“Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

Aдмин / Хууль

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.01.12/ Төрийн ордонд боллоо.

Монголын Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж байсан бол түүнээс хойш 1992 онд 4 дэх Үндсэн хууль буюу ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, хэрэгжүүлсээр 30 өдгөө жил болж байгаа билээ.

Эрдэм шинжилгээний хуралд Үндсэн хууль тогтоогчид, судлаачид, хууль зүйн болон бусад салбарын эрдэмтэн судлаачид зэрэг нийт 100 гаруй хүн биеэр болон цахимаар оролцсон юм.

Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар мэндчилгээ дэвшүүлж, оролцогчдод амжилт хүссэн. Тэрбээр, “Монголчууд төрт ёс, хууль цаазны сэтгэлгээний наанадаж хоёр мянга гаруй жилийн түүхтэй ард түмэн. Туурга тусгаар Монголын төр улс бичмэл Үндсэн хуультай болсоор 100 шахам жил, ардчилсан Үндсэн хуулиа баталж мөрдсөөр 30 дахь жилтэйгээ золгож байна.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засаг, төрийн тогтолцооны цоо шинэ, иж бүрэн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, хүний эрхийг дээдэлсэн, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндэс суурийг тавьсан билээ.

Хүний жам ёсны эрхийг тэргүүн зэрэгт тавьж, улс төрийн ардчилал, олон ургальч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус бие даасан шүүхийн тогтолцооны зарчмууд болон Үндсэн хуулийн хяналтыг баталгаажуулсанд 1992 оны Үндсэн хуулийн онцлог, ач холбогдол оршиж байгаа билээ.

Эдүгээ дэлхийн ихэнх улс орнуудын Үндсэн хуульдаа тусган баримталж буй гол үзэл санаа нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэгдэж байна.

Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар бүрдсэн найм дахь удаагийн парламент хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа тунхагласан. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгахаас гадна нэгэнт батлагдан мөрдөгдөж байгаа хуулиудад ч мөн хүний эрхийн талаар хяналт шинжилгээ хийн засаж залруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн хуулийн байгууллагад хүний эрхийг зөрчих явдалтай хатуу тэмцэхэд онцгой анхаарч, холбогдох хуулиудыг баталсан.

Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ, судалгаа хийх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Энэ чиглэлээр эрдэмтэн судлаачдын хийж буй судалгааны ажлыг дэмжиж, эрчимжүүлэх нь зүйтэй. Аливаа тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ зөвлөлдөн, улс төрийн зөвшлийг хангасны үндсэн дээр шийдвэрлэж байх жишгийг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тогтоосон билээ. Энэ жишгийг цаашид ч хадгалах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй практик үр дагавар, ололт амжилт, сорилтын талаар судалгаанд суурилсан илтгэлүүдийг хэлэлцэж, тодорхой санал дүгнэлт гаргахын зэрэгцээ цаашид Үндсэн хуулийн хүрээнд батлагдан гарах хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлуудыг улс орны хөгжлийн асуудлуудтай холбон тодруулахад чиглэгдэж байна” гээд эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уламжилсан.

Монгол оронд өрнөсөн 1990 оны ардчилсан хувьсгал бол бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны шинэ тогтолцоонд шилжүүлж чадсан түүхэнд тодоор бичигдэх бахдам үйл явдал мөн хэмээн Ерөнхийлөгч онцолжээ. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд, “Үндсэн хуулийн төслийг 1991 оны 4 дүгээр сараас Улсын Бага Хурал 4 удаа, ард нийтээр 3 сар шахам хэлэлцүүлж, 900 мянга гаруй хүний буюу нийт сонгогчдын 75 хувийн саналыг авч, 1991 оны 11 дүгээр сараас Ардын Их Хуралл 76 хоног тасралтгүйгээр хэлэлцэж баталсан нь Монголын ард түмэн, үндсэн хуульт ёсны бахархан дурсаж байх учиртай үнэт өв болжээ.

Шинэ Үндсэн хуулиа баталсан нь бид тайван замаар ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтээ бүрэн баталгаажуулсан төдийгүй Монголын ард түмний үндэсний их зөвшилцлийн бодит илрэл байлаа.

Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх үндэс суурийг тавьж хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс, Үндсэн хуулийн хяналт зэрэг ардчилсан нийгмийн суурийг нэгэнт бэхжүүлж чадлаа.

