Б.Банзрагч: Дэлхий даяар байгалийн баялгаа ашиглаж хөгжиж байна шүү дээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын зөвлөх геологич Б.Банзрагчтай геологи, түүнийг тойрсон сэдвийн хүрээнд ярилцлаа.


-Та манай улсын ахмад геологичдын нэг. Залуу насандаа хаана, хаана ажиллаж байв?

-Би 1971 онд МУИС-ийн Геологийн салбарыг Геологийн эрэл, ашигт малтмалын эрэл, зураглалын геологич мэргэжлээр төгссөн. Баянхонгор аймагт байрлах Геологийн удирдах газарт хуваарилагдан очоод 10 гаруй жил мэргэжлийн дагуу ажилласан. Тэр үед геологийн ажлын зэрэгцээ говь нутгийг усжуулах ажил маш том асуудал болсон үе байв. Манай удирдах газар геологи гидргеологийн иж бүрэн судалгаа явуулж байлаа. Тэнд би геологийн ажлаас гадна гидргеологийн ажил өрөмдлөг, шавхалт хийж, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын том хөндий болон уулуудад гол ажлууд дээр ажиллаж байсан. Анхны жилдээ дагалдан геологич, геологи ангийн дарга, ерөнхий геологич гээд дэвшээд ажилласан даа. Тэгээд 1981 онд Улаанбаатар хотод ирээд Эрэл геофизикийн цогцолбор экспидецид ажилласан. Маш том иж бүрэн судалгааны экспидеци байлаа шүү дээ. Тэнд ашигт мэлтмалын эрэл, геофизикийн ажил, авто бааз, хэвлэх үйлдвэр, өрөмдлөгийн том газар зэрэг байлаа. Ерөнхийдөө 500 орчим хүн ажилладаг. Улирлын чанартай байсан учраас зундаа 800 гаруй хүн ажилладаг том экспидеци байв. Энэхүү экспидецид найман жил ажиллаж байтал 1990 он гарч хуучны ЗХУ-аас санхүүжүүлж ажиллаж байсан болохоор тэр зүйл байхгүй болж, бүх юм хувьчлагдаж, тарж бутарсан. Тэр үед геологичид ажилгүй болж байлаа. Тэгээд л хувийн хэвшлүүд гарч ирсэн. Ингээд энэ салбартаа 70 хүртлээ ажиллажээ.

-Таны ид ажиллаж байх үеийн геологийн салбар өнөөгийн байдлын хооронд өөрчлөлт гарч байна уу?

-1960-аад оноос Уонгол Улсад хамгийн анхны монгол геологийн мэргэжилтнүүд төгсөж ирсэн. Тэр үеэс дотооддоо мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн л дээ. Геологичдыг бэлтгэж эхэлсэн гэсэн үг. ЗХУ, Польш, Чех, Герман орнуудад боловсон хүчнүүдийг бэлтгэж төгсгөж байсан.Тэр үед энэ салбарын шинэ залуу боловсон хүчнүүд маш ихээр төгсөж, цэцэглэж гарч ирсэн үе байхгүй юу. 1960-1985 оны хооронд энэхүү салбарын хөгжил зохион байгуулалт сайтай, улсын төсвөөс санхүүжилт өгөгддөг, төрөлжсөн экспидецүүд олноор бий болж байсан үе. Ховд, Дархан, Баянхонгор, Чойр, Дорнод аймгуудад ашигт малтмалын төрлөөр төрөлжсөн экспидецүүдэд судалгаа хийгдэж байсан. Өөрөөр хэлбэл, геологиудыг мэргэжлийнх нь төрлөөр чиглүүлж, маш сайн зохион байгуулж байсан учраас ажлын амжилт, бүтээмж нь өндөр байсан үе. Энэ л үед Монгол оронд байгаа ихэнх ордууд нээгдэж, нөөц нь тогтоогдож, тайлан бичигдэж, геологийн архивт хадгалуулж байлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр үеийн бүх ордуудыг цаас зургаар баримтжуулж авдартаа хадгаллаа л гэсэн санаа юм. Тэр материал дээр тулгуурлаж 1990-ээд оноос хойших хувь ордууд бий болсон.

-Манай улсыг байгалийн баялагтай орон гэдэг. Монголчууд бид энэ их баялгаа бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа юм болов уу?

