа шүү дээ. Сайд хэлэхдээ “За та нар энэ хүний юу хүссэн, яах ёстой бүгдийг биелүүлж өгнө шүү” гэж байсан. Тэр олон дарга нарт сайд ингээд хэлчихээр би гэдэг хүн мундаг дэмжлэгтэй болчихож байгаа юм. Тайширын УЦС-ын шавыг 2003 онд тавиад дараа жилээс нь барилгын ажил эхэлсэн. Бүтээн байгуулалт 2007 онд дуусахад Улсын комисс 2008 онд хүлээж авсан юм.

-Монголд эрчим хүчний томоохон төслүүд гадны нөлөөтэй гацсан жишээ олон бий. Таныг Тайширын УЦС-ын төслийг удирдаж байхад бүтээн байгуулалтын ажлыг зогсоох гэж эсэргүүцэгчид сүрхий босч ирж байсан. Төслөө явуулж дуусгахын тулд яаж хамгаалж байсан бэ?

-Тайшир бол Монголын дотоодын гол. Отгонтэнгэр хайрханаас эх авдаг дотроо урсгалтай гол. Завхан гол өөрийн нуур руу цутгадаг. Тэгэхээр энд гадны нөлөө байхгүй гэж би бодож байлаа. Хэрэв Монгол Улс станц байгуулаад өөрөө өөрийгөө гэрэлтүүлэх боломж олговол гадны хамаарал байхгүй болчихно. Яг үнэндээ Монгол Улс дотроо эрчим хүчний эх үүсвэртэй болно гэхээр эсэргүүцэх улсууд байсан. Байгаль орчин сүйтгэлээ гээд хурал цуглаан хүртэл хийцгээгээд л...Тэр битгий хэл анхны барилгын ажил эхлэх гээд компаниуд ороод ирсэн байхад цуглаан зохион байгуулж байсан. Би тэгнэ гэж ер санаагүй. Сумын төв дээр цуглаан болж байна. Би гарч очлоо л доо. “Та нар юун улсууд цуглаад, юу яриад байна” гэтэл “Чи битгий дэмий юм яриад бай. Энэ чинь Монгол Улсын унаган байгаль төрхийг эвдэх гэж байна. Ингэж болдог юм уу. Та нартай тэмцэнэ” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Та нар ингэж болохгүй. Энэ бол Монголын дотоодын асуудал биш. Бид бие биетэйгээ маргаж болно. Энэ чинь олон улсын гэрээтэй, санхүүжилт нь өөр улсаас ирсэн. Ийм газар та нар жагсаал цуглаан хийгээд энэ бүтээн байгуулалтын ажлыг зогсоох юм бол Олон улсын шүүх хурлаар орно. Энэ аюултай. Ярих юм байвал надтай ярь. Монгол Улсын Засгийн газрын гэрээ контрактаар тендер зарлаад ороод ирсэн улсуудад хамаа байхгүй. Энэ УЦС-ыг байгуулах ёстой гэдгийг санаачилсан хүн нь би байна. Буруутай бол би буруутай. Та нар надтай ярьж болно” гэлээ. Тэр цугласан хүмүүс дунд Хүний эрхийн комиссоос хүртэл хүн ирчихсэн байсан гээд бод доо. Цаанаасаа явуулгатай байсан гэх яриа оргүй зүйл биш биз. Ингэж би Тайширын УЦС-ын барилгыг эсэргүүцсэн хүмүүст хэлээд бүх хариуцлагыг өөр дээрээ авангуут нөгөөдүүл чинь яаж ч чадаагүй. Мориндоо мордоцгоож билээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин

Үргэлжлэл бий


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.