Цаашид Монгол Улс шинэ Үндсэн хуулийнхаа нөөц чадавхыг бүрэн ашиглан эдийн засаг, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, аюулгүй байдал, ардчилсан нийгмийн дархлаа болсон парламентын засаглалаа улам бүр бэхжүүлэх ёстой.

Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 30 жилийн ойн энэ өдөр, шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл хэрэгт хүчин зүтгэсэн төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, тэдний алдар гавьяа, үйл хэргийг үр хойч бид үргэлж санан дурсаж, үүр мөнхжүүлэх ёстой.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, хуралд оролцож буй нийт эрдэмтэн судлаачид Та бүхний эрдэм судлалын гэгээн үйлсэд өндөр амжилт хүсье” хэмээжээ.

Эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэл нь Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан нарын “Монгол Улсын Үндсэн хууль бол “Хууль-Үндсэн хууль” мөн” сэдэвт илтгэл байлаа.

Илтгэлийг Гавьяат хуульч Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

Үндсэн хуульт ёс бол төрийн аливаа эрх мэдлийг хязгаарлагч, хүний үндсэн эрхийн баталгаа мөн бөгөөд хувь хүний “эрх” бүрийг жагсаан тунхаглахдаа бус, харин төрийг, түүний эрх мэдэл бүрийг нэг бүрчлэн хуульчилж өгөх нь түүний гол цөм болдог хэмээн тэрбээр илтгэлдээ дурдсан.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд үндсэн хуулийн хэв шинж, төрөл хэлбэрийн талаарх судалгаа эрчтэй хийгдэх болсон бөгөөд судалгааны энэхүү салбар чиглэл нь үндсэн хуульт ёсны үзэл баримтлал, түүний түүх болон үндсэн хуулийн загварчлалын түүх, үндсэн хуулийн чиг үүрэг, эрх мэдэл хуваарилалтын ялгаатай бөгөөд онцлог шинж, түүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан судлах боломж олгодгоороо онцлог ач холбогдолтой юм. Үндсэн хууль судлаач эрдэмтэд, тэр дундаа өрнөдийн эрдэмтэд үндсэн хуулийг хэв шинжийн хувьд:

1. бичигдмэл болон бичигдмэл бус (written and unwritten);

2. хатуу болон уян хатан (inflexible and flexible);

3. хаант болон бүгд найрамдах улсын (monarchy and repubican);

4. ерөнхийлөгчийн болон парламентын (presidential and parliamentary);

5. холбооны болон нэгдсэн (federal and unitary);

6. улс төрийн болон эрх зүйн төрлүүд (political and legal types of Constitution) гэсэн төрөлд ангилан үзсэн байдгийг илтгэгч дурдаад эдгээр хэв шинжийн талаар хэрхэн авч үзсэнээ дэлгэрүүлэн танилцуулсан юм.

Гавьяат хуульч Д.Лүндээжанцан “хууль-Үндсэн хууль”, “хөтөлбөр-Үндсэн хууль”-ийн ялгааг тайлбарлаад 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хууль нь “хууль-Үндсэн хууль” болох тухай илтгэлийнхээ дараагийн хэсэгт нарийвчлан авч үзсэнээ дэлгэрүүлэн өгүүлсэн.

Туурга тусгаар Монголын төр улс Үндсэн хуультай болсоор 98 жил, Ардчилсан Үндсэн хуулиа баталж мөрдөөд 30 жилтэй золгосон байна. Төр улс нь гол хуультай, түүнээс бусад бүх хууль тогтоомж нь салбарладаг бөгөөд нийт олноосоо сонгон байгуулагддаг бүгд найрамдах засагтай байхыг “үндсэн хуульт ёс” гэдгийг монголчууд нэгэнтээ мэддэг болжээ.

Монгол Улс түүхэндээ 4 дэх Үндсэн хуулиа батлан хэрэгжүүлж байна. Орчин цагийн либералуудын томьёолсноор урьд өмнөх хөтөлбөр-Үндсэн хуулиудаасаа “хууль-Үндсэн хууль”-тай болсноороо, өөрөөр хэлбэл, Монголын ард түмний нийгмийн зөвшилцлийн гэрээ болж нийгмийн ардчилсан улс төрийн тогтолцооны бодит байдал (“байх ёстой” болон “байгаагийн” зөрүү)-ын эх бичвэр, үзэл санаа нь болж нийт иргэнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулснаараа Монгол Улсын Үндсэн хууль, монголчуудын төр, хууль цаазын сэтгэлгээнд нэн содон үзэгдэл болсон юм хэмээн тэрбээр илтгэлдээ онцлоод Үндсэн хууль нь эдийн засгийн, хүний хөгжлийн асуудлуудтай нягт уялдаатай болох тухай асуудлуудыг хөндсөн юм.

