Н.Туяа: Хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлбөл иргэдэд том дэмжлэг болохоос гадна худалдааны эргэлт нэмэгдэж ажил эрхлэлт, бизнест эергээр нөлөөлнө
Эдийн засагч Намсангийн Туяатай ярилцлаа.
-Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, ард түмэнд хүнд тусч байна. Хэрэв манайх Япон шиг хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлбөл инфляци буурах боломжтой юу?
-Дэлхийн улс орнууд олон улсын геополитикийн болон дотоодын эдийн засаг, засаглалын нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлуудтай тулгарч Засгийн газрууд өөр өөрийн бодлогын хариу арга хэмжээ авч байна. Үүний нэг жишээ нь таны асуусан Японы Ерөнхий сайдын мэдэгдэл, иргэдийнхээ худалдан авах чадварыг хамгаалсан татварын богино хугацааны арга хэмжээ юм. Инфляцийн нөлөөгөөр Япон улсад хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа нь өрх гэрийн амьжиргаа, хүмүүсийн бодит орлогыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж байна гэж үзэж хэрэглээний татвараас хүнсний өргөн хэрэглээний сагсны бүтээгдэхүүнийг хоёр жил чөлөөлж, найман хувийн хэрэглээний татварыг тэг болгохоор шийдвэрлэж хуулийн болон техник ажлын тохиргоо хийж эхлээд байна. Энэ бэлтгэл ажил хангагдангуут өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний татвар тэг хувь болж өрхийн амьжиргаа, бодит орлогод бодитой хамгаалалт болно гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Ер нь улс орнууд эдийн засаг, санхүүгийн хямралын үед нэн тэргүүнд өрхийн амьжиргаа, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, цаашлаад нэн шаардлагатай хэсэгт дэмжлэг үзүүлэх бодлого авч хэрэгжүүлдэг. Энэ үед бусад энгийн үеийн төсвийн зардлын горимуудыг хязгаарлаж, элдэв тансаглал, тэвчиж болох зардлыг танах, хойшлуулж болох том хөрөнгө оруулалтыг царцаах зэрэг зохицуулалтыг хийдэг. Манайд мөн ийм бодлогын арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Макро эдийн засгийн үзүүлэлтээс харахад 2026 оны эхний улирлын байдлаар ҮСХ-ны мэдээлллээр инфляци 7.5 хувь, шинжээчдийн түүвэр судалгааны тайлангаар 7.9 хувь байна гэж тооцоолсон байна. Албан статистик инфляци нам дор мэт боловч айл өрхийн хэрэглээнд биет хэмжээгээр болон өрхийн төсвийн мөнгөн дүнгээр хамгийн өндөр хувийг эзэлдэг махны үнэ гэхэд бараг хоёр дахин өссөн байна. Энэ нь өрхийн төсөвт нэлээд өндөр ачаалал өгч байгаа нь өрхийн бодит орлогод маш хүчтэй дарамт болж байна. Үүнийг хүмүүс маш их бичиж ярьж арга хэмжээ аваач гэж шаардаж байгааг бид өдөр бүр харж байна. Өдөр бүр зайлшгүй хэрэглэдэг хүнсний гол бүтээгдэхүүн махны үнэ огцом өссөн нь цалин, орлого багатай өрхүүд, тэтгэврийнхэнд маш хүнд тусч байна. Тиймээс Засгийн газраас богино хугацааны бодлогын арга хэмжээ болгож хүнсний гол нэрийн мах, гурил будаа, талх, сүү гэх мэт бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд НӨАТ-аас чөлөөлвөл үнэ буурах, ядаж өсөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ. Урт хугацаанд НӨАТ төдийгүй татварын системийг бүхэлд нь тогтолцооны хувьд тэнцвэржүүлэх, дундаж давхаргыг тэлэх, ажил эрхлэлт, бизнесийг дэмжих, баялгийн хуваарилалт дахь гажуудлыг арилгах, улс орон нутгийн төсвийн эрх мэдлийг оновчтой хуваарилах гэх мэт цогц шинэчлэл зайлшгүй тулгамдаж байгаа.
-Монголд бараа үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх дамжлага бүрд НӨАТ давхар, давхар шингэж очдог. Үйлдвэрлэгчээс бөөний төвийнхөн НӨАТ төлж авна. Бөөний төвийнхнөөс жижиглэнгийнхэн НӨАТ-тай үнээр нийлүүлнэ. Тэднээс иргэд дахиад НӨАТ -тай үнээр худалдаж авна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хэр их дарамт үзүүлдэг вэ?