-За яахав. Бүрэн биш ч гэсэн ашиглаж байна. Тухайлбал, өнөөдөр янз бүрийн насны хүрэн болон чулуун нүүрсний 150 гаруй орд нээгдсэн байгаа. Орон нутагт энэ л ордуудаас гарсан нүүрсээр дулаанаа, цахилгаанаа хангаж байна шүү дээ. Манай улс нүүрсээ түүхийгээр нь юм уу, баяжуулсан байдлаар БНХАУ-д экспортолж байна. Дээрх ордыг зөвхөн шатааж эрчим хүч гаргах, баяжуулах, төдийгөөр ашиглалтыг хязгаарлаж болохгүй. Нүүрсийг хийжүүлдэг, шингэрүүлдэг, коксжуулдаг, эцсийн бүтээгдэхүүн болох нүүрс химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгийн чухал байна. Мөн Эрдэнэт, Оюу толгой, Таван толгойгоо бид ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж, 30-аад хувиа гаргуулж байгаа шүү дээ. Гурвуулаа бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж байгаа байхгүй юу. Бас социализмын үед бэлтгэгдсэн “Цагаан суварга” гээд орд байж байна. Одоо ашиглахад бэлэн. Сүүлд нээгдсэн олон ч орд бий. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 1:1000000 масштабын зурганд бүрэн бүрхсэн. Өөрөөр хэлбэл, судалгааны хоорондын зай 1 км-т тийм зайгаар бүрхсэн байгаа гэсэн үг. Энэ мэтчилэн бүх зураг зохиогдож, хадгалагдсан байгаа. Тэр зургуудаар бүх юмаа чиглүүлнэ гэсэн үг. Монгол Улсын хэмжээнд одоогоор 50 хувьд л зураглал хийгдчихээд байгаа. Тэгэхээр геологийнхны хувьд цаана нь 50 хувийн ажил хүлээгдэж байгаа гэж ойлгож болно. Энэ салбарт геологийн мэргэжилтний хүний нөөц хомс, сүүлийн үед л сэргэх гэж байх шиг байна. Бидний үе нас өндөр болчихлоо. Хүний нөөц сайн байж геологийн салбар үргэлжилнэ. Энэ салбарын сайд геологийг эрчимжүүлнэ л гэж ярьж байгаа. Гэтэл улсын төсөвт маш бага өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр геологийг сайн ойлгоогүй байна гэсэн үг. Геологид мөнгө зарцуулж байж ажил хийгдэнэ.

-Хариуцлагатай уул уурхай гэж их ярьж байна. Хариуцлагатай уул уурхай байж гэмээнэ нутаг орны иргэдийн эсэргүүцэлтэй тулахгүй болов уу. Одоо чинь ямар нэг юм хийхээр хуваагдаад хоорондоо тэмцэлдээд байдаг талтай. Геологи, уул уурхайн салбар дээр ч бас энэ ажиглагддаг?

-Баруун таван аймаг хамарсан “Хариуцлагатай уул уурхай” уулзалт Увс аймагт болж байгаа тухай сая телевизээр явж байна. Энэ бол маш зөв. Бүрэн сумын нутагт хоёр гурван жилийн өмнө ажиллаж байхад буу барьсан мотоциклтой нөхдүүд ирээд загнаад эсэргүүцээд байсан. Хоёрдугаарт, янз бүрийн шантааж хийдэг бүтэн арми бий болчихоод байна. “Надад ямар ашигтай юм бэ” гэдэг хүмүүс байдаг юм билээ. Улс орны ирээдүйг огт бодохгүй, өнөөдрөөрөө бусдыг шантааж хийж амьдардаг төрлийн хүмүүс байгаад байна. Нутаг орноо, эх орноо гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай геологи, уул уурхайг шаарддаг эх оронч хүмүүс ч бас байна, байна. Тэр бол буруу биш юм. Бидний залуу үед геологийнхныг орон нутгийнхан их сайхан хүлээж авч хамтарч ажилладаг байсан шүү дээ. Геологи бол аюулгүй шүү дээ. Уул уурхай бол хариуцлагатай байх учиртай. Нөхөн сэргээлт сайн хийж байх ёстой. Нөхөн сэргээлт хийхгүй, орон нутгийн иргэд өгөөжөө хүртэж чадахгүй бол асуудал гарна. Удахгүй шинэ ашигт малтмалын хууль гарах гэж байна. Харин тэнд иргэдийн хүртэх өгөөж зэргийг тодорхой заасан сайн заалтууд байгаа байх.

