Ц.Болорчулуун: Энэ хаврын тариалалтад төмс төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байж магадгүй байна

Aдмин / Улстөр

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Энэ хавар хэдэн га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна вэ?

-Улсын хэмжээнд энэ оны хаврын тариалалтыг эрчимжүүлж, 312 мянган га талбайд улаанбуудай, 16 мянган га талбайд төмс, 18 мянган га талбайд хүнсний ногоо, 100 гаруй мянган га талбайд тэжээл болон тосны ургамал тариалахаар төлөвлөж байна. Нийтдээ 633 мянган га газарт үр тариа, төмс хүнсний ногоо тарина. Одоогоор хаврын тариалалтын үндсэн бэлтгэл ажлыг зохион байгуулаад явж байна. Өнгөрсөн оны ургацаас 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлж авсан. Үүний 11 мянган тонныг бид Хөдөө аж ахуйн корпорациар дамжуулан борлуулж, зээлээр 2000 гаруй тонн улаанбуудайн үрийн будааг борлуулаад дуусч байна. Улаанбуудайн үрийн тухайд хүрэлцээтэй байгаа.

-Тэгвэл төмс, хүнсний ногооны тариалалтын тухайд бэлтгэл ажил ямархуу байна вэ. Үрийн нөөц хангалттай бий юу?

-Хүнсний ногооны тухайд ААН-үүд болон иргэдийн хувьд үрийн нөөц байгаа. Гэхдээ төвөгтэй байдал үүсч болохоор нэг асуудал нь энэ хаврын төмсний тариалалт байна. Энэ жил нийтдээ 16.3 мянган га талбайд төмс тариална гэж тооцоолсон. Энэ тооцоогоор аваад үзвэл үр дутагдалтай байсан. Ямартаа ч Хөдөө аж ахуйн корпорациас дөрвөн импортлогч аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаад, 4000 тонн үрийн төмсийг оруулж ирье гээд гэрээ байгуулсан. Эхнээсээ орж ирж байна. Хэдийгээр төмсний үр дутагдалтай гэсэн боловч аж ахуйн нэгжүүд төдийлөн авахгүй байна. ОХУ-аас авч байгаа учраас бидний хувьд үнэ ханшид нь оролцоогүй. Харин хамтарч ажиллах, оруулж ирэх, аж ахуйн нэгжүүдэд борлуулалт хийх тал дээр ажиллаж байгаа. 1800-2300 төгрөгийн хооронд үрийн төмс зарагдсан. Гэхдээ аж ахуйн нэгжүүд боломжоороо авч байна.

Ер нь энэ хаврын тариалалтад төмс төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байж магадгүй гэсэн таамаглал байна. Гэсэн хэдий ч намар тариалалтын дүн гарах үед хэдий хэмжээний га талбайд төмс тариалсан нь тодорхой болно. Бусдаар бол хаврын тариалалттай холбоотой асуудлууд хэвийн байна.

-Тариалангийн бүс нутгуудаар өнгөрсөн жил бороо ороогүй учраас ургац бага авсан. Харин энэ жилийн тухайд бороо хур олон жилийн дундаж орчим байна гэсэн урьдчилсан прогноз гарсан байсан?

-Энэ хавар сэвэлзүүр салхитай байгаа хэдий ч хөрсний чийг тодорхой хэмжээнд бий.

Ялангуяа Дархан, Сэлэнгэ, Булганы нутгаар цас ихтэй өвөлжсөн учраас хөрсөндөө шингэж, бусад жилтэй харьцуулахад харьцангуй чийг сайн байгаа байх. Энэ сарын дундуур хэд хэдэн удаа бороо орох сураг байна. Ер нь олон жилийн дундаж орчим байна гэсэн. Тиймээс бороо хур нь таарвал аятайхан ургац авна гэж төлөвлөж байна. Тариаланчдын хувьд өнөөдрийн (өчигдрийн) байдлаар буюу тавдугаар сарын 5-нд бэлтгэл ажил нь жигдрээд, тариалалтаа эхэлж байгаа сураг байсан.

-Энэ хаврын тариалалтад зориулж тариаланчдад хөнгөлөлттэй үнээр шатахуун олгосон. Гэхдээ ирэх намраас шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой учраас зарим тариаланч үүнийг түр зуурын арга хэмжээ гэж үзэж байгаа юм билээ. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд жилдээ 20 гаруй мянган тонн шатахуун хэрэгтэй байдаг. Ойрхи Дорнодод үүсээд байгаа асуудалтай холбоотой Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулга хийсэн. Ингэхдээ Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас дэлхий дахинд шатахууны үнэ огцом өсөж байна. Ийнхүү түүхий нефтийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ адилхан өснө гэдэг байдлаар харьцуулсан судалгаа хийж тайлбарласан. Үүний үндсэн дээр түүхий нефть тэд байвал, шатахуун тэд орчим төгрөгөөр орж ирнэ гэдэг тооцоо хийсэн.