-Бараа үйлчилгээний үнэд бүх төрлийн татвар шингэсэн байдаг. Үүний дотроос шууд нөлөөтэй нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар юм. НӨАТ нь өртгийн сүлжээний дамжлага бүрд нэмэгдсэн өртөгт оногдох хэмжээгээр нэмэгдэж үнэ тогтоход шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч төлдөг татвар гэдгээрээ хэрэглэгчид буюу иргэдийн бодит орлогод шууд нөлөөлдөг. Нэг үгээр хэрэглээний татвар буюу бид талх авах бүрдээ төлж байна. Тэгэхээр айл өрхийн амьжиргааны зардалд дарамт үзүүлж байгаа нь тодорхой. Хялбарчилж хэлэхэд, таны худалдан авч байгаа бүтээгдэхүүний үнийн 10 хувь нь НӨАТ гэж ойлгож болно. Тиймээс татварын бодлогын шинэчлэл хийхдээ энэ татварын бизнес болон өрхийн амьжиргаанд нөлөөлөх байдлыг маш сайн үнэлж хуулийн шинэчлэлээ хийх шаардлагатай. Олон хувилбар яригддаг. НӨАТ бол татвар биш, бүртгэлийн арга хэрэгсэл гэж нэг хэсэг нь ярьж байхад татварын босгогүй болгоод хувь хэмжээг нь таван хувь болгож хоёр дахин бууруулъя, эсхүл босгыг өндөрсгөж бизнесээ томрох боломжоор хангая гэх мэт саналуудыг судлаачид, бизнес эрхлэгчид, иргэд ярьдаг. Тиймээс энэ хувилбар бүр дээр үр дүн, нөлөөллийн судалгаа хийж байж зохистой хувилбараар НӨАТ-ын хуулийг шинэчлэх хэрэгтэй. Энэ хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бодитой байгаа.
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас бүрэн чөлөөлбөл богино хугацаанд үнэ хэдий хэмжээгээр буурах боломжтой вэ. Иргэд бодитоор хямдралыг мэдэрч чадах уу?
-НӨАТ үнэ тогтоход дор хаяж шууд 10 хувийн нэмэгдэл өртөг үүсгэж байгаа учраас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг энэ татвараас чөлөөлбөл үнэд шууд нөлөөлнө. Энэ нь нэг талаас хямралын үед өрхийн бодит орлого, иргэдээ ядуурлаас хамгаална, ялангуяа олон хүүхэдтэй орлого багатай өрх, тэтгэврийнхэнд маш том дэмжлэг болно. Мөн хэрэглээг дэмжиж жижиг бизнесүүдийн орлого нэмэгдэх замаар эдийн засаг, төсвийн орлогод ч дам эерэг нөлөө үзүүлнэ.
-Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монголд өргөн хэрэглээний барааны үнэ буурсан бодит жишээ байна уу?
-Улирлын чанартай богино хугацааны үнийн хэлбэлзлийг үл тооцвол өргөн хэрэглээний үнэ тууштай буурсан тохиолол байхгүй. Шалтгаан нь инфляциас гадна бид үйлдвэрлэгч бус бүтээмж доогуур, өрсөлдөөн бага зэрэг хүчин зүйлүүд байна. Эцсийн хэрэглэгч өрх гэрүүд, иргэдийн орлого хангалттай бол тодорхой нам инфляци амьжиргаанд нөлөөлөх нь бага. Манай тэтгэвэр цалин инфляцийн өсөлтөө гүйцэхгүй байгаа нь асуудал юм. Гэтэл маш бага цалин орлогоос нь хуулиар тэгшитгэсэн хатуу татвар авч байгаа тогтолцоо буруу. Манай хууль тогтоогчид огт судалдаггүй юм уу, залхуу байдлаар хууль тогтоож байна гэж санагддаг.
-Тэгвэл олон улсад ямар сайн туршлага байна вэ?
-Олон улсын татварын систем, түүний дотор хувь хүний орлогын татварын бодлогыг судлаад үзэхээр манайх шиг ямар орлоготой, хэдэн хүн ардаа тэжээж авч явдаг гэх мэт нийгмийн байдлыг харгалзахгүйгээр хатуу 10-25 хувийн татвар тулгадаг улс бараг байхгүй. Жишээлбэл, Герман, Швейцарь зэрэг баруун Европын улсууд хувь хүний гэхээсээ өрхийн татварын бодлоготой байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэр бүл хэдэн хүүхэдтэй, өөр асаргааны гишүүнтэй эсэх, хэдэн хүүхэд сургуульд сурдаг гэх мэт гэр бүл, нийгмийн асуудлыг харгалзаж татварын хэд хэдэн категоритой, түүнээс тухайн гэр бүл өөрөө сонгож татвараа тодорхойлж төлдөг. Нэг үгээр хэлбэл, тухайн гэр бүл эхний ээлжинд амьжиргааны наад захын орон гэр, хоол хүнс, эрүүл мэнд, боловсролын хэрэгцээгээ хангах хэмжээгээр татвараас чөлөөлж илүү орлогод татвар ногдуулах зарчимтай байна.