-Уул уурхайн хөгжил геологи хайгуулаас шууд хамааралтай гэдэг. Аливаа улс орон хөгжлийн төлөвлөгөөгөө ашигт малтмалынхаа ордуудтай уялдуулж хийдэг үү?

-Улс орон өөрийнхөө хөгжлийг төлөвлөх ёстой. Төлөвлөхийн тулд ашигт малтмалынхаа байрлалыг тогтоосны дараа төлөвлөхгүй бол зарим улс орон ашигт малтмалынхаа орд дээр төмөр зам тавьчихсан байх жишээ байдаг. Эсвэл орд дээрээ хот байгуулсан байх жишээ байна. Тийм учраас хөгжлийн төлөвлөгөөгөө ашигт малтмалынхаа ордуудыг судлаад, хадгалаад тэр ордуудыг чинь тойруулан барих нь чухал юм. Улс орны хэтийн төлөвийг тодорхойлохын тулд ашигт малтмалынхаа байрлал, төрөл зүйл, нөөцийг бүгдийг нь тогтоогоод авдартаа хадгалсан байх учиртай. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Бас ч гэж манайд сүүлийн үед ойлгоод байх шиг байна. Жишээ нь, Баянхонгорт алтны нэг үндсэн орд байгаа юм. Тэнд маш их эсэргүүцэл тулгарсан. Эцэстээ ойлгож байх шиг байна. Нутаг орон хөгжөөд, ард иргэдийн амьдралд ашиг тусаа өгөөд, улсын хэмжээнд эдийн засгийн эргэлтэд үр нөлөө үзүүлээд ирэхээр ойлголцож хөгжиж байгаа юм. Геологийн мэргэжилтэй хүний хувьд хэлэхэд, аймаг бүрд байгаа хамгийн чухал ашигт малтмалын нэгийг нь сайхан ашиглаад, тэрэн дээрээ тулгуурлаад ард иргэдийн амьжиргааг дээшлүүлээд, бусад салбараа ч хөгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, чирэгч уул уурхайг бий болгох нь зөв юм. Дархан, Эрдэнэт, Өмнөговь хөгжсөн байгаа биз дээ. Тэрийг л хүмүүст сайн ойлгуулах хэрэгтэй. Хөвсгөл, Завхан аймгууд уул уурхайгүй аймаг болно гэж яриад байгаа. Үнэхээр тийм боломж байхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ улсаас татаас аваад байж болохгүй. Нэг ёсондоо улсаар тэжээлгээд байна шүү дээ. Аймаг болгон өөрсдөө бие даасан уул уурхайтай болоод газрын баялгаа ашиглаад ирвэл бусад салбарууд ямар хурдтай хөгжих вэ гэдэг талаас нь ажиллах хэрэгтэй байна.

-Тэгэхээр бид эсэргүүцэх бус нутаг оронд байгаа ашигт малтмал илэрсэн уул уурхайгаа ашиглах нь зөв гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм шүү дээ. Энэ чинь хамгийн чухал байна. Баруун аймгуудад газрын ховор элементүүд яригдаад байгаа. Бөөн эсэргүүцэл явж байна. Учрыг нь ойлгуулаагүй, зөв ойлголт, мэдээллээр хангаагүй байна гэсэн үг. Хоёрдугаарт, нутаг орныхон сайхан нутгаа усаа хөндүүлэх нь гээд харам л байна гэж бодож байгаа. Уг нь маш зөв ойлголтыг өгөөд, аймаг, улс орон ашиглаад, үр шимээ хүртээд ирэхээр өөр болно шүү дээ. Энэ бүхэн чинь цаг хугацаандаа ашиглах хэрэгтэй байхгүй юу. Ялангуяа дэлхийн зах зээл дээр тухайн ашигт малтмалууд үнэтэй байгаа үед хурдан ашиглаж улс орныхоо хөгжлийг хурдасгах хэрэгтэй юм. Нүүрсийг хар л даа. Бидэнд ашиг тус өгч байгаа шүү дээ. Заавал коксжсон байх албагүй. Технологи сайжрах тусам нүүрснээс маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч болно. Бензин, цавуу зэрэг олон юм хийнэ.

