“Айчи–Нагояа 2026” Азийн XX наадамд оролцох спорт холбоодын нэгдсэн уулзалт боллоо
Өнөөдөр Олимпик Хауст “Айчи–Нагояа 2026” Азийн XX наадамд оролцох спорт холбоодын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Азийн наадмын Монголын багийн ахлагч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын багийн ахлагч Х.Булгантуяа, багийн дэд ахлагч Ц.Сандуй, БТСУХ-ны дарга Э.Билэгт болон спорт холбоодын удирдлагууд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид оролцож, баг тамирчдын бэлтгэл, зохион байгуулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадам нь “Лос Анжелес 2028” олимпын наадмын өмнөх хамгийн чухал бэлтгэлийн үе шат гэдгээрээ онцлог юм. Мөн холимог тулааны урлаг, электрон спорт зэрэг шинэ болон эрчимтэй хөгжиж буй төрлүүдийг хөтөлбөртөө тусгаж буй нь Азийн спортын хөдөлгөөн шинэ үеийн хөгжил, технологи, залуучуудын оролцоотой уялдан хөгжиж байгааг харуулж байна.
Монгол Улсын баг тамирчид энэ удаагийн Азийн наадамд урьдчилсан байдлаар 33 спортын 54 төрөл, зай, жинд 500 гаруй тамирчнаар оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Өнөөдөр амжилт ганцаараа бүтдэг үе өнгөрсөн. Хамтын ажиллагаа, нэгдсэн бодлого, нэг зорилго л биднийг дараагийн түвшинд хүргэнэ.
Монголын тамирчид Азийн тавцанд улам хүчтэй өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэгт бүрэн итгэлтэй байна



































































Сэтгэгдэл