Тиймээс манай татварын шинэчлэлийн хамгийн чухал концепцийн өөрчлөлт хувь хүний орлогын албан татварын системээс гэр бүлийн буюу өрхийн татварын системд шилжих ёстой гэж эдийн засагчийн хувьд бодож, бичиж санал болгож явдаг. Манайд Засгийн газраас бүсийн орлогын амьжиргааны баталгаажих түвшин гэж тогтоодог. Энэ амьжиргааны орлогын түвшингээр гэр бүлийн гишүүний тоонд дүйх орлогыг татвараас чөлөөлөх нь хамгийн үндэслэлтэй шийдэл болно. Ингэвэл өрх гэр ядуурлаас хамгаалагдах, дундаж давхарга тэлэх, ажил эрхлэх сонирхол бодитоор нэмэгдэх, улмаар халамжийн зардал буурах, эдийн засагт бүтээмж нэмэгдэх гээд эерэг нөлөөллийг тоочоод баршгүй.
-НӨАТ-аас чөлөөлбөл төсвийн орлого буурна гэсэн болгоомжлол байдаг. Гэхдээ үүнийг эдийн засгийн идэвхжил, хэрэглээ өсөх замаар нөхөх боломжтой юу?
-Татвар бол нэг талаас төсөв бүрдүүлдэг боловч нөгөө нэг чухал үүрэг нь эдийн засгийн салбарын бодлогыг үр дүнтэй хэрэг-жүүлэх, нийгмийн давхарга хооронд баялгийн хуваарилалтыг оновчтой хийх, бизнес бүтээмжийг дэмжих гэх мэт маш чухал санхүүгийн хөшүүрэг юм. Тэгэхээр нөатгэлтгүй дээр хэлсэн хувь хүний орлогын албан татвар шиг уян хатан ухаалаг татварын бодлого хэрэгжүүлж чадвал бизнес эдийн засгаа ч хөгжүүлж, төсвөө ч бүрдүүлэхэд асуудал үүсэхгүй. Өнөөдөр төр хэт данхар болсныг сүүлийн 10 жилд төсвийн орлого тав дахин нэмэгдсэнээс харж болно. Төсвийн зарлага ДНБ-ий бараг 40 хувь хүрч байгаа. Хэдэн жилийн өмнө ДНБ-ий 27 орчим хувь байсан. НӨАТ, цалингийн татварыг бууруулах нь хамрах хүрээ маш өргөн, өөрөөр хэлбэл хүн бүр, өрх бүрд хамаатай татвар учраас дам нөлөө нь маш эерэг гэдгийг онцлохыг хүсч байна. Харин газар, баялгийн ашиглалт маш сул, эрх мэдэлд ойр цөөнх илүү ашигладаг, энэ салбар авлигад маш их өртсөнийг бид бүгд мэднэ. Хэрвээ баялгийн салбарт хуулийг чанд хэрэгжүүлж авлигыг бууруулж чадвал төсвийн орлогод санаа зовох асуудал байхгүй. Дэлхийн банкнаас 2015 онд хийсэн Улаанбаатар хотын газрын менежмент судалгаагаар нийслэл хот маань газрын авлига, менежментийн дутмагшлаас шалтгаалж 2012 оны төсвийн орлогоор тооцоход 22-77 жилийнхээ төсөвтэй тэнцэх орлого алджээ гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тухайн судалгааны мөрөөр ямар ч арга хэмжээ, хуулийн шинэчлэл хийгээгүй, байдал яг хэвээрээ байгаа. Өнөөдрийн түгжрэл, утаа, эрчим хүчний дутагдал зэрэг томоохон асуудлууд үүнтэй холбоотой.Төсөв хэцүүдээгүй, харин данхар төсвийн төлөө татвараар дарсан иргэд бизнес нь сөхөрч байгааг бодит байдал өдөр бүр харуулж байна. Жишээ нь, нийслэлийн иргэд нь амьжиргаа нь улам хүндэрч байхад нийслэл нь түгжрэлийг бууруулах нотолгоо судалгаагүйгээр 2.3 их наядаар 32 км зам барих ажлыг хууль бусаар эхлүүлж 500 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид аль хэдийнэ өгсөн асуудал ид шуугиан дэгдээж байна. Тэгэхээр төсөвт мөнгө байхгүй биш, харин ч хахаж цацаж байх шиг.
-Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргавал ямар давуу тал хамгийн түрүүнд гарах вэ?
-Хамгийн түрүүнд орлого багатай, олон ам бүлтэй өрх, тэтгэврийнхэн, ядуу айл өрхөд маш том дэмжлэг болно. Талх, мах, сүү, өндөг, гурил гэх мэт өдөр тутмын хэрэгцээгээ хангахад дэм болно. Жижиг дэлгүүр, худалдааны эргэлт нэмэгдэж дам утгаараа ажил эрхлэлт, бизнест эергээр нөлөөлнө.
М.МӨНХЦЭЦЭГ































































Сэтгэгдэл