-Энэ салбарт гадны хөрөнгө оруулалтууд их чухал юм байна гэж ойлгоод байгаа. Хөрөнгө оруулалт орж ирж байж бид баялгаа ашиглаж чадах байх?

-Энэ салбар чинь өндөр өртгөөр өндийж босдог салбар. Манай улсын хөрөнгө оруулагчдын дийлэнх нь хятадууд байгаа. Манайхан чинь муусайн хятадуудад өглөө гээд нутаг орныхон нь эсэргүүцдэг, үзэн яддаг. Өөрсдөө бид хийчихдэг бол тэднээр хөрөнгө оруулах шаардлага байхгүй шүү дээ. Гаднаас заавал хөрөнгө татахгүй бол манайх чинь мөнгөгүй. Тийм учраас энэ байдалд бид яалт ч үгүй хөрөнгө оруулагч авна.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед байх аа. Лицензийг олгохгүй байх шийдвэр гаргасан гэдэг юм билээ. Энэ нь Монголын компаниудад хүнд тусаж, гадны хөрөнгө оруулагчдад давуу байдал үүссэн гэх мэдээлэл бий.Энэ талаар тодруулбал?

-2012 оноос байх аа. Лиценз олголтыг зогсоосон. Тийм учраас тэр үеэс лиценз олгохгүй болохоор чинь геологи хайгуулын ажил хийх боломж олдохгүй болчихож байгаа юм. Хааснаас болоод судалгаа хийх талбай өгөхгүй 10-аад жил болсон. Энэ чинь чөдөрлөж байгаа байхгүй юу. Нөгөө талаар замбараагүй лиценз олголт явагдаж байсан. Хэдэн мянган талбайгаар нь хүмүүс авч байсан. Гадныхан ч авч байлаа. Том том талбайгаар нь гадныхан хүртэл авчихаар орон нутгийн иргэд эсэргүүцээд ирсэн. Тиймээс тухайн үеийн Ерөнхийлөгч “Гадныхан ийм том талбайгаар аваад байна. Орон нутгийнхан та бүхэн өөрсдөө мэдэх ёстой шүү” гээд хэлчихсэн. Тэгээд л тэндээс орон нутгийнхан эсэргүүцдэг үйл ажиллагаа чинь эхэлсэн шүү дээ.

-Олгохгүй хааснаар нөгөө талаар бүр ч их өрсөлдөөнийг бий болгочихсон уу?

-Тийм байдал бол үүссэн. Геологийн ажлыг чинь дээр үед маш нууцлалтайгаар хадгалдаг байлаа шүү дээ. 1990-ээд оноос хойш нууцлалгүй болгосон. Анх 2006 онд Ашигт малтмалын хуулийг баталсан шүү дээ. 2012 он хүртэл маш чөлөөтэй олгогдож байсан. Анх хувь хүн ч очоод авчихаж болдог байлаа шүү дээ. Тэрнээс хойш 10 гаруй жилийн дараагаас олгож эхлээд явж байна. Өмнө нь өргөдлөөр олгочихдог байсан бол тэр үеэс хойш тендерээр олгох болсон. Манай үндэсний том газрууд бол авч болж байгаа. Бид чинь мөнгөгүй учраас гадныхан хөрөнгө оруулж орж ирээд байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Одоо анхаарлын төвд яригдаад, эсэргүүцэлтэй тулгараад байгаа ордуудын талаар та юу хэлэх вэ?

-Дэлхий даяар байгалийн баялгаа ашиглаж хөгжиж байна шүү дээ. Дэлхийн улс орнууд байгальд ээлтэй эрчим хүч гаргаж авахын тулд уранаа ашиглаж байна. Байгальд ээлтэй ашигт малтмалын төрөл чинь уран шүү дээ. Тэрийг бид огт хаагаад, хориод байна гэдэг чинь энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл, ойлголт бидэнд огт байхгүй байна гэсэн үг. Гэтэл бусад улс оронд аль хэдийнэ ашиглаад, хөгжөөд, боловсон хүчнүүд нь олноор бэлтгэгдсэн байдаг. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдээ манай улсад бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгэхгүй бол технологийн хөгжилтэй энэ цаг үед бид хоцрогдож байна шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.НАНДИНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.