Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

Aдмин / Улстөр

Дээд шүүхийн хэвлэлийн албыг олон жил авч явсан сэтгүүлч бүсгүй саявтар нүүр номдоо Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн зургийг тавьж байгаад нэг юм бичиж. Тэрээр: Ирэх сард Дээд шүүхийн шинэ ерөнхий шүүгч тодорно. Энэ хүн өнгөрдөг жилүүдэд огт гарч ирсэнгүй, Нэг ч дуугарсангүй. Шүүхийг газар дор ортол муулахад засаглалын тэргүүн нь нэг ч үг ганхийхгүй байгаа нь арай л дэндүү байлаа. Шүүх засаглал ярьдаг, жинхнээсээ зоригтой ерөнхий шүүгчтэй болоосой гэж хүсэж байна. Нэр хүнд үнэхээр газарт унасан байна даа, одоогоор. Шүүхийн нэр хүндийг өндөрт өргөх, гаргасан шийдвэрийнхээ ард нуугддаггүй, ил гарч ирж чаддаг хүн ерөнхий шүүгч болоосой гэж хүсэж байна гэж.

Дээд шүүхийн ерөнхий шүүгч хуулиараа зургаан жил ажиллаад буух ёстой. Д.Ганзориг 20 оны зургадугаар сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар энэ албан тушаалд томилогдсон. Бүрэн эрх нь дуусахад 20 хүрэхгүй хоног үлдэж.

Гэвчиг: Д.Ганзориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр дахиад зургаан жил ажиллаж болзошгүй. Дахин сунгах гээд ихэд чармайж байгаа тухай шүүхийн систем даяар ярьж байна. Уул нь: Д.Ганзоригийг буухаар оронд нь нэр дэвшихээр Дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгч Ц.Цогт, мөнхүү тус шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нар бэлдэж байж. Гэсэн нь Д.Ганзориг бүрэн эрхийн хугацаагаа дахин сунгах гээд байгаа нь илэрхий болж Ц.Цогт, Ч.Хосбаяр хоёр нэр дэвших хүслээ түр татжээ.

Д.Ганзориг бол дахиад 6 жил Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллах дээрээ тулах юм бол хэр баргийн саад тотгорыг давна л гэж үзнэ. Уулаасаа: 20 онд Дээд шүүхийн ерөнхий шүүгч болохдоо олон даваа давсан. Дэлгэрүүлэх нь ээ: Тэрээр 20 оны УИХ-ын сонгуулийн ид үед томилогдсон. Тэр үед улстөрчдийн баривчилгаа жинхэнэ давлагаалсан, санаж байвал. Эдүгээ сонсож байх нь ээ: Дөнгөж 19 оны 5 дугаар сард Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсон Х.Батсүрэн ганц жил болов уу, үгүй юу өргөдлөө өгөөд буусан нь тэрхүү баривчилгаануудтай холбоотой болоод явчихсан. Х.Батсүрэн: Улс төрийн сонгууль болж байгаа тул улстөрчдийг баривчилж хорихгүй гэж хэлээд өргөдлөө бичихлээ тулж. Нэгэнтээ Дээд шүүхийн ерөнхий шүүгч: Сонгуулиар улстөрчдийг баривчлахгүй гэх шалтгаанаар буусан тул баривчлах эр зоригтой хүнийг оронд нь тавих хэрэгцээ үүссэн. Тэр орон зай дээр Д.Ганзориг гарч ирсэн. Тэрээр томилогдоод жинхэнэ баллаж тавьсан. С.Баярцогт, Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нар лав өртсөн. Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг сонгуулийн өмнөхөн шүүхэд очсон. Шүүх сонгуулийн сурталчилгааны үе, санал хураалт дамнуулан С.Баярцогтыг шүүж ял оноосон. Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэг 4 дүгээр сарын сүүлчээр шүүхэд шилжиж, шүүх 5 дугаар сард ял оноогоод эхэлсэн. Тэрхүү сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Н.Номтойбаяр 5-6 сар дамнаад сонгууль дуусах хүртэл хоригдсон. Сэлэнгэд өрсөлдөж байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 20 оны 6 дугаар сарын 11-ний шөнө хорьсон. Хоригдоостой байхдаа ялж гишүүн болсон. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг сонгуулийн өмнөхөн шүүж эхлээд, шүүх хуралдааныг хойшлуулсаар дараа намар нь шийдэж байв. Улстөрчдөөс гадна бизнесийн олон хүн ийм замаар орсон. Тэрнээс хойш зургаан жил өнгөрч.