Улмаар нөхцөл байдал үргэлжлээд хэвийн бус байвал нэг литр шатахуун энэ намар гэхэд 9700 төгрөг болно гэсэн тооцоо судалгаа хийж танилцуулсан. Хаврын тариалалтаа хэвийн явуулах үүднээс АҮЭБЯ-тай хамтраад, нефть импортлогч 23 аж ахуйн нэгжтэй санамж бичиг байгуулан нэг литр шатахууныг 15 хоногийн хугацаатай 3400 төгрөгөөр аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ үеэр шатахууны бөөний үнэ 4300 төгрөгт хүрсэн. Нийтдээ 7000 тонн шатахууныг гэрээ хийж, аж ахуйн нэгжүүдэд олгосон. Мэдээж бүгд төлбөрөө төлөөд авсан. Бидний хувьд зохион байгуулалтаар хангаж ажилласан. Цаашдаа ч авсан шатахуунаараа уриншийнхаа нэгдүгээр үеийн боловсруулалтыг хийх боломж бүрдүүлж болно. Одоо бол нөхцөл байдал хэвийн горимд хараахан орчихоогүй байна. Өнөөдөр дайны гал зогслоо ч буцаад хэвэндээ ортол 4-6 сарын хугацаа байна гэж танилцуулж байсан учраас эрсдэлийг бууруулах сөрөг арга хэмжээ авч ажилласан гэсэн үг.

Ирэх намрын шатахууны үнэ битгий өсөөсэй л гэж бодож байна. Гэхдээ АҮЭБЯ-наас ОХУ-д очоод тодорхой хэмжээний гэрээ хэлцэл хийгээд яваад байна лээ. Үнэ өсвөл өртөгт нөлөөлөх магадлалтай. Харин өсөхгүй бол ямар ч байсан энэ намрын ургацаа хурааж авах боломж үүснэ гэж харж байна.

-Энэ жилийн тухайд тариаланчдад хэдэн төгрөгийн зээл олгосон бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сүүлийн дөрвөн жилийн хаврын тариалалтад зориулан хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Өнгөрсөн жил үр тариан дээр 100 тэрбум, төмс хүнсний ногоон дээр 30 тэрбум гээд нийтдээ 130 тэрбум төгрөг гаргаж байсан. Энэ жилийн тухайд ч олгоод эхэлсэн. Явцын дунд аймгуудын зөвлөгөөн болж, Тариаланчдын холбоотой ч уулзаж, гарсан хүсэлтийг үндэслээд салбарын сайд бодлого шийдвэр гаргасан. Тухайлбал, зээлийн эх үүсвэр орон нутагт очихгүй байна, хүрэлцээ муутай байна гэсэн гомдол ирсэн. Үүний үндсэн дээр энэ жил 130 тэрбум дээрээ нэмээд 70 тэрбумын зээл гаргасан. Нийтдээ энэ хаврын тариалалтад зориулж 200 тэрбумын зээл гаргасан. Үүнээс эргэлтийн хөрөнгөд 185 тэрбумыг, харин 15 тэрбумыг нь зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр буюу төмс, хүнсний ногооны техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүлэмжийн аж ахуй, услалтын систем гэсэн гурван чиглэлээр олгоё гээд арилжааны долоон банктай хамтраад гэрээ байгуулаад ажиллаж байна. Мэдээж банкин дээр зээл удаж байна, хараахан аваагүй байна гэсэн асуудлууд үүсч байна. Жил бүр ийм асуудал гардаг. Хэдий банкнаас эх үүсвэрээ гаргаад, бид хүүгийн татаас өгч байгаа ч тэд өөрсдөө эрсдэлээ тооцдог учраас тодорхой журмынхаа хүрээнд хэрэгтэй материалуудаа шаардаад, олгож байгаа. Банкуудтай хамтрах зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2-3 удаа уулзалт хийсэн. Ингэхдээ "Зээлээ хурдан шуурхай олгооч ээ. Ялангуяа өнгөрсөн жилийн төвийн бүсэд тохиолдсон гантай холбоотойгоор зээлийн төлөх чадвар, эргэн төлөлт дээр асуудалтай байгаа тариаланчдыг харж үзээч ээ. Мөн стратегийн бүтээгдэхүүн тарих гэж байгаа учраас бусад муу зээлтэй аж ахуйн нэгжүүдийг хар дансанд оруулахгүй байгаач ээ" гэдэг байдлаар ажилласан. Банкууд ч нааштайгаар хүлээж аваад, ажиллаж байгаа. Ер нь зээлийн эх үүсвэр талдаа дутагдах асуудал гайгүй. Ер нь тариаланчдад зээлүүдээ олгож байна, шатахуунаа авлаа, үрээ гаргаад явж байгаа. Тиймээс хаврын тариалалт хэвийн явна гэж үзэж байна.

Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.