МОНГОЛ ХААН ЖҮЖИГ БА МОНГОЛ СОНГОДОГ

Aдмин / Энтертайнмент

ХХ зуун бол монголчуудын хувьд хөгжил дэвшлийн болоод ондоошлын зуун байсан билээ. Оросын “Октябрийн хувьсгал”-ын нөлөөгөөр 1921 онд монголчууд төрийн эргэлт хийж Манжийн төрөөс салан тусгаарласан юм. Энэ нь угтаа Хятадын нөлөөнөөс л гарсан хэрэг бөгөөд хэдийгээр ийнхүү Хятадаас салж чадсан ч улаан Оросын нөлөөнд эргэлт буцалтгүй автсан билээ. Монголын түүхийн энэхүү зурвас үеийг “социализмын үе” хэмээн нэрлэдэг ба 1921-1990 оны хоорондох 70 жилд монголчууд шиг хөгжсөн улс цөөхөн. ХХ зууны эхэнд хөгжил буурай, Манжийн ноёрхолд автсан, бүх нийтийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн орчин ахуйн хувьд ихээхэн дорой байсан монголчууд мөн зууны сүүл үе гэхэд бүх нийтээр бичиг үсэгтэй болж дэлхийн жишигт хүрсэн эрдэмтэд төрөн гарсан бөгөөд бүхий төрлийн нийгмийн халдварт өвчнөөс салж, өөрийн гэсэн хөгжлийн замд орсон үнэн. Гэсэн хэдий мөн зууны үед бас хоцрогдсон зүйлс ч нэлээдгүй бий. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нөлөөгөөр монголчуудын хувьд олон зүйл хоиотой байсан, тодруулбал, дэлхий дахинтай ганцхан Орос гэдэг цонхоор л харьцаж байв, Оросын бодлогоос зөрсөн ямар нэгэн зүйл хийх нь нэнэ хориотой, өөрийн үндэстний түүх, иэр дундаа аугаа их Чингисийн эзэнт гүрний түүхийг ярих нь мөн хориотой байсан билээ.

Гэтэл дэлхий дахинд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж монголчууд 1990 онд “Ардчилсан хувьсгал” хийн жинхэнэ утгаараа бие даасан улс болсон. ХХ зууны монголын уран зохиолын түүхийг харвал ЗХУ-ын уран зохиолын нөлөө тусгал бүхий социализм, коммунизмын магтан сайшаасан, түүний удирдагчдын бэлгэдэл болгон шүтэн дүрсэлсэн, нэг намын үзэл суртлыг ухуулан сурталчилсан өнгө аяс бүхий бүтээлүүд зонхилж байв. 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар монгол зохиолчид өмнө хориотой байсан олон сэдвүүд рүү эрчимтэй орж уран бүтээлүүдээ туурвих болсон ба тэдгээрийн дотор хамгийн их сэргэсэн нь үндэсний үзэл, түүхэн сэдэв байсан билээ. Үүний нөлөөгөөр бичигдсэн олон бүтээлүүдийн нэг нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг. Мөнхүү жүжиг яг болсон явдлаас буюу бодит түүхээс сэдэвлээгүй гэдгийг эхэнд нь тэмдэглэх ёстой. Гэхдээ монголын хаадын түүхэнд иймэрхүү үйл явдал болж байсан нь эргэлзээгүй бөгөөд нэгэн цагт бүх ертөнцийг эрхшээж байсан монголын хааны ширээ бол ямагт асар их цус, өрсөлдөөн, үзэн ядалт, урвалт, хуйвалдааны үүр уурхай байсныг монголын түүх харуулдаг юм.