Тэгэх нь ээ: Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа сунгагдаж болзошгүй болонгуут АН-ын зарим гишүүний л шийтгэлийн явдал хөндөгдөж байна. Өмнөхөнтэй нь цагаадсан хүмүүсийн хэргийг буцааж байгаад дахин шүүгээд ялладаг болов.

З.Энхболдын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 25 оны 2 дугаар сарын 5-нд: З.Энхболдод холбогдох хэрэгт гэмт хэргийн шинж алга, тиймийн учраас хэрэгсэхгүй болгож шийдэж байж. Нийслэлийн шүүх хэргийг буцаасан тул одоогоос нэг сарын өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцлээ. Өмнөх шийдээ өөрчилжээ. Шүүх: З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа уруулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гээд хоёр жилийн хорих ял оноочихов.

Ардаас нь Н.Алтанхуягийн асуудал яригдаж байна. Уул нь: Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээс гурав цагаадсан. Анхан шатны шүүхээс хоёр, давж заалдах шүүхээс нэг цагаадаад байсан. Гэтэл нь: Дээд шүүх Н.Алтанхуягийг шууд нэр заан онцолсон магадлалаар хэргийг доод шат руугаа буцаасан. Түүнийг хоёр жилийн өмнө цагаатгаж байсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуучин бүрэлдэхүүнээрээ орж шүүгээд өмнөх шийдвэрээсээ эрс өөр шийд гаргаж байгаа юм. Дээд шүүхийн чиглүүлснээр өөрчилсөн. Одоо удахгүй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэнэ. Өмнө хоёр цагаатгасан анхан шатны шүүх одоо яаж шийдэх юм, бүү мэд. Энд нэг но-той юмыг ярих хэрэгтэй байх. Дээд шүүх дээр 26 оны 4 дүгээр сарын 21-нд: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага: Онол практик гэдэг хэлэлцүүлэг хийжээ. Тэр дээр Хөгжлийн банкны хэргийг хоёр удаа шүүж, Н.Алтанхуягийг хоёр удаа цагаатгасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгчийг аваачиж байгаад тал талаас нь боорлосон байна. Жилийн өмнө: Энэ бол институци хоорондын асуудал, Ерөнхий сайдын шийдвэрийг шүүх шийдэхгүй гэж байсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар гол дүр болчихсон: Нөхөд өө, Дээд шүүхийн чиглэлийг хэрэгжүүлэхгүй байгаа энэ нөхрийг хэдүүлээ яах юм бэ гэчихсэн сууж байх юм гэнэ. Сэлэм Тогмид аятай. Энэ нөхөр өөрөө шүүхийн онол практикаар олон лекц бэлдсэн, тэрийгээ энд тэнд уншиж явдаг. Тэгсэн одоо өөрөө хараат бус байдлаа алдчихаад, бусдыгаа уриалаад киноны дүр бүтээгээд сууж байх. Ийм л: Өнгөрөгч зууны 37 онд МАН-ынхан бие биеэ буудан хороодог шиг л нухаж орхичих гэсэн хачин хурал болж. Ерөнхий агуулга нь: Дээд шүүхийн шийдвэр, чиглэлийг доод шатны шүүхүүд хэрэгжүүлэх хэрэгтэй гэх өнгө аястай. Гэтэл нь: Эд нарын тэрхүү хурал дээрээ яриад байгаа Дээд шүүхийн хяналт бол Үндсэн хуульдаа, бусад судалгаагаар шүүгчийн хараат бус байдлаас шал өөр юм. Дээд шүүх доод шатны шүүхүүдийн үйл ажиллагаа, сургалт ч юм уу, шүүх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, чиглүүлж болно. Харин шүүгчийн итгэл үнэмшлээр гаргах шийдвэрт нөлөөлөх хориотой. Хараат бус байдалд халдсан хэрэг. Тэрүүгээрээ: Хөгжлийн банкны хэрэг шиг зүг чиг заагаад Нийслэлийн шүүх дээр нь БЭТ томилж, тэрүүгээрээ системийн хэмжээний Сэлэм Тогмид хийлгэж, анхан шалтны шүүхийн шүүгчийг гаргасан шийдвэрийнх нь төлөө буландаж, ад үзэх, цаашаагаа Дээд шүүхийн чиглэлээр шийдэж, өмнөхөө өөрчил гэдэг бол байж болшгүй үйлдэл. Хэрэвзээ: Дээд шүүх дээр дооргүй, шүүхийн бүх түвшний шийдвэрийг гаргачихдаг бол Монгол Улсад 500 гаруй шүүгч байх хэрэг алга. Дээд шүүхийн 25 шүүгчээс бүрдсэн нэгхэн шүүхтэй болчихсон нь амар. Ийм бусармаг үйлдлийн талаар шүүгчид өөрсдөө ч шүгэл үлээж чадахгүй хулчгар байна. Басхүү: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалын сунгалтын төлөөнөө яагаад заавал З.Энхболдыг яллаж, Н.Алтанхуяг дээр барьц олж аваад байна вэ? Ерөнхийлөгчийн сонгууль нэг жилийн дараа болно. Тэр сонгуульд үзвэл боломжит хувилбар нь энэ хоёр улстөрч. АН-аасаа нэр дэвшихэд бараг л гарна. МАН-аас хавьд нь очих нэртэй хүн одоогоор алга. Нарийн жанцан нь энэ. Базах нь ээ: Ерөнхийлөгчийн сонгууль юу юугүй тулаад АН-аас нэр дэвшвэл сонгогдох магадлалтай хоёрын зэрэг улстөрчийг ял оноож жагсаалаас гаргах хууль бус ажил Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалтай дүйцэн үнэлэгдэж ч байх шиг...