Үргэлжлүүлээд МУИС, Хууль зүйн сургуулийн захирал, профессор, Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа “Эдийн засгийн хөгжил ба Үндсэн хуулийн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан.

Илтгэгч Б.Амарсанаа “Төрийн капитализм” гэх ойлголт, төрийн капитализм руу Үндсэн хууль чиглэж буй эсэхэд анхаарлаа хандуулж илтгэлээ бэлтгэснээ онцолсон. Тэрбээр, Үндсэн хуулийг хэлэлцэхдээ нийтийн эрх зүйн асуудлыг голлон ярьж ирсэн бөгөөд эдийн засгийн эрх зүйн асуудлыг эн тэнцүү хэлэлцэх ёстой байсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үндсэн хуулийн тодорхой зохицуулалт макро эдийн засагт дам болоод шуудаар ямар нөлөө үзүүлэх, тэр нь монголын нийгэмд ямар өөрчлөлтийг авчрах вэ гэдэгт дүн шинжилгээ хийхийг зорьсноороо илтгэгч Б.Амарсанаагийн илтгэл онцлог байлаа.

Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаан “Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилт” ерөнхий агуулгын хүрээнд явагдсан бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Чулуунбаатар “Үндсэн хуулийн зохицуулалт ба хүний хөгжил” сэдвээр, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийн хэрэгжилт ба цаг хугацааны хамаарал” сэдвээр илтгэл тавьсан юм.

Үдээс хойших хуралдаан “Үндсэн хуулийн хэрэгжилтийн зарим асуудал” ерөнхий агуулгын хүрээнд явагдсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Бямбажаргал нар “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байх ёстой ба байгаа хоорондын зөрчлийг шийдвэрлэх оролдлого хийсэн нь” сэдвээр илтгэл тавилаа.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Философийн ухааны доктор (PhD) Н.Лүндэндорж “Шударга ёсны хүсэмжлэл ба шүүх” сэдвээр, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Dr.rer.pol) О.Цэрэнчимэд “Улс төрийн нам ба Монгол Улсын 4 дэх Үндсэн хууль” сэдвээр, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл “Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс ёс суртахуун болох нь” сэдвээр илтгэл тавьсан.

Эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан илтгэлүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчид асуулт асууж, мөн хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Эцэст ньн УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга Т.Аюурсайхан эрдэм шинжилгээний хурлыг хаан үг хэлсэн.

УИХ-ын дэд дарга энэхүү эрдэм шинжилгээний хуралд өндөр ач холбогдол өгч, судалгаа шинжилгээнд үндэслэсэн сонирхолтой, асуудал хөндсөн сайн илтгэл тавьсан бүх илтгэгч нар болон Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилтын талаар чухал санааг дурьдаж үг хэлсэн академич, профессорууддаа талархал илэрхийлсэн.

Тэрбээр, Мөн хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хэлэлцэж буй асуудлаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн ардчилсан Үндсэн хууль тогтоогч Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нар, Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, гадны болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, их, дээд сургуулийн багш, судлаачдад талархал илэрхийлж байна.

Өнөөдрийн энэхүү эрдэм шинжилгээний хурал нь олон жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараагаар хийгдсэн нь онцлог байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын ардчиллыг бэхжүүлж, засаглалын хяналт, тэнцлийг хангаж, засгийн газрын тогтвортой байдал, шүүхийн хараат бус байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн юм.

Мөн Б.Чимид агсаны хэлснээр “Үндсэн хууль батлан тунхагласан гэдэгт санаа тайвширч, дагаж биелүүлэхийн төлөөнөө тавих хяналтыг огтхон ч мартаж болохгүй” гэсний дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулан, ажиллуулахын тулд бусад хуулиараа улам нарийсган зохицуулж өгөх шаардлага бий.

Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх, ардчилсан парламентыг бэхжүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний хурлаар бид “Үндсэн хуулийн 30 жилийн ололт, сорилт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн мөн чанар, нийгэм-эдийн засгийн суурь зарчмууд, хүний хөгжлийн асуудлтуудтай хэрхэн уялдаж байгаа талаарх асуудлуудыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, Үндсэн хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар үнэтэй санал хэллээ. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хууль нь “хууль-Үндсэн хууль” болох тухай илтгэлээр Үндсэн хуулийн хэв шинж (typology) буюу Үндсэн хуулийн төрлийн талаар, “Хууль-Үндсэн хууль” болон “хөтөлбөр-Үндсэн хууль”-ийн ялгааны талаар, мөн Монгол Улсын Үндсэн хууль нь “Хууль-Үндсэн хууль” болохыг таван түвшинд авч үзсэн зэрэг асуудлыг, харин Эдийн засгийн хөгжил ба Үндсэн хуулийн зохицуулалт илтгэлээр Төрийн капитализм гэсэн ойлголт, Үндсэн хууль нь нийтийн эрх зүйн асуудлаас гадна хувийн эрх зүйн асуудалд хамаарах тухай мөн Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр орсон 6.2 дахь заалт нь буюу “Үндэсний баялгийн сан” Монголын Макро эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ зэрэг асуудлыг, Үндсэн хуулийн зохицуулалт ба хүний хөгжил илтгэлээр Үндсэн хуулийн оршил хэсгийг хүний хөгжлийн өнцгөөс ойлгох философи үндэслэл, хүний эрх, хүний хөгжлийн талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалыг “Алсын хараа 2050”-д тусгасан тухай, Үндсэн хуулийн зохицуулалт ба НҮБ-ын хүний хөгжлийн индекс, хүний хөгжлийн оюуны сэтгэхгүйн орон зай дахь Үндсэн хуулийн суурь зохицуулалт гэсэн дөрвөн үндсэн асуудлаар санаа дэвшүүллээ. Мөн үе үеийн Үндсэн хууль хэрэгжилт, цаг хугацааны хамаарал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын биелэлтийг нэг бүрчлэн нэлээн дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Харин үдээс хойших хурлаар “Үндсэн хуулийн хэрэгжилтийн асуудал” үндсэн агуулгын хүрээнд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байх ёстой ба байгаа хоорондын зөрчлийг шийдвэрлэх оролдлогын талаар, шударга ёсны хүсэмжлэл ба шүүхийн талаар, улс төрийн намын талаарх асуудлуудыг нэлээн нухацтай авч хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс нь ёс суртахуун болох талаар санал хэлсэн байна. Үүнд:

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байх ёстой ба байгаа хоорондын зөрчлийг шийдвэрлэх оролдлого хийсэн нь илтгэлээр Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процедур, агуулга, олон улсын сайн туршлагыг дурьдаж Үндсэн хуулийн өмнөх 30 жилийн туршлага, сургамжийн талаар үнэтэй саналыг, Шударга ёсны хүсэмжлэл ба шүүх илтгэлээр шүүгчдэд нөлөөлөх нөлөөлөл түүнд хариуцлага тооцдог механизмыг сайжруулах, шүүхийн эдийн засаг, ажлын ачаалал, хүний нөөцийн хомсдлыг шийдвэрлэх, шүүхийн хараат бус байдал болон шүүгчийн хариуцлагатай байдал нь нэг зоосны хоёр тал буюу ижил түвшинд авч үзэх зэрэг асуудлыг, Улс төрийн нам ба Монгол Улсын 4 дэх Үндсэн хууль илтгэлээр төлөөллийн ардчилал болон улс төрийн намын ойлголт, улс төрийн намын чиг үүрэг, төлөвшил, сорилт ба боломж зэрэг асуудлыг тодруулсны зэрэгцээ Иргэн-Нам-Төр гэсэн гурвалсан харилцааны эрх зүйн зохицуулалтыг шинээр хийх асуудлыг тус тус хөндсөн ба Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс нь ёс суртахуун болох талаар Үндсэн хууль дахь ёс суртахууны үндсэн өгөгдөл болох үүрэг, хариуцлагын зүйл, заалтуудын саналууд дэвшүүллээ.

Та бүхний судалгааны илтгэл, санал зөвлөмж, хэлэлцүүлэгт өрнүүлсэн санаа, чин сэтгэл Монгол Улсын ардчилал, Үндсэн хууль, парламентат ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд, эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.