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэрээр “Херо энтертайнмент групп”-ийн найруулагч Б.Баатарын найруулгаар дэлхий дахинд хүрч байна. Монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа гаргах зорилгоор Английн продюсерийн багтай хамтран хэрэгжүүлсэн энэ төслийн ажлын хувьд зохиолоо сонгох, жүжгийн тавилаа хэрхэн дэглэх гэсэн хоёр чухал шийдэлтэй нүүр тулсан байдаг. Зохиолын хувьд бодит түүхэн сэдэв биш боловч монголчуудын түүхэнд гарч байсан ерөнхий дүр зургийг бүрнээ төлөөлж чадахуйц нэгэн давуу тал бий. Учир нь мөн жүжиг нь дэлхийн сонгодог зохиолын хэв маягт бүрнээ нийцнэ.

Учрыг тодруулбаас өрнийн домог зүйд: Хамаг бүхний анхдагч эхлэл болох Гея-Газар нь Уран-Тэнгэрийг өөрөөсөө төрүүлээд, тэр даруйдаа түүнтэй гэрлэдэг. Энэ гэрлэлтээс төрсөн хүүхдүүд нь аварга биет титанууд бөгөөд Океан, Кой, Крий, Гиперион, Иапет, Кронос зэрэг зургаан эрэгтэй, Тефида, Феба, Мнемосина, Тейя, Фемида, Рея зэрэг зургаан эмэгтэй байдаг. Харин аварга биет титануудыг Уран өөртэй нь бэлгэсийн өрсөлдөгчид болохоос өрсөн доод тивийн тамын орон Тартар руу илгээдэг. Гэтэл бүх эрчүүдийн эхнэр байхыг хүсэгч Эх-Газар титануудын нэг Кроност туслах аж. Тодруулбал Ураныг хадуураар засч агтлан, Кроносыг орчлон ертөнцөд үнэмлэхүй эрх мэдэлтэй болгожээ. Бэлгийн өрсөлдөгч эцэг Уранаа дарсан Кронос чөлөөлөгдсөн даруйдаа Эх-Газартай гэрлэнэ. Энэ үед Газар эхийн нэр Гея биш, Рея болон солигдсон байдаг. Орчлон ертөнцийн эзэн болсон Кроносын үйлдэл нь басхүү бэлгийн сэдэлд орооцолдсон байдлаас үл ангижрах ба тэрбээр Реятай харьцах харилцаандаа бэлгийн өрсөлдөгчгүй байх зорилгоор бүх хүүхдээ залгисаар байна. Харин Рея эцэгт нь чулуу залгиулан хуурч Зевс нэрт нэг хүүгээ аварч, Дикта уулын агуйд ямааны сүүгээр тэжээж өсгөжээ. Зевс тийнхүү өсөж том болон эрийн цээнд хүрээд, шидэт ундаа ууж мөнөөх л бэлгийн дур хүслээсээ болж Кроностой тэмцэлдэн түүний гэдэснээс ах, эгч нараа гаргаж, бас титануудтай тулалдан номхотгож Кроносын хамт титануудыг Тартар руу илгээгээд өөрөө бас Эх-Газартай гэрлэнэ. Энэ удаа газар эх Рея биш, Гера дүртэй болсон байдаг. Энэхүү домогт өгүүлж буйгаар Олимпийн бурхад цөм ураг дотроо гэр бүл болцгоох ба гол нь өөрийн гэр бүлийн үр хүүхдүүдийг ямагт өөрийн бэлгийн өрсөлдөгч хэмээн үзэж Тартар уруу тонилгох аж.