Ө.БАТБИЛЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [103.57.92.46] 2026-05-14 14:09:18

Монголын шүүгчид нотлох баримтуудад тулгуурлан хуулийн дагуу хэзээч шийдвэр гаргадаггүй юм билээ. Харин өөрийн үзэл баримтлалаар танил тал, найз нөхөд, эсвэл ,,, хүмүүст үйлчилдэг болчихсон юм биш үү? Бүх шатны шүүгчид ялангуяа анхан шатны шүүгч нар нь хариуцагч талын хүмүүсийг хэл амаар асар их доромжилдог, хариуцагч талд үг хэлэх эрх олгодоггүй, хашгирч загнасаар байгаад өөрийн талын хүмүүсийнхээ талд шийдвэрийг гаргадаг юм билээ. Монгол улсын шүүхэд хэзээч итгэж байгаагүй, цаашид итгэх ч үгүй байх, бүх насаараа маш их гомдож явдаг. Логик сэтгэлгээ нь огт хөгжөөгүй, асуудлын уялдаа холбоог олж харж чадахгүй, нотлох баримтуудыг огт хардаггүй шүүгч нар асуудлыг үнэн зөв шийдэж чадах уу? Монголын шүүх хэтэрхий ялзарсан, цус нь хэт ойртсон газар гэж ойлгодог, багш-шавь/ангийн найз нөхөд, багш нь юмуу ангийн найз нь өмгөөлөгч болоод орж ирэхэд шавь нар/нөгөө найз нар нь уг асуудлыг багшийнхаа/найзынхаа талд 100% шийддэг биз дээ? Шүүгч нар бүхэлдээ дотоодын бүтээгдэхүүн, хараат юм биш үү?

Зочинзочин [202.126.91.133] 2026-05-14 12:30:14

Энэ нөхдүүд Ганзоригоос их айж байгаа юм байна даа.ингэж цахимар баахан сэвж байгаад өөрсдийн дэмждэг хүмүүсэй болоосой гэж мөрөөдөж байгаа юм уу даа.бас шүүгч нар нэрээ татсаг гэчихжээ.хугацаа нь дуусаа гүй байхад нэр татна гэж юу байхав дээ

Зочин [202.72.243.182] 2026-05-14 12:07:54

Энхсайхан, Баярцогт нарыг шүүхдээ нонхууд л үйлчилсэн бх аа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.