Р.Нямдорж: "Аав сайн бол айл сайн. Айл сайн бол улс сайн" гэж ярьдаг шүү дээ

Aдмин / Нүүр

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Нямдоржтой айл гэрийн ноён нуруу болох аав хүний талаар ярилцлаа.


-Монгол түмэн таны нутгийн харчуулыг “Алтайн хөх харчууд” гэж хүндэтгэн ярьцгаадаг. Чухам энэ яриа яагаад гарсан юм бэ. Энэ нь танай нутгийн эрчүүдийн эр зориг, ёс жудагтай холбоотой юу гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Алтай нутаг өөрөө ширүүн уур амьсгалтай. Өдрийн цагаар нам дор газартаа зун болоод ногоо ургаж, цэцэг дэлгэрээд байж байхад ууландаа цас орж байдаг. Эрс тэс тийм уур амьсгалтай. Ер нь тогтуун дулаан, газар амьдардаг хүмүүс түүндээ дасан зохицож тэсвэрлэх чадвар нь тогтчихож байгаа юм. Биднийг хүүхэд байхад сумын төвд нам дор газар налгар дулаан нар шарж байхад дан тэрлэгтэй ууланд тарвагачилж гарахад гэнэт цас ордог байхгүй юу. Ийм л эрс тэс уур амьсгалтай нутаг. Тийм газар амьдардаг хүмүүс чинь тэсвэрлэх чадвар өндөртэй байдаг юм билээ. Нөгөө талаас Монгол Улсын Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” роман дээр Засагт ханы хөх харчууд гэдэг өгүүлбэр гардаг. Ч.Лодойдамба гуай өөрөө Говь-Алтай аймгийн Тайширын хүн. Энэхүү романы гол баатар тэр нутгийнх. Ардын хувьсгалын 50 жилийн ойн хүрээнд бүтээлийн уралдаан зарлаад тэргүүн байранд “Тунгалаг тамир” роман, дэд байрт Төрийн хошой шагналт зохиолч Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” роман түрүүлсэн байна лээ. Тэр үед авьяас гэдэг маш өндөр шалгуурын дотроос гарч ирдэг байсан. Маш хүчтэй хүнд нөлөөлөх сэдэв, санаанууд хөндөгдсөн юм. Тэр Засагт ханы хөх харчууд гэдэг нэр томьёо байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх тэр өндөр чадвар, шинж чанар нь нийлээд Алтайн хөх харчууд гэгдэх болсон. Засагт хан гэдэг нь гал голомт Алтай нь юм. Тийм учраас Алтайн эрчүүд шазууртай, хэр баргийн байцаалтад өчгөө өгөхгүй, тэсээд гардаг тэр чадвар нь байж байгаа юм билээ. Нэгдүгээрт удмын генд нь байдаг байх. Хоёрдугаарт байгаль цаг уурын эрс тэс нөхцөл байдлыг тэсвэрлэн гардаг тэр чадварт байдаг байх.

-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй их сүрлэг биерхүү хүмүүс харагддаг шүү. Бас их ажилсаг хөдөлмөрч хүмүүс гэдэг?

-Хүнд ямар нэгэн хэцүү нөхцөл байдал тулгарах тусам өөрөө чадварыг олоод байдаг.

Тэрэнд хүн унахгүй, давж л гардаг. Жишээ нь, Тэр эрс тэс уур амьсгалд ажилсаг, сийрэг оюун ухаантай хүмүүс л аливааг даваад гарна шүү дээ. Тийм ч учраас бид хар багаасаа ажилсаг хөдөлмөрч байдалд хүмүүжиж төлөвшсөн байдаг. Яагаад багаасаа ажилсаг болсон бэ гэхээр манайх 10 хүүхэдтэй айл байсан. Аав, ээж минь хоёулаа биерхүү.Аавын тал оюунлаг, ээжийн тал бөхийн удамтай тийм л айл байлаа. Манай аав чинь язгууртан айлын хүүхэд байв.

Нэг ёсондоо гайгүй ген дундаас бид төрчихсөн. Дээд талын зургаа нь эрэгтэй хүүхэд. Бүгд биерхүү хөвгүүд байв. Тиймээс аав минь биднийг багаас нь хөдөлмөрт сургаж байсан. Ямар ажил хийлгэж байв гэдэг нь их сонин. Одооны хүүхдүүдэд, ялангуяа сонин сонсогдоно. Барилга барьдаг тоосгыг бид хөдөө нутагт өөрсдөө цохиж хийдэг байсан. Нэг тоосго тавхан мөнгө. Манай гэр бүл жилдээ 20.000 тоосго цохино. Бид бакаал, шарваар гэдэг өмдийг тэсгээдэггүй, хоорондоо их ноцолдож барилддаг хүүхдүүд байлаа. Тэр тоосго хийх процесс бидэнд их зүйл өгсөн гэж боддог юм. Шавраа урьд шөнө нь бэлтгэнэ, маргааш нь ямар ч хүйтэн, халуун байсан тэр тоосгоо бүгдийг нь хийж дуусгаж байж явцгаадаг. Өнөөдрийг хүртэл юу эсийг туулахав. Магадгүй намайг амжилттай хүн гэж хэлбэл тэр үеийн энэ ажил надад ямар ч цаг үед тууштай, тэсвэр хатуужилтай байхад сургасан гэж боддог юм.

-Таны аав хоёр ч дайнд оролцсон цэргийн хүн байж. Үр хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрт “дурлуулж”, тэсвэр хатуужилд суралцуулсан аав тань хувь хүнийхээ хувьд ямар хүн байв?

-Манай аав ээжээс 17 ах хүн байсан. Өмнө нь цэргийн дарга байхдаа хоёр ч удаа гэрлэсэн хүн юм билээ. Аав минь хоёр дайнд оролцсон хүн. Аавыг ээж нь дуудсаар байгаад нутагтаа ирүүлсэн. Бага дэслэгч хүн байсан. Тэр үеийн “бага дэслэгч” гэдэг бол одоогийн бараг хурандаа гэж хэлмээр тийм ховор цолтой, сүрлэг харагддаг хүн байсан. Аав маань язгууртан хүн байсан учраас багаасаа бичиг үсэгт боловсорч суралцчихсан. Тухайн үеийн Чандмань сумандаа л өндөр боловсролтой хүн байв. Аав цэргээс халагдаад хоёр жил Чойбалсан-Улаанбаатар хооронд наймаа хийж хөлжчихсөн, сумандаа өндөр боловсролтой цэмцгэр хүн ирсэн.Тийм байх үед нь айлын 17 настай охин нүдэнд нь туссан юм билээ. Тэр үед чинь их бүдүүлэг байсан. Айлын охиныг хонь хариулах үед нь бараг аваад суучихдаг байлаа шүү дээ. Харин аав минь тэр үеийн залуусаас арай соёлтойгоор ээжийг минь хонь хариулж явахад төө хэр буучихдаг. Тэгээд алсаас хараад, хоорондоо ярилцаад яваад байж. Тэгж байгаад нэг өдөр алга болчихсон. Ээж минь бусад залуусаас “айдаг” байсан бол нөгөө хүн ирэх болов уу гэж хүлээдэг болсон гэнэ лээ. Тэгж л аав, ээж минь нэгэнтэйгээ нийлсэн хүмүүс. Ер нь нэг онол байдаг. Насны зөрүүтэй улсаас генийн хувьд өндөр чадамжтай, чадварлаг хүмүүс төрдөг гэсэн дэлхийн судалгаа

байдаг. Бас ээж минь өндөр боловсролгүй ч төрөлхийн хар ухаантай, торгон мэдрэмжтэй, төрөлхийн донжтой, нэг тийм аливаад сууриар нь харж, бодож хийдэг часхийсэн бүсгүй байсан. Аав бол боловсрол өндөртэй байсан учраас биднийг нэгдүгээр ангиас эхлээд өөрсдөө гэрээр давтан сургаж, бэлтгэж явсан. Ингээд багаас нь хэвшүүлчихсэн учраас аавыгаа амьд мэнд байх үед бүгд онц сайн гарамгай суралцсан. Ийм л гэр бүлд өссөн байна. Биднийг боловсролтой болгосон нь аавын минь ач гавьяа, биднийг энэрэнгүй, зөөлөн болгосон нь ээжийн минь нөлөө. Өөрөөр хэлбэл, хоёр сайн хүний дундаас төржээ гэж бид бодож явдаг. Миний сайн яваа, эрдэмтэй яваа минь зөвхөн минийх биш ээ. Ямар азаар ийм сайхан хүмүүсээс төрсөн юм гэж боддог юм. Манай аав ээжийг 37-хон настай байхад нас барсан. Бид чинь нас ахих тусам л аав ээжийнхээ ачлал, ерөөлийг их ойлгох юм. Бага залуудаа мэдрэхгүй, мэдэхгүй яваад сүүлд л одоо ухаарч биднийг энэ амьдралд суурь сайтай, зөв өсгөсөн юм байна даа гэж их бодох болжээ.

-Өндөр уул мэт нөмөрлөж байсан аав эзгүйрэх тэр орон зай хүүхдүүдэд хүнд туссан байх?

-Миний ээж бага залуу насандаа ганцаар олон хүүхдүүдтэй үлдсэн. Намайг 9 дүгээр ангид байхад аав минь өнгөрсөн. Тэр үед бид ээжийгээ сайн ойлгоогүй ч одоо маш их өрөвдөж хайрладаг. Залуу хүнийг сууя, барья гэдэг хүн байсан ч бид аавыгаа бодоод хайрласандаа эрс эсэргүүцдэг байсан. Аавыгаа ийм хурдан өнгөрнө гэж тэр үед бүгд төсөөлөөгүй. Аав минь өвдөж байгаад нас барсан. Би аавыгаа зөнгөөрөө мэдэрдэг байлаа. Өмнөх өдөр нь ээжийгээ өнгөрлөө гэж дэрээ нортол зүүдэлж хоносон. Харин зүүд эсрэгээрээ тайлагдсан. Гэхдээ тэр үед “Аавынхаа биеийг муу гээд байсан чинь ээжийгээ би хайрлаагүй байна шүү дээ” гэж бодоод зүүдэндээ зөндөө уйлж хоносон байсан. Тэр өглөө цахилгаан ирж “Аавын чинь бие муу байна” гэсэн. Тэгээд очоод аавыгаа гэдгийг дуулаад учиргүй чарлаад уйлаад унасан, хүлээн зөвшөөрч чадахгүй. Ингэж аавыгаа би мэдэрч байсан юм. Надаас хоёр дүү Давааням маань уйлж орилсон намайг нөгөө гэрт чирж оруулаад загнаж билээ. Энэ бол ертөнцийн жам ёсных гэдгийг надад ойлгуулсан. Тэр үед би дүүгийнхээ ухааныг биширсэн. Бөх ухаан гэдгийг тэндээс мэдэрсэн. Боловсрол, зэрэг зиндаа, эрх мэдэл гэх мэт.

-Олон хөвгүүдтэй айл дуу шуугиантай, хөл хөдөлгөөнтэй, бас хөвгүүдийн дунд дэггүйтэл гардаг гэдэг. Та нарыг аав тань багаасаа дэг журамтай, хөдөлмөр, боловсролоор хүмүүжүүлжээ?

-Тийм ээ, яах аргагүй хөдөлмөрөөр биднийг хүмүүжүүлсэн. Ямар ч дэггүйтэл, сахилгагүйтэл бидэнд байгаагүй. Яагаад гэвэл биднийг хөдөлмөрөөр хүн болгочихсон. Тэр тоосгыг хийж бүтээх чинь бараг бясалгал байсан шүү дээ. Нартай, бороотой, салхитай үед ч тоосгоо хийнэ. Орой нь очоод сүүтэй будаагаа идэцгээнэ. Тэгээд оройны ажлын дараа хооронд нь барилдуулчихна. Тэр хавийг халцартал барилдуулдаг байсан. Манай аав их мундаг хүн. Эдэн дунд нэг юм байна аа гээд аль эрт олоод харчихсан хүн байсан юм билээ. Биднийг цөхрөхгүй, аливааг туулж чаддаг болгож хүмүүжүүлсэн. Тийм ч учраас ямар ч тэмцэл бүхэнд цөхрөхгүй босч чаддаг болгосон. Би чинь бөхийн холбоонд 60 шинэ зүйл хийчихсэн хүн шүү дээ. Тэр бүхэнд ямар олон бэрхшээл, тэмцэл байсныг тэр бүр ярьдаггүй байсан. Өнөөдөр бол өөрөөрөө бахархмаар санагддаг болсон байна лээ. Аавын маань суулгасан хөдөлмөр, спортын хүчээр энэ бүхнийг давжээ гэж боддог. Гайхамшигтай азтай хүн байхгүй юу, би чинь. Одооны хүүхдүүд их өөр байна. Уг нь хөдөлмөр л хүнийг бүтээдэг гэдгийг өнөөгийн хүүхдүүдэд ойлгуулмаар санагддаг юм. Цаг үе нь өөр юм даа. Гэр бүлийн хүмүүжил гэдэг бол том зүйл. Нийгмийн бүхий л юмнаас маш хүчтэй нөлөөлөх зүйл бол гэр бүлийн хүмүүжил байдаг. “Аав сайн бол айл сайн. Айл сайн бол улс сайн” гэж ярьдаг шүү дээ. Тийм л юм билээ.

-Ааваас хойших таны амьдралд хамгийн нөмөр болж түшсэн хүн Б.Чимэд багш уу?

-Аравдугаар ангиа төгсөхөд аав минь өнгөрчихсөн байсан болохоор ямар сургуульд сурах вэ гээд сонголт хийх үе тохиож байгаа юм. Би чинь “Онц” төгсчихсөн. Тэгээд Анагаахад сурдаг ахаасаа асууж байгаа юм. Тэр үед “Чи их сургуулийн цэвэр ангид ороорой” гэж зөвлөв. Цэвэр анги гэдэг нь ямар учиртай вэ гэхээр тоо, физикийн дагнасан ангийг хэлээд байгаа юм. Тэгээд физикийн ангийг сонгосон. Энэ ангийг төгссөндөө маш их баярлаж явдаг. Физикийн ангийг төгссөний дараа нутагтаа явна гээд бодож явтал 1977 онд Б.Чимэд багштайгаа тааралдсан нь их азтай үйл явдал гэж бэлгэшээдэг. Тэр хүн намайг хуулийн салбарт татан оруулсан ачит хүн. Ааваас хойших намайг гэсэн хүн гэх юм уу даа. Талархахгүй байхын аргагүй хүн. Тэр үед чинь бүх зүйл шударга байсан. Хэн хэнийгээ танихгүй, мэдэхгүйгээр амжилттай сайн сурч байгаа хүүхдүүдийг дэмжээд татаад авчихдаг байлаа шүү дээ. Одоо бодож байхад дээрээс чиглэл өгсөн юм билээ. Их сургуулийн захирал Содном гуай физикийн ангиас төгсөж байгаа нэг хүүхдийг криминалистикийн багш болго гэж үүрэг өгсөн юм байна лээ. Тэгээд гайгүй сурсан гурван хүүхэд үлдээсэн. Нэг нь манай Данзан шүү дээ. Миний насаараа найзалж яваа найз минь юм. Нөгөө нь хожим Монголын том эрдэмтэн болсон Жадамбаа байв. Намайг хуулийн салбар руу, нөгөө хоёр маань физиктээ үлдэж байгаа юм. Ингээд надад хуулийн мэдлэг хэрэгтэй болохгүЙ юу. Тэгээд Чимэд багш намайг хуулийн оройны ангид оруулчихсан. Өдөр хичээл заана, орой нь өөрөө хуулийн чиглэлээр суралцана. 1982 онд МУИС-ийг хоёр төгссөн ганцхан хүн байсан нь би болж таарсан. Одоо бол хүссэн хэн ч хэдэн ч Их, дээд сургууль төгсөж болдог болж. Тэр үед ховор тохиол байв.

-Та Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ Монголын идэр залуу бөхчүүдээс эхлээд аваргуудтай ойр байж, тэднийг нэгтгэн зангидаж, удирдаж ажилласан хүн шүү дээ?

-Монгол сайхан эр хүнийг монголчууд бөхөөр төсөөлж ойлгодог шүү дээ. Бөх гэдэг бол янз бүрийн мэргэшсэн, өндөр боловсролтой байна гэсэн үг биш. Бөх ухаан гэж зүйл байдаг юм. Тэр бол тийм юмыг хэлнэ гэж шууд хэлэхгүй ч ямар ч боловсролоос хамаарахгүй, ямар эцэг эхээс төрснөөс хамаардаггүй, нэг тийм суурь ухаан байна гэсэн үг. Бөх хүн гэхээр зөвхөн бяр тэнхээгээр шууд төсөөлж болохгүй, байгалиасаа заяасан ухаан гэж хэлмээр. Тэрийг бол хүнд зааж бий болгодоггүй, төрөлх өгөгдөл, ухаан байдаг юм. Монголын сайхан эр хүн гэхээр бие бялдар, зан чанар, тэгээд төрөлх бөх ухаан орно. Өнгөрсөн хугацаанд би тэдэнтэй ойр ажиллахдаа бидэнд бөх ухаан гэж эрхэм зүйл бий шүү гэдгийг бөхчүүдээсээ олж харсан.

-Та монголын гэр бүлийн өрхийн тэргүүн рүү хандсан, ном бүтээл болон үйл хэрэг, нийгмийн гэгээрлийн ажлууд хийж байгаа. Сайн аавын 26 шинж гэж ярьж байна. энэ талаараа ярихгүй юу?

-Өнөөдөр Монголд амьдрал нь дорой байна гэж айл өрхүүдийг халамжилдаг биш, харин ажиллах байр бий болгож хөдөлмөрт дурлуулж, тэдэнд боломж гаргаж өгдөг болох хэрэгтэй. Үнэхээр ажиллах боломжгүй, эрүүл мэндийн асуудалгүй л бол хүн бүр хөдөлмөрт шимтэн дурлах хэрэгтэй. Хар багаас нь хүүхдүүдийг хөдөлмөрт сургах хэрэгтэй байгаа юм. Манай Данзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Энэ талаар түүнд олон санал хэлээд явж байгаа. Тэр дунд бидний энэ ярьж байгаа сэдэв яригдаж байгаа. Би дээр өөрийн аав дээр хэллээ шүү дээ. Аав сайн бол айл сайн гэж. Энэ үнэн шүү дээ. Айл гэр ааваар овоглодог байхгүй юу. Аав, ээж үр хүүхдээ өсгөхдөө адил тэнцүү үүрэгтэй байдаг. Харин аав сайн бол тэр айл бүр ч сайн байна. Улмаар улс орон сайн байна гэдгийг хэлээд байгаа юм. Эрчүүд маань энэ номноос эр хүний 26 чанарыг уншаад өөр дээрээ тестэлж, өөртөө бий болгох хэрэгтэй байна. Тийм учраас бид өөрт буй туршлагаа бусдадаа түгээж, улс орныхоо бүх залууст хүргэж, монгол эрчүүд илүү өсч хөгжиж байж ус орон маань сайхан болно.

-Наадмын ногоон дэвжээн дээр таны тогтуун сайхан зогсож байгаа гэрэл зураг байдаг. энэ үед таны хүү үзүүр, түрүүнд барилдаж амжилт гаргаж байж. Тэр үед танаас гарах тэр сэтгэлийн хөдөлгөөн, биеийн хэлэмж их тогтуун харагдаж байна лээ.Тухайн агшинд та юу мэдэрч, юу бодож зогссон бол?

-Тэр үед би Монголын бөхийг толгойлж яваа хүн байхгүй юу. Би монгол бөхөд 30 жил нарийвчилсан болон судалгааны ажил хийсэн байна.Монгол бөхөд Данзан бид 60 шинэ зүйл хийсэн гэж би цухас ярьсан шүү дээ. Бөхийн холбоо, Бөхийн өргөө, Бөхийн их хурал, бөхийн гарьд, харцага гэж цол байгаагүй гэх мэтээр 60 шинэ зүйл бид хийсэн байна лээ.Тэгээд л бодоод бөхийн холбогдолтой маш олон маргаантай асуудлыг шийдчихсэн. Тухайлбал, амжилтын эрэмбээр ам авдаг болгочихсон нь их шударга болсон. Энэ мэт юмнуудыг хийгээд ирэхээр монгол бөх гэдгийг томоор харна уу гэхээс ганц хүний амжилтаар хэмжиж харахгүй болчихож байгаа байхгүй юу. Миний л хүү сайн барилдвал боллоо гэж огт бодохоо больчихож байгаа юм. Хоёрдугаарт, сэтгэлээ тогтоох чадвар надад өндөр байдаг. Миний дүү Давааням, түүний хүү, ач нар гээд байна. Надад үзсэн юм их байна. Монголчууд ярьдаг шүү дээ. Нүд тайлна гэж. Гуравдугаарт, өөрт минь нэг сайн чанар байдаг. Ямар ч сайн юм, ямар ч муу юманд төв байж сурсан явдал. Энэ бол Буддын сургаал юм. Миний хүү 6 даваад надад ирж үнсүүлэхээр ард ирээд зогсоход би үнсээд л чимээгүй сууж байсан. Урд сууж байсан жинхэнэ бөх сонирхогчид алга ташаад л байж билээ. Сайхан мэдрэмж шүү дээ. Бас нэг зүйл хэлэхэд, “Хамгийн муу үр дагавартай эвлэр” гээд сайхан үгс байдаг шүү дээ. Миний хүү унаж болно, давж ч болно гэж хэлдэг. Аль алиныг нь эрт хүлээн зөвшөөрчихсөн хүн чинь үсэрч дэгдэж, сэтгэлээ барихгүй дэгж дэрвэнэ гэж байхгүй. Сэтгэл зүйн арга гэх юм уу даа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.Нандинцэцэг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.