Мөнхүү домогтой агуулгын хувьд шууд холбогдох өгүүлэмж нь “Фивийн цуврал” домог юм. Мөн цувралын гол дүр Эдип. Энэ домгоос сэдэвлэн Эртний Грекийн жүжгийн зохиолч Софокл “Эдип хаан” гэдэг жүжиг бичсэн нь уламжилсаар ирсэн бөгөөд манай театрын нэрт зүтгэлтэн Э.Оюун уг жүжгийг 1979 онд орос хэлнээс орчуулан улмаар монголын театрын тайзнаа тавьсан бий. Мөн жүжигт Фивийн хаан Лай, түүний хатан Иокаста нараас нэгэн хүү төрөхөд зөнч үзээд “Энэ бол эцгээ хөнөөж, эхтэйгээ гэрлэх тавилантай нүгэлт хүү” хэмээнэ. Үүнд сэжиглэсэн Лай хаан нярай хүүг ал хэмээн малчиндаа өгөх аж, малчин нялх хүүг өрөвдөн үл хөнөөх ба өөрөө үхнэ биз, хэмээн хөлийг нь хугалан ууланд хаяна. Гэтэл хажуугийн улсын малчин хүүг олж үр хүүхэдгүй өөрийн хаанд өгчээ. Хүүгийн хугархай хөл хавдсан байсан тул Эдипед буюу хавдар хөлт гэж нэрлэжээ. Эдип өсөж том болоод хувь заяаны эрхээр явсаар өөрийн жинхэнэ төрсөн эцгийн хөнөөж мөн өөрийн төрсөн эхтэй гэрлэн дөрвөн хүүхэдтэй болох ба тэрхүү өөрийн аймшигт хувь заяаг өөрөө мөшгөсөөр үнэнийг мэдэх ба үүндээ гутран хоёр нүдээ сохлон одсон тухай Софоклын жүжигт өгүүлдэг билээ. Энэ жүжгийг мэдэхгүй өрнийн хүн үгүй, угаасаа соёлт ертөнц энэ жүжгийг сайтар мэддэг бөгөөд “Эдип хаан” жүжиг нь дэлхийн сонгодог уран зохиолын өвд хүндтэй байр эзлэн оршдог билээ.

Тэгвэл манай нэрт найруулагч Б.Баатарын найруулсан “Монгол хаан” жүжигт Хүннү гүрний хаан Арчуг түүний хайртай хатан Гүргэл, өөрийн хүүхэд мөн хэмээн санаж буй хүү Ачир нарын үйл явдал дүрслэгдэнэ. Мунхаг хүү Ачир нэгэн удаа эцэг хаандаа “Би өсөж том болоод Гүргэлтэй буюу эхтэйгээ гэрлэнэ” гэж хэлснээр жүжгийн үйл явдал туйлдаа хүрдэг. Үүнд аргагүйдэн хорссон Арчуг хаан Ачир хүүгээ цаазлана. Өөрөөр хэлбэл “Монгол хаан” жүжигт дэлхийн сонгодог зохиолд байдаг эцэг, эх, хүү гурвын үндсэн зөрчил болох бэлгэсийн зуршмал зөрчил дүрслэгддэг. Тэрхүү хүн төрөлхтний улигт зөрчлийг Зигмунд Фройд “Эдипийн комплекс” хэмээн нэрлэн тайлбарлаж далд ухамсрын онолоо боловсруулсан бий.

Өрнийн домгийн энэхүү бэрх зөрчил яагаад монголын уран зохиолд дүрслэгдэх болов гэдгийг бид монголын домог зүйгээс хайх учиртай. “Алтан мөнгөн аргай” хэмээх монгол ардын үлгэрт яг ийм буюу эцэг, эх, хүү гурвын зөрчил дүрслэгддэг. Намтай мэргэн хэмээх эцэг нь найман настай Чагаа хүүгээ мангас хар эмгэнд өгөхөөр тохирдог бөгөөд Чагаа хүү ээжийн захиас хийгээд өөрийн арга залиар мангасаас мултарч гэртээ ирэн “Аргай аргай түг” хэмээн аавынхаа толгойг хага цохиж алаад ээжтэй хамт амар сайхандаа жаргадаг. Монгол ардын үлгэрт ээж, хүү хоёр хамтдаа амьдарч буй үлгэр нэн түгээмэл байдаг атал аав, хүү хоёр хамт амьдарч байгаа дүрслэл ер байдаггүй нь тохиолдлын хэрэг бус. З.Фройдын “Онгон шүтлэг ба Хорио цээр” номд дурдсанчлан хүн төрөлтний баларлаг үед буюу овгийн байгууллын үед овгийн ахлагч өөрийн овгийн дотор өсөж том болж байгаа эрсийг цөмийг хөөн, овгоос хасах бүлгээ. Хасагдсан эрс нэгэн дор цуглаж байгаад эгэн ирж овгийн ахлагч буюу өөрсдийн эцгийг алаад, хуваан иддэг байжээ. Энэхүү улигт бэрх үйлээс хорио цээр үүссэн бөгөөд овгийн ахлагч буюу эцгийг алж болохгүй, мөн түүний үлдээсэн эмсийг буюу өөрийн ээж нарыг авч болохгүй хэмээн ухаарсан нь хүнийг хүн болгох эхлэл хэмээн сэтгэж болох юм. Монгол ардын “Алтан мөнгөн аргай” үлгэрийн гол дүр Чагаа нэртэй буюу монгол хэлний “цагаан” хэмээх үгтэй үүсэл нэг нэртэй байгаа нь анхны хүн өөрөөр хэлбэл биеийнхээ гадуур үсгүй “цагаан хүн” гэсэн санааг илтгэж байж болох тухай профессор С.Дулам дурдсан байдаг. Монголчуудийн гипертекст болох “Монголын нууц товчоо” зохиолд ч Бөртэ чоно, Гуа марал нараас гарсан анхны хүүхдийг Батцагаан хэмээдэг нь “баттай цагаан” буюу анхны хүн гэсэн утга илтгэж байдгийг дурдсан баримтууд бий.

Өгүүлэн буй Софоклын “Эдип хаан” жүжгийн Эдип хаан эцгээ хөнөөгөөд эхтэйгээ гэрлэсэн дүр байдаг бол “Монгол хаан” жүжгийн Ачир эхтэйгээ гэрлэнэ гээд эцэгтээ алагдсан дүр юм. “Монгол хаан” жүжигт Хүннү гүрний хаан Арчуг өөрийн хүүг алахдаа:

...Тэнэгүүдийн тоглоом болох төрийг

Тэнгэрийн дор би орхиж чадахгүй

Хүүгээсээ би маргааш хагацна

Хүннү төр тэнэгээсээ хагацна” хэмээн хэлдэг. Үүгээр зохиолч Б.Лхагвасүрэн 2000 жилийн түүхтэй Хүн гүрний хийгээд нүүдэлчдийн төрт ёсны их уламжлалыг тодотгосон байдаг бол найруулагч Б.Баатар жүжгийн тайз хийгээд хувцас хэрэглэлийн улаан өнгөөр хүн төрөлхтөний баларлаг үеийн цусан тайлгын зан үйлийг сануулж байгаа ба дэлхийг эрхшээсэн эртний Монголын их гүрний төрийг эцэг нь хүүгийнхээ амиар тахиж байж сая үлдэх том уламжлалтай хэмээсэн далд утгыг илэрхийлсэн байна. Сонгодог зохиолын гол өгүүлэмж болох эцэг, эх, хүүгийн энэхүү зөрчил нь ямар нэгэн байдлаар төртэй холбогддог агаад тэр нь Софоклын “Эдип хаан”, В.Шекспирийн “Гамлет” жүжигт илэрдэг нь “Монгол хаан”-д мөн давтагдана. Учир нь энгийн нэг гэр бүлийн дотоод асуудал байх юм бол нийтийг хамарч бусдын хувь заяанд нөлөөлж чадахгүй болох тул төр буюу эрх мэдэл нэн чухлаар тавигддаг бөгөөд энэхүү нүүдэлчдийн хамгийн том төрт ёсны уламжлалыг суурин иргэншлийн нэн эртний төрт ёсны уламжлалаа эдүгээ хүртэл хэвээр нь хадгалж ирсэн Их Наран улсад энэ жүжиг тоглогдох гэж байна.

Хоёр дахь асуудал буюу тавилтын ерөнхий дэгийн хувьд улаан өнгө буюу цусан тахилгын хэлбэрт жүжгийн бүхий л агаар зохирчээ. Тэрхүү бүгчим хэрнээ эрчимлэг урсгалт цусан улаан зураглалын агааргүйдэл нь Арчуг хаан, Гүргэл хатан, Цэцэр хатан, Эгэрэг түшмэл болон Ачир, Хүчир хэмээх хоёр хүүгийн дүрийг шахалтанд оруулна. Энэ жүжигт шахалтанд ороогүй дүр гэж үгүй. Бүх дүр гарцаагүй байдалд орж шахагдах учир улаан өнгө, эрчимт бүжгийн хэмнэлээр үзүүлж утга агуулгаа номлодог. Монголын театр бол Өрнийн уламжлал гүн шингэсэн театр. Хятад, Япон шиг өөрийн өнгө төрх бүхий өвөрмөц театрын уламжлал манайд байхгүй, энэ нь манай театрыг өөрийн гэсэн чөлөөт бөгөөд үндэсний шинж бүхий өвөрмөц тавилтай болгосон билээ.

“Монгол хаан” жүжиг нь монголын урлагийг гадаадад таниулах зорилготой ч гэлээ монгол хүний оршихуй, эртний хаадын ертөнцийг үзэх үзлийг нээсэн давуу талтай. Тийм ч учраас “Монгол хаан” гэсэн нэртэй. Зарим шүүмжлэгч энэ жүжгийг реклам сурталчилгаа шиг гэж дүгнэх нь тааралдаж байгаа ч, нэг талдаа бол ингэх ч ёстой, учир нь энэ бол монголыг таниулахаа нэгдүгээрт тавьсан сонгодог драм. Чухам ингэж байж л газар зүйн их нээлтүүдээс өмнө буюу тухайн үеийн хуурай газрын ихэн талыг эзлэн эзэнт гүрэн байгуулж асан монголын эх түүхийн улбаа хийгээд хүмүүний оршихуйн үндсэн асуудлыг хөндөн гаргах боломжийг найруулагчид олгох юм. Хайраас хавьгүй хүчтэй өс хонзонгийн дүрслэл нь сонгодог бүтээлд заавал байдаг шугам агаад тэрхүү өс хонзонг ихэд нууцлан үзүүлсэн ба өс хонзон бол үе дамждаг. Тэрчлэн аливаа өс хонзонгийн шалтгаан нь бэлгийн сэдэл байдгийг давхар нээсэн нь мөнхүү жүжгийн сонгодог шинжийг тодотгож байна.

Өрнийн ард түмэн бол хэсгээс бүхэл рүү гэсэн сэтгэлгээний хэв маягтай байдаг бол Дорнын бид бүхлээс хэсэг рүү сэтгэдэг. Монгол хүн цаг хугацааг хэлэхдээ эхлээд оныг, дараа нь сарыг, эцэст өдрийг буюу хамгийн жижиг нэгжийг нь хамгийн сүүлд хэлдэг буюу ингэж сэтгэдэг. Гэтэл Өрнийн хүн эсрэгээрээ. Тийм ч учраас монгол хүн өөрийгөө төрийн харьяат, төр бол хүний дээр байдаг том зүйл хэмээн үзэх ба тэр байтугай “Тэнгэрийн дор төрж, төрийн дор амьдарна” хэмээн хэлэлцдэг. Энэхүү төр ариун байхыг хүн өөрийн оршихуйн ариун дагшин байдалтай шууд холбон үзнэ. Энэ л мөн чанар буюу төр ариун байхын тухай энэ өгүүлэх болно.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор Г.Батсуурь

2025-06-07


Сэтгэгдэл

Бадарч тахар [66.181.185.96] 2025-06-08 14:21:56

Монгол нь 1911 онд Манжаас салж ! 1921 онд гамингийн Хятадаас салж ! 1990 онд Зөвлөлт Оросоос салж 2025 онд Данх Оюукагаас салжээ ! Тамгагүй төртэй байсны л гай !

О.ДӨЛГӨӨН [66.181.176.126] 2025-06-08 13:18:13

ҮНЭН ЦАГААНААР ЯВАН САНХҮҮЖИГДСЭН БҮТЭЭЛ ГЭЖ ЯРИГДАХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